10 сарын 19ны өдөр бол Дэлхийн Сайн Мэдээ дэлгэрүүлэх ням гариг билээ. Энэ өдөр дэлхий даяар манай Католик Шашны итгэгч нар өөр хоорондоо итгэл бишрэлээ хуваалцахын хамт энэхүү сайн мэдээ дэлгэрүүлэх ажлын төлөө хамтдаа нэг сэтгэлээр залбирч, тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Манай "Гэгээн Мариа Сүм"-н баярын мисаг паришийн ахлах лам фр.Франциско Хо удирдан явуулсан бөгөөд манай итгэгч нарын хүүхдүүдэд Ариун Угаал хүртээх ёслолыг гүйцэтгэж, баяр дээр давхар баяр нэмсэн билээ. Энэхүү бэлэг дэмбэрэлтэй баярын өдөр Баптизм хүлээн авсан бяцхан хүүхдүүддээ хүрэлцэн ирсэн бүх хүмүүс баяр хүргэн, тэдний төлөө хамтдаа залбирч байлаа.
Монгол дахь Католик Шашны тэргүүн Хамба лам Венсэслао Падилла бүх паришийн итгэгч нартаа хандаж Дэлхийн Сайн Мэдээ дэлгэрүүлэх ням гаригийн баярын мэнд хүргээд, Сайн Мэдээ Дэлгэрүүлэх ажил болон мишинерүүдийн төлөө залбирхыг энэ өдөр уриалсан юм. Монгол улсад анх мишинерүүд үйл ажиллагаа эрхэлээд 20 гаруй жил болж байгаа. Энэ хугацаанд сүмийн байгууллага, өндөр настанд зориулсан халамжийн төв, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, сувилал гээд олон талаар ажилласаар ирсэн билээ.
Ариун Эцэг, Пап лам Францис Дэлхийн Сайн Мэдээ дэлгэрүүлэх ням гаригт зориулан дэлхийн бүх итгэгчдэд хандаж: "Тэнгэрлэг Эзэний шавь нар түүний оршихуй болоод тааллыг танин мэдэх үедээ, бусдад өөрсдийн итгэл найдвар болон буяны үйлсийг түүний тааллын дагуу баяр хөөртэйгөөр хуваалцахын тулд шаргуу зүтгэдэг билээ." хэмээн бичиж итгээсэн захиаг та бүхэнд хүргэж байгаадаа баяртай байна.
Ариун Угаал хүртсэн хүүхдүүд болон тэдний гэр бүлийнхэн, бүх мишинерүүддээ баяр хүргэж байна. Мөн Мисандаа хүрэлцэн ирсэн бүх итгэгчид ба мисаг бэлтгэхэд хариуцсан Комбинат бүлгэмийн ахан дүүстээ талархаж байна.
No comments:
Post a Comment