Хайрт ахан дүүс нараа,
миний
бие та бүхэндээ Дөч хоногт цаг улирлыг тохиолдуулан эрс өөрчлөлтийн хувийн
болон бүлгийн аян замд хэрэгтэй байж болох зарим эргэцүүллийг өргөн барьж
байна. Би Гэгээн Паулын хэлсэн үгнээс иш татан эхэлье. «Учир нь баян байсан ч
та нарын тусын тулд хоосорсон Эзэн Есүс Христийн маань нигүүлслийг мөн Түүний
хоосролоор баян болсоноо та нар мэдэх билээ» (2 Коринт 8:9). Элч маань
Коринт хотын сүсэгтнүүдийг тарчиг амьдралтай Иерусалимийн итгэгч нарт туслах
өгөөмөр сэтгэлтэй байхад урамшуулахаар тэдэнд хандан хэлж байна. Гэгээн Паулын
эдгээр үгс өнөөгийн сүсэгтнүүд болох бидэнд юуг хэлж байна вэ? Өнөөдрийн хувьд
Сайн Мэдээн дэх ядуу амьдрал, хоосон байдлын уриалга нь бидэнд юу хэлж өгч
байна вэ?
Христийн
нигүүлсэл
Нэн
тэргүүнд бидэнд Тэнгэрбурханы хэв маягийн талаар хэлж өгч байна. Тэнгэрбурхан
өөрийгөө ертөнцийн эд баялаг ба хүч чадлаар дамжуулан биш харин хоосон, сул
дорой байдлын арга замуудаар илчлэн харуулдаг: «баян байсан ч та нарын тусын
тулд хоосорсон...». Тэнгэрбурханы мөнхийн Хүү, хүч чадал ба сүр
жавхлангаараа Эцэгтэйгээ адилхан Христ өөрийгөө ядуу болгож, бидний дунд буун
ирж, бидний нэг бүрэнтэй ойртож, бүх зүйлээрээ бидэнтэй адилхан болохын тулд
өөрөөсөө тайлсан “хоосолсон” (харьц. Филиппой 2:7; Еврей 4:15).
Тэнгэрбурханы бие махбод болсон үйл явдал нь үнэхээр аугаа нууц! Гэхдээ энэ
бүхний утга учир нь нэгэн хайр буюу хишиг ивээл, өгөөмөр сэтгэл, ойр дотно байх
хүсэл тэмүүлэл ба хайртай бүтээлүүдийнхээ төлөө өөрийгөө өргөх, золиослохоос
буцдаггүй тэнгэрлэг энэрэл хайр юм. Энэрэл болон хайр гэдэг нь хайртай
нэгнийхээ амьдралд бүх зүйлээрээ нэгдэхийг хэлнэ. Хайр нь аливааг төсөөтэй
болгодог, ижил байдлыг бүтээдэг, алслагдсан зай ба ханануудыг нураадаг. Харин
Тэнгэрбурхан яг ингэж л бидэнд хандсан. Үнэндээ Есүс «хүний гараар
ажиллаж, хүний оюун ухаанаар бодож, хүний дур зоригоор үйлдэж, хүний зүрх
сэтгэлээр хайрласан. Цэвэр Охин Мариагаас мэндэлж гэм нүглээс бусад бүх
зүйлээрээ адил үнэхээр бидний нэг болсон» (Ватиканы Хоёрдугаар Дээд Хуралдаан,
Баяр баясал ба горьдол найдвар (латинаар Gaudium et spes) хэмээх Ягшмал Үндсэн
Хууль, н.22).
Есүсийн
ядуу болсон зорилго нь өөрөө өөрт нь чиглэгдсэн байгаагүй, харин Гэгээн Паулын
хэлсэнээр «Учир нь...Түүний хоосролоор баян болсоноо та нар мэдэх билээ». Энэ
үйлдэл нь Тэнгэрбурханы тааллын утга учир, хайрын утга учир, бие махбод болсоны
утга учир болон загалмайн утга учирын хураангуйлал билээ. Элбэг хангалуун
нэгнээс баярхсан сэтгэлээр өгч байгаа өчүүхэн тусламж шиг Тэнгэрбурхан дээрээс
бидэн рүү авралыг унагаагүй юм. Энэ бол Есүсийн хайр биш юм. Есүс Иордан голд
орон Баптист Иоханаар дамжуулан Ариун угаал хүртсэн нь Түүнд гэмшил, эрс
өөрчлөлт хэрэгтэй учраас бус харин уучлал өршөөл шаардлагатай хүмүүсийн дунд
буюу гэмтнүүд бидний дунд орохын тулд мөн нүгэлтэн бидний хүнд ачааг үүрэлцэх
гэж ийн үйлдсэн. Энэ бол биднийг тайтгаруулахаар, авархаар, гуйланч байдлаас
маань чөлөөлөхөөр сонгож авсан зам юм. Элч Паулын хэлсэнээр бид Христийн
баялагаар бус Түүний хоосролоор дамжуулан чөлөөлөгдсөн гэдэг нь бидний
сэтгэлийг хөдөлгөж байна. Ингэж хэлсэн Гэгээн Паул өөрөө ч «Христийн
яндашгүй баялагийг» (Ефес 3:8), «бүхний өвлөгчөөр томилсон» (Еврей
1:2) гэдгийг сайн мэддэг байсан.
Тэгэхээр
биднийг чөлөөлж, баян болгож байгаа Христийн энэ хоосрол нь чухам юу вэ? Энэ
бол биднийг хайрлах түүний үнэн байдал ба замын дэргэд амьтай төдий хэвтэж
байсан хүн дээр ойртон очсон Сайн Самари хүн шиг бидэнтэй ойр байгаа түүний
үйлдэл юм (харьц. Лук 10:25). Бидэнд үнэн эрх чөлөө, үнэн аврал ба үнэн аз
жаргалыг өгч байгаа нь өрөвдөх, энхрийлэх, нэгдэх түүний хайр юм. Тэнгэрбурханы
төгсгөлгүй энэрэл нигүүлслийг дамжуулан бидний сул дорой байдал болон алив гэм
нүглийг өөртэй үүрсэн Христийн махбоджилт нь биднийг баян болгож байгаа Түүний
хоосрол юм. Христийн хоосрол бол хамгийн аугаа эд баян: Есүс бол гагцхүү Тэнгэр
Эцэгийнхээ сүр жавхлан ба тааллыг үргэлж эрэн, Түүнд хязгааргүй итгэх итгэлээр,
хором бүхэндээ найдах найдвараар баян юм. Яг л эцэг эхээрээ хайрлуулж,
тэднийгээ хайрлаж, тэднийхээ хайр энхрийлэлд нэг хором ч эргэлздэггүй хүүхэд
шиг баян. Христийн эд баялаг бол түүний Хүү байх явдал бөгөөд Эцэгтэйгээ
холбоотой цор ганц харилцаа нь энэхүү ядуу Мессиагийн (Аврагч) дээдсийн эрх
дарх нь болж байдаг. Есүс биднийг «Буулгыг минь өөрсөд дээрээ ав...Буулга
минь аятай, ачаа минь хөнгөн» гэж хэлэн уриалах үедээ өөрийнхөө “баян
хоосрол” ба “хоосон баялаг”-аар биднийг баяжуулахаар түүнчлэн Түүнтэй хамт ах
дүүсийн ба хүүгийн Ариун Сүнсийг хуваалцан эдлэхэд, Хүүгийн дотор Тэнгэрбурханы
хүүхдүүд, Ууган Хүүгийн дотор ах дүүс болоход урьдаг (харьц. Ром 8:29).
Жинхэнэ
уй гашуу бол ариун гэгээн бус байх юм гэж хэлсэн байдаг (Л.Блои). Үүний нэгэн
адил бид ч бас жинхэнэ ядуу тарчиг байдал бол Тэнгэрбурханы хүүхдүүд шиг,
Христийн ах дүүс шиг амьдрахгүй байх явдал юм гэж хэлж болно.
Бидний гэрчлэл
Хоосролын
“зам” нь Есүсийн үед л байсан харин Түүний дараагаар гарч ирсэн бидний хувьд
хүмүүсийн тохирсон арга замуудаар ертөнцийг аварцгааж чадна гэж бодож болох юм.
Гэвч энэ тийм биш. Үндсэн ёслолуудын дотор, Үгэн дотор болон ядуу ард түмэн
болох өөрийн Чуулгандаа ядуу болоод ирсэн Христийн хоосролоор дамжуулан
Тэнгэрбурхан нь эрин бүрт, газар бүрт дэлхийг, хүмүүсийг аврахаа үргэлжлүүлсээр
байгаа. Тэнгэрбурханы баялаг бидэн дээр бидний эд баялагаар дамжин ирэх
боломжгүй харин үргэлж зөвхөн Христийн Ариун Сүнсээр хөтлөгдсөн бидний хувийн
ба бүлгийн хоосролоор л ирэх болно.
Багшийг даган дуурайх
болсоноороо бид ахан дүүсийнхээ ядуу тарчиг байдлыг харж, тэр байдалд нь хүрч,
өөрсдийнхөө үүрэг хариуцлагаа болгож, тэр нөхцөл байдлыг багасгахын тулд
бодитой ажиллахаар дуудагдсан. Ядуу тарчиг амьдрал бол хоосон байхтай
адилгүй. Ядуу тарчиг байдал бол итгэлээр, эв нэгдлээр, найдвараар хоосон
амьдрал юм. Ядуурлыг материаллаг ядуурал, суртахууны ядуурал, сүнслэг байдлын
ядуурал гэж гурван төрөлд ялган үзэж болно. Материаллаг ядуурал нь өнөөх
нийтээрээ нэрлэдэг ядуурал ба хүний байдалд тохиромжгүй нөхцөлд амьдарч байгаа
бүхий л хүмүүст хамаарч байгаа. Үүнд хувийн үндсэн эрхүүд, анхдагч хэрэгцээ
болох хоол хүнс, ус, эрүүл ахуйн нөхцөл, ажил, соёлын түвшинд өсөн хөгжих
боломж зэрэг орно. Энэ ядуурлын өмнө Шашин нь эмзэг давхрагад байгаа хүмүүстэй
уулзаж хүн төрөлхтөний нүүр царайг баллаж байгаа эдгээр шархыг эдгээхийн төлөө
өөрийн үйлчлэлийг (диакониа) үзүүлж байгаа билээ. Ядуусын дотор, хамгийн
багынхаа дотор бид Есүсийн нүүр царайг харна. Ядууст туслаж тэднийг
хайрласнаараа бид Христийг хайрлаж Түүнд үйлчилж буй хэрэг юм. Бидний ажил
хэрэг мөн дэлхийд гарч байгаа хүний сүр хүчийг гутаан доромжлох явдлыг болон
ихэнх тохиолдолд ядуурлын шалтгаан болсон ялгаварлан гадуурхалт ба дарангуйллыг
зогсооход чиглэгддэг. Эрх мэдэл, тансаг амьдрал, хөрөнгө мөнгө бурхан шиг
шүтэгдэх үед эдгээр гурав нь баялагийг эрх тэгш хуваарилах шаардлагатай
сөргөлдөх болдог. Тиймээс шудрага ёс, тэгш эрх, эрүүл мэндийн болон нэгдмэл
байдлуудад ухамсарууд маань өөрчлөгдөх шаардлагатай байна.
Багагүй санаа зовоох нэг
зүйл бол муу зуршлын ба нүглийн боолууд болох явдалд оршиж байдаг ёс
суртахууны ядуурал юм. Хичнээн гэр бүл гишүүдийнх нь хэн нэгэн нь -
ихэвчлэн залуу настай нь архи, мансууруулах бодис, тоглоом, эрээ цээргүй
бичлэгийн эрхшээлд автаж байгаад шанална вэ! Хичнээн хүмүүс ирээдүйн
төсөөлөлгүй, амьдралын утга учир, итгэл найдвараа гээнэ вэ! Хичнээн хүмүүс эрүүл
мэндийн болон боловсролын эрх тэгш бус байдал, гэртэй талх барин очих нэр
төрөөс нь салгадаг ажилгүйдлээс, нийгмийн шудрага бус байдлаас болж энэ ядуу
тарчиг байдал руу албадагдан орно вэ! Эдгээр тохиолдолд ёс суртахууны ядуурлыг
эхэлж байгаа амиа хорлолт гэж нэрлэж ч болно. Ийм хэлбэрийн ядуурал нь мөн
эдийн засгийн уналтаас ч шалтгаалдаг ба үргэлж сүнслэг ядууралтай холбоотой
байдаг. Энэ сүнслэг ядуурал биднийг Тэнгэрбурханы хайраас татгалзаж Түүнээс
холдох үед өөрсдийг минь шархлуулдаг юм. Хэрвээ бид Христээр дамжин бидэн рүү
гараа сунгаж байгаа Тэнгэрбурханыг хэрэггүй гэж үзээд өөрсдийгөө бүхнийг хийж
чадна гэж бодон явбал бид мөхлийн замаар алхацгаах болно. Тэнгэрбурхан бол
цорын ганц аврагч ба чөлөөлөгч юм.
Сайн Мэдээ нь сүнслэг
ядуурлыг дарагч жинхэнэ эм юм. Үйлдсэн гэм буруун уучлал өршөөл бий,
Тэнгэрбурхан бол бидний гэм нүглээс илүү аугаа бөгөөд биднийг үргэлж үнэгүйгээр
хайрладаг ба бид мөнх амийн төлөө, нэгдлийн төлөө бүтээгдсэн юм шүү гэж хэлж
байгаа энэхүү чөлөөлөгч тунхаглалыг Христийн сүсэгтэн хүн тойрон хүрээлж буй
газар бүрт хүргэхээр дуудагдсан. Эзэн биднийг энэхүү итгэл найдвар ба энэрэл
нигүүлслийн мэдээний баярт зарлан тунхаглагч нар байхыг урьж байна. Харанхуйд
хучигдсан олон ах дүүсдээ итгэл найдвар өгч, бутарсан зүрхнүүдийг тайтгаруулахын
тулд бидэнд итгэл хүлээлгэн даалгасан эрдэнийг хамтран хуваалцахын мөн Сайн
Мэдээг тараан түгээхийн баяр баяслыг мэдрэн амьдрах сайхан. Алдагдсан нэг
хониныхоо төлөө явсан хоньчины адилаар ядуус болон гэмтнүүдийн зүг дүүрэн
хайраар явсан Есүсийг дагах, дуурайх тухай энд яригдаж байна. Түүнтэй
нэгдсэнээрээ бид Сайн Мэдээ дэлгэрүүлэлтийн болон хүний хөгжлийн төлөөх шинэ
замуудыг урам зоригтойгоор эхлүүлж чадна.
Хайрт ахан дүүс нар
минь, энэхүү Дөч хоногт цаг улиралдаа Шашин нь материаллаг, ёс суртахууны болон
сүнслэг ядууралд байгаа бүх хүмүүсд Христийн дотор хүн бүрийг тэврэхэд бэлэн
буй нигүүлсэнгүй Эцэгийн хайрын тунхаглалын дотор хураангуйлагдах Сайн Мэдээг
гэрчлэхэд бэлтгэсэн, хүсэж шамдсан байхтун. Үүнийг бидний төлөө ядуу болж
өөрийнхөө хоосролоор биднийг баяжуулсан Есүсийн нэгэн адил өөрсдийгөө мөн тийн
байлгаснаар хийж чадах болно. Дөч хоногт цаг улирал бол тайлахад тохирсон цаг
үе юм. Өөрсдийнхөө хоосролоор бусдыг баяжуулж, бусдад туслах зорилгынхоо
дагуу ямар зүйлүүдээсээ татгалзаж болох тухай өөрсдөөсөө асуух нь бидэнд
сайн. Жинхэнэ өрөвдсөн сэтгэлээр үйлдэж буй хоосролыг мартахгүй байцгаая.
Энэхүү өөрөөсөө тайлж буй үйлдэл маань гэмшсэн байдалгүйгээр үнэ цэнэгүй болж
байгаа юм. Үнэ цэнэ ч үгүй, өрөвдсөн сэтгэл ч үгүй тусламж үзүүлэхээс түтгэлз.
«[Бид нар]ядуу хоосон юм
шиг боловч олон хүнийг баян болгогчид, юу ч байхгүй юм шиг боловч бүгдийг
эзэмшигчид» (2 Коринт 6:10) байгаадаа талархаж Ариун Сүнс бидний эдгээр санаа
зоригийг дэмжиж, энэрэн нигүүлслийн ажилчид ба нинжин сэтгэлтнүүд болгохын тулд
хүний ядуу зүдүү байдал руу хандсан анхаарал болон хариуцлагыг бидний дотор
бэхжүүлэх болтугай. Энэхүү ерөөлөөр би итгэгч бүрийг, бүлгэм бүрийг Дөч хоногт
цаг улирлын аяныг ач тустайгаар өнгөрүүлээсэй хэмээн залбирахаа амлая. Мөн та
бүхнээс миний төлөө залбирахыг гуйж байна. Эзэн та бүхнийг ивээж Мариа
хамгаалах болтугай.
No comments:
Post a Comment