2015/07/21

Бэсрэг Наадам

Жил бүр манай "Гэгээн Мариа Сүм"-ээс итгэгч ахан дүүстээ зориулан Бэсрэг Наадам зохион байгуулдаг уламжлалтай билээ. Наадмын үйл ажиллагаа 7сарын 19нд "Түргэний Гол" хэмээх газар 11 цагт Мисагаар эхлэж, бүх бүлгэмийн итгэгч ахан дүүс маань хүрэлцэн ирсэн байлаа. Баяр наадамд Хамба лам Венсэслао Падилла хүрэлцэн ирж паришийн ахлах лам фр.Франциско болон фр.Томас нарын хамт Миса удирдсан юм. Тэрээр номлолдоо хүрэлцэн ирсэн итгэгч ахан дүүст хандаж өөрсдийн ах дүү, найз нөхдөө урин оролцуулан хамтдаа баярлан наадахыг уриалж байлаа. Мөн "Яваад сайхан амрагтун" хэмээн хүрэлцэн ирсэн бүх хүнд Есүсийн шавь нартаа хэлсэнийг дахин сануулав. Наадамд оролцож буй хүмүүс хоорондоо уралдаж, аль болох түрүүлэхийг эрмэлзэх нь мэдээж хэрэг билээ. Гэхдээ бие биедээ хатуу ширүүн аргаар бус энэрэл нигүүслээр хандаж, баяр хөөрөө хуваалцан сайхан наадахыг итгэгч ахан дүүстээ Хамба лам маань хүсэн ерөөсөн юм. Миса өндөрлөхөд бүгд Монгол
Улсын өрийн далбаагаа өндөрт мандуулан, төрийн дууллаа хүндэтгэлтэйгээр хамтдаа дуулсны дараа фр.Франциско уралдаан тэмцээнээ нээж үг хэлээд, наадамчин олноо хуушуур болон айргаар дайлсан юм. Ийнхүү наадам бөхийн барилдаан, шоо хаяж морь уралдах, шагайн харваа болон дэмбээ гэсэн төрлөөр явагдсан бөгөөд хүүхэд багачуудад зориулан тусгайлан гүйлтийн уралдаан тэмцээн болсон билээ. Бөхийн барилдааны насанд хүрэгчдийн төрөлд Билгүүн түрүүлж Отгонтөгс удаалж, өсвөр насанд Балсан түрүүлж Отгонбаяр удаалсан бол шоо хаяж морь уралдахад Төгсөө түрүүлж, Мөнхтуяа удаалж, дэмбээний төрөлд Төмөрхуяг түрүүлж Бямбадаш ах удаалж, шагай харваанд Үүрцайх түрүүлж наадамчин олноо баярлуулсан юм. Бэсрэг наадмын үеэр гадаа налгар сайхан болсонд хүн бүр Тэнгэрбурхандаа талархаж байлаа. Энэ өдөр хүрэлцэн ирж наадмын үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон итгэгч ахан дүүс нартаа болон зохион байгуулсан зөвлөлийн гишүүддээ талархаж буйгаа илэрхийлж байна.               

No comments:

Post a Comment