2014/06/02

Ариун Сүнсний Үдэшлэг


Манай Монгол дахь Католик Шашны бүх залуусын дунд "Ариун Сүсний Үдэшлэг" зохион байгуулсан бөгөөд үүнд бүх паришийн 80 орчим залуус оролцож орой 5.31ний 21 цагаас эхлээд 6.1нд өглөө 6 цагт өндөрлөсөн билээ. Энэхүү үдэшлэг нь Нээлтийн ёслол, Ариун Сүнсний тухай, Бясалгал ба наминчлах ёслол, сэргээх Ариун Ёслол, Хөгжөөнт тоглоом, Миса гэсэн үе шаттай болсон юм.   Залуучууд маань бүтэн шөнийн турш энэ гайхамшигтай үйл ажиллагаанд оролцож байхдаа баяр хөөрөөр дүүрч, огт ядраагүй билээ. Учир нь хүн бүр Тэнгэрбурхантай илүү ойр байж, Ариун Сүнсээр дүүрэн байхын тулд нэгэн сэтгэлээр цуглаад, олон зүйлийг сурч олон чухал ёслолд оролцсон юм. Мөн үйл ажиллагаа бүрийн дундуур тэд байнга л хамтдаа дуулж, бүжиглэж бас амттай хоол цайгаар үйлчлүүлэн үнэхээр доргио сайхан үдэшлэг болж байлаа. Бас оролцсон залуус маань долоон бүлэгт хуваагдаж, Ариун Сүнсний талаар өөрсдийн бодол санааг харуулсан жүжиг үзүүлсэн нь хүн бүрт ухаарал хайрласан билээ. Үүнд бүлгийн гишүүн бүр хамтдаа оролцсон нь залуусын идэвхи санаачлага ямар өндөр байгааг харуулж байв. Спорт тэмцээний дараа Магтаал Талархлын Мөргөлийн үед бүгд хамтдаа нар мандаж байхыг харахад гайхамшигтай сайхан байсан билээ. Ийнхүү Ариун Сүнсний Үдэшлэг өндөрлөж, хэдийгээр залуусын маань  нойр хүрч байсан ч хамтдаа орчноо цэвэрлээд явцгаасан юм. Энэхүү үйл ажиллагаанд манай фр. Эрнесто, фр. Хервэ, бр.Андрей, бр.Саемон, ср.Ними, ср.Таноко, ср.Режина болон залуучуудын бүлгэмийн бусад гишүүд, Пасторал багын хамт олон, үйлчилгээнд тусласан томчууддаа бүх залуусынхаа өмнөөс талархаж байна.  

No comments:

Post a Comment