2015/08/18

Гэгээн Мариа Сүмийн баяр

Манай "Гэгээн Мариа Сүм" ойн баяраа жил бүрийн Мариа Эх Тэнгэрт заларсан тэмдэглэлт өдөр тэмдэглэдэг билээ. Энэ жил 8.16ны ням гаригт  тохиосон бөгөөд баярын арга хэмжээг миса болон яармаг худалдаа гэсэн хэлбэрээр явуулсан юм. Баярын миса 10.30д эхлэсэн бөгөөд мисанд Хамба лам Венсэслао Падилла, фр.Пиер болон фр.Иаков нар хүрэлцэн ирж фр.Томасын хамт удирдан явуулсан билээ. Мөн мисанд бүх бүлгэмийн итгэгч нараас гадна бусад паришийн итгэгч ахан дүүс ч мөн адил хүрэлцэн ирж хамтдаа залбирч, баярын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байв. Хамба лам номлолдоо Мариа Эх ямар хүн байсан тухай маш дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөд  түүнд Христчин хүний сайн сайхан зан чанар шингэсэн байгааг дурдаад, хүн бүр түүнээс үлгэр дуурайл авч амьдрахыг уриалсан билээ. Мариа бол итгэл бишрэлээр Тэнгэрбурхантай ойр дотно байсан учраас Тэнгэрт заларсан бөгөөд бид бүхэнд урам зориг өгч, бас биднийг үргэлж өөрийн Хүүгийн адил анхаарч, бидний төлөө залбирч, тайтгаруулж өгдөг билээ хэмээн бид бүхэнд  сургаалиа олонтаа хайрласан билээ. Мөн паришийн лам фр.Томас итгэгч ахан дүүс нартаа хандаж 2022 он хүртэл хамтдаа алхацгаая гэсэн уриаг дахин сануулж, урам зориг билэглэж байв. Ийнхүү мисаны дараа хүрэлцэн ирсэн итгэгч ахан дүүсээ  баярын бялуугаар дайлж, яармаг худалдаа эхэлсэн билээ. Яармаг худалдаанд итгэгч ахан дүүс маань Солонгос хоол болон бусад хоол, ундааг бэлтгэсэн нь хүрэлцэн ирсэн хүмүүс маш өргөн сонголттой амтархан идэх боломжтой байлаа. Бас нас насны хүмүүст тохирсон хувцасыг төрөл төрлөөр нь зарсан нь сонголт хийхэд хялбар байв. Яармаг худалдаанд оруулж буй энэ бүх орлого нь сүмийн нийгмийн ажилд хувь нэмэр оруулах зорилготой байлаа. Баярын Мисандаа оролцож, яармаг худалдаанд идэвхитэй оролцсон бүх хүмүүст, ялангуяа энэ бүх ажлыг зохион байгуулсан сүмийн хамт олондоо талархаж байна.                  

No comments:

Post a Comment