2013/07/19

Бэсрэг наадам

Манай “Гэгээн Эх Мариа” сүмээс жил бүр “бэсрэг наадам” зохион байгуулдаг уламжлалтай билээ. Наадам нь манай ард түмний өвөрмөц ахуй соёлыг илэрхийлдэг том баяр билээ. Бидэнтэй салшгүй холбоотой малчны уламжлалаа үнэлж цэгнэн, өөрсдийн амьдралдаа хүндэтгэн хадгалж явахыг зоридог юм. Энэ жилийн Бэсрэг наадам 7 сарын 14ны 13 цагт Мисаны дараа сүмийн хашаан дотор зохион байгуулсан бөгөөд паришийн бүх итгэгч нар, мишинерүүд, амралтаараа туслахаар ирсэн Солонгос ламын сургуулийн оюутнууд болон бусад паришийн ахан дүүс маань хүрэлцэн ирсэн байлаа. фр. Франциско залбиран, итгэгч нартаа хандаж сайхан наадахыг хүсээд, Бэсрэг Наадмын үйл ажиллагааг нээж буйгаа зарласан билээ. Ийнхүү наадам маань бөхийн барилдаан, шагайн харваа, морь /шагайн/ уралдаан болон дэмбээ гэсэн төрлөөр явагдаж, итгэгчид маань маш идэвхитэй уралдацгаасан билээ. Наадамчид уртын дуугаа сонсох зуураа хуушуур болон айргаа амтархан идэж уун, сайхан наадаж байсан юм. Наадам маш сонирхолтой болсон ба бөхийн барилдаанд Отгонтөгс, шагайн харваанд Үүрцайх Николас, морь уралдаанд /шагай/ Солонго, дэмбээнд Бямбадаш нар түрүүлж наадамчин олноо баярлуулсан билээ. Хэдийгээр өглөө маш их бороо орж талбайд ус тогтсон ч манай семинаристууд болон итгэгч нар бүгдийг янзлан өдөр гэхэд наадмын талбай бэлэн болсон байлаа. Бямбаа Иосэф тэргүүтэй зохион байгуулах хорооны итгэгч нартаа бүх итгэгчдийн зүгээс талархал илэрхийлье. Мөн Тэнгэрбурханы нэрээр хамтдаа цуглан, баяр хөөрөө хуваалцсан бүх итгэгч нартаа баярлаж сайхан наадахыг хүсэж байна.

No comments:

Post a Comment