2014/10/28

Гэгээн Антониогийн нэрэмжит халамж үйлчилгээний төвийн 5 жилийн ойн баяр

Манай Католик Шашны газраас нийгмийн халамж үйлчилгээний ажлыг ихэд чухалчилж үздэг билээ. Ялангуяа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн хүүхдүүд гээд олон талаар хүмүүнлэгийн ажил явуулж Тэнгэрбурханы хайр ивээлийг хүргэж ирсэн юм. Үүний нэг жишээ бол Ватиканы Төлөөлөгчийн Газрын харьяа, Гэгээн Антониогийн нэрэмжит өндөр настанд зориулсан халамж үйлчилгээний төв бөгөөд Төв аймгийн Зуун Модонд үйл ажиллагаа явуулж эхлээд одоо таван жил болж байна. Тус байгууллага гурван ажилчинтай бөгөөд Жустина болон фр.Франциско нар хариуцан ажилладаг ба 10.5нд баяраа тэмдэглэсэн юм. Тэд  хөдөө орон нутгийн өндөр настан буурлуудаа эмчилгээний дараа хүлээн авч, ая тухтай орчинд амраан, амттай хоол ундаар үйлчилдэг ач буянтай газар болжээ. Таван жилийн ойн баярын үйл ажиллагаа нь Мисагаар эхэлсэн бөгөөд  Ватиканы Төлөөлөгчийн Газрын тэргүүн, Хамба лам Венсэслао Падилла хүрэлцэн ирж фр.Францискогийн хамт Мисаг удирдсан юм. Мисаны дараа болсон ёслолын үйл ажиллагаанд Төв аймаг, сум хорооны засаг захиргааны төлөөлөгчид мөн хүрэлцэн ирээд, настан буурлуудын талархлыг хүлээж, иргэдийн хүндэтгэлийг хүртсэн нэр хүндтэй байгууллага болсонд баяр хүргэн, байгууллагын хамт олныг өндрөөр үнэлэн, шагнал гардуулав. Энэхүү үйл ажиллагаанд оролцсон бүх хүмүүс тэдэнд талархаж буйгаа илэрхийлж байсан юм. Тэнгэрбурханы хайр ивээлийн дор ажиллаж буй Гэгээн Антониогийн нэрэмжит, халамж үйлчилгээний төвийн хамт олонд талархал илэрхийлээд, энэхүү ач буянтай ажилд тань өндөр амжилт хүсэж байна.      
   

No comments:

Post a Comment