2014/07/16

Бэсрэг наадам

Манай Тулгар төр байгуулагдсны 2222 жил, Их Монгол Улс байгуулагдсны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Их баяр наадмыг угтан "Гэгээн Мариа Сүм" дээр гурав дахь жилдээ "Бэсрэг наадам" зохион байгуулж байгаа билээ. Энэ жилийн хувьд Хээрийн Мисаг давхацуулан бэсрэг наадмаа хотоос зайдуу сайхан газар хийснээр онцлогтой байлаа. Эхлээд "Хээрийн Миса"хамтдаа  өргөн, дараа нь наадмын үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд нисэх бүлгэм, яармаг бүлгэм, зуун мод бүлгэм болон комбинат бүлгэм гээд нийт 150 орчим итгэгч нар хүрэлцэн ирсэн байв. Наадамд бөхийн барилдаан, шагай харваа, дэмбээ болон морь уралдаан (шоо шидэж уралдах) гэсэн төрлөөр итгэгч нар уралдан хурд хүчээ сорьж аваргаа тодруулжээ. Үүнд бөхийн барилдаанд Зуун мод бүлгэмийн Энхтөр түрүүлж, моринд Төгсөө Анастасиа  /нисэх / түрүүлж, Цэенноров Моника /комбинат/ удаалсан бол шагай харваанд Болдэрдэнэ /Зуун мод/ түрүүлэн Халиунаа Мариа /Яармаг/ удаалж, дэмбээгээр Отгонбаяр /Зуун мод/ түрүүлэн Бямбадаш Петр удаалан тус тус шагнал хүртсэн юм. Үүнээс гадна хүүхэд багачууддаа зориулсан наадам болон тоглоом зохион байгуулсан бөгөөд залуучууд өөрсдийн бэлтгэсэн ардын бүжиг үзүүлж наадамчин олноо баярлуулсан билээ. Мөн сүмээс наадамчин олондоо зориулан хуушуур болон сүүтэй цай, бас айраг, ааруул зэргийг бэлтгэсэн бөгөөд наадмын үйл ажиллагааг зохион байгуулах бүлэг удирдан явуулж байв. Энэ бүх үйл ажиллагаанд оролцсон бүх итгэгч нартаа талархаж буйгаа илэрхийлж байна. 

No comments:

Post a Comment