Жил бүр манай Католик шашны итгэгчид “Ариун Гэр Бүлийн баяр”-ыг тэмдэглэдэг
уламжлалтай билээ. Тиймээс 12.28нд бүх паришууд “Гэгээн Петр ба Паул” париш дээр
цуглан, хамтдаа баярын миса өргөсөн бөгөөд Мисаг хамба лам Венсэслао Падилла болон
бусад санваартнууд удирдсан юм. Монгол дахь Католик Шашны тэргүүн Хамба лам Венсэслао
Падилла хүрэлцэн ирсэн бүх хүмүүст Христмасын баярын мэнд хүргээд, “Зарим
хүмүүс яагаад жил бүр Христийн мэндэлсэн баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг талаар гайхаж,
асуудаг. Бид Гэрэл болон газар дээр мэндэлсэн бяцхан Христ, Тэнгэрбурханыг
хүлээн авч, Христмас баярыг тэмдэглэж байхдаа
Түүнийг хайрлан, Түүнийг дуурайж,
Түүнтэй улам бүр адилхан болж байдаг. Пап лам Францис хэлэхдээ “Гэр бүл бол
үргэлж хамт байдаг” хэмээн хэлсэн билээ. Гэр бүлээсээ хол амьдардаг олон хүмүүс
байдаг. Тэдний хувьд орчин үеийн техник технологи хөгжсөн нөхцөлд нүүр нүүрээ
хараад холбоо барьж, харилцахад амархан болсон билээ. Гэвч гэр бүлтэйгээ нүүр
тулан уулзах нь хамаагүй илүү чухал, дотно харилцааг бий болгож байдаг. Өнөөдөр
бид бүхэн нэг дор хамтдаа цуглаад, Тэнгэрбурханы хаанчлалын нэгэн гэр бүл гэдэг
утгаар “Ариун Гэр Бүлийн Баяр”-ын Мисаг тэмдэглэхээр нүүр тулан уулзаад байна.
Мэдээж
гэр бүлд олон бэрхшээл, асуудлууд тулгарч байдаг. Тэр бүрт хамтдаа байж,
Христийн авралын гэрлийг хүлээн авснаар баяр хөөртэй амьдардаг.” хэмээн Хамба
лам Венсэслао Падилла номлолоо үргэлжлүүлэн, олон чухал зүйлийг сургасан юм. Мөн
Мисаны үеэр 2015 онд хэрэгжүүлэх “Пасторал төлөвлөгөөг” гардуулах ёслол болсон
бөгөөд Хамба лам паришийн лам нар болон төлөөлөгчдөд үүрэг болгон өгсөн билээ.
Мисаны төгсгөлд олон гэр бүлүүд урагш гарч, Хамба ламаас онцгой адислал хүлээн
авсандаа ихэд талархалтай буйгаа илэрхийлж байв. Мисаны
дараа цай уух зуур париш бүрээс бэлтгэсэн дуу, жүжиг зэрэг урлагийн үзүүлбэр
үзэж, баярын үйл ажиллагаа өндөрлөсөн юм. Энэхүү баярын өдөр биднийг сүмдээ
урин, сонирхолтой тоглолт зохион байгуулж, өдрийн цай бэлтгэсэн Гэгээн Петр ба Паул
паришдаа талархаж байна.
No comments:
Post a Comment