2014/12/31

Пап лам Францисын уриалгаас

12/30/2014
Өнөө үед хүмүүс ядуурал болон хайрын дутагдлаас болж зовж шаналж байна.

12/28/2014
Христчин гэр бүл бол томилогдсон төлөөлөл: тэд Тэнгэрбурханы хайрыг дэлхий ертөнцөд сонордуулдаг билээ.

12/26/2014
Өнөө үед Христчин итгэл бишрэлээсээ болж дарамтанд орсон хүмүүсийн төлөө залбирцгаая.

12/25/2014
Есүстэй хамт байхад жинхэнэ баяр хөөртэй байдаг.

12/24/2014

Тэнгэрбурханы гоо үзэсгэлэнд зориулан орон зай бий болгохын тулд бид сонсож, анир чимээгүй байхыг хичээх болтугай. 

БАЯРЫН МИСА


Христмас буюу бидний хэлж заншсан Зул сарын баяр бол хүн бүрийн хүсэн хүлээдэг хамгийн сайхан баяр бөгөөд ялангуяа итгэгч бидний хувьд маш гүн утга учиртай билээ. Манай “Гэгээн Мариа Сүм” дээр 12сарын 24, 25ны баярын Мисаг паришийн ахлах лам фр.Франциско Хо болон фр.Эрнесто, фр.Пиер нар хүрэлцэн ирж удирдан явуулсан бөгөөд бүх бүлгэмийн итгэгч ахан дүүс маань хамтдаа тэмдэглэв. Миса гэрлийн ёслолоор эхлэсэн бөгөөд хамгийн түрүүнд хоньчин хүүхдүүд маань бяцхан Есүсийг угтан авч буйг үзүүлсэн жүжигчилсэн тоглолтын дараа хүн нэг бүр бяцхан Есүстэй мэндлэх хамгийн баяртай цаг мөч байсан юм. фр.Франциско номлолдоо: ‘Христчин хүний хувьд зөв байдлаар амьдрахад бидний хэвшсэн амьдрал маань саад болдог. Учир нь амьдралын хүнд хэцүүг даван туулах мөчид архи, мурийтай тоглоом болон мөнгийг сонгодог уу, эсвэл Тэнгэрбурхантай хамт байж, бэрхшээлээ даван туулахыг сонгодог уу? Хэрэв үргэлж бидэнтэй хамт байдаг Тэнгэрбурханы хайр ивээлийг 2014 онд биеэр мэдэрч, итгэлийн амьдралдаа туршлагатай болсон бол, хамгийн сул дорой байдлаар бидэн дээр хүрэлцэн ирсэн бяцхан Есүс, аврагч Эзэнийг баяртайгаар угтан авах болно’ хэмээн фр.Франциско өнгөрч буй 2014 онд тохиолдсон онцгой үйл явдлуудын талаар дүгнэн, олон зүйлийг тайлбарлаж өгсөн билээ. Мөн 12.25ны Мисаны үеэр Төрболд Самуел баптизм хүлээн авсан бөгөөд ёслолыг фр.Франциско удирдсан юм. Баптизм хүлээн авсан Төрболд Самуелд бүх итгэгч нарын зүгээс баяр хүргэж, улам их амжилт хүсэж байна. Хэдийгээр цаг орой байсан ч сүмдээ ирж, хамтдаа баярын мисанд оролцсон бүх итгэгч нартаа болон миса бэлтгэхэд оролцсон бүх бүлгэмийн ахан дүүс нартаа талархаж байна. 
Та бүхэн баярын Мисаны номлолыг дараах хуудаснаас сонсоно уу.
http://gegeenmariasumnomlol.blogspot.com/2014/12/2014-12-24_26.html
http://gegeenmariasumnomlol.blogspot.com/2014/12/2014-12-25.html

2014/12/24

Долоо хоногийн үйл явдал


Манай "Гэгээн Мариа сүм"-д ирэлтийн улирлаа угтаж олон арга хэмжээ зохион байгуулагдсан билээ. Ялангуяа нийгмийн халамжийн ажил чухал байр суурь эзэлдэг бөгөөд хүмүүс нийгмийн албаар уламжлан  тусламж болгон олон зүйл авчирч өгч байлаа. Мөн ирэлтийн улиралд бэлтгэх үүднээс итгэгчиддээ тасалбар тараан, наминчлалын ёслол зохион байгуулсан юм. Итгэгчдийнхээ гэр бүлийн итгэлийн амьдралд  тус болох үүднээс "Ариун гэр бүл"ийг бүлгэм тус бүрээс сонгосон гэр бүлүүдээр аялуулсан билээ. Мөн "Хайрын сургуулийн" хүүхэд багачуудад зориулан 12.20нд Христмас баярын арга хэмжээ зохион байгуулсан бол, томчуудын багш нар Христмас баяраа 12.21нд тэмдэглэн өнгөрүүлэв. Мөн Мисаны үеэр таван багш шинээр томилолт хүлээн авч нийт арван зургаан багштай болсон билээ. Христийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан эдгээрарга хэмжээнд идэвхитэй оролцсон итгэгч та бүхэндээ талархаж байна. Удахгүй болох Хистийн мэндэлсэн баярын Мисандаа хүрэлцэн ирэхийг урьж байна. 

2014/12/23

Залуучуудад зориулсан бясалгал

Энэ сарын 14нд манай "Гэгээн Мариа сүм" дээр залуучуудын бясалгал зохион байгуулагдсан билээ. Бясалгал Мисаны дараа үргэлжилсэн бөгөөд паришийн бүх залуучууд оролцсон юм. Бясалгалыг "Азийн залуучуудын VI наадам"-д оролцсон залуучууд удирдан паришийн бусад залуучууддаа зориулан бэлтгэснээр онцлогтой байлаа. Энэхүү бясалгалын талаар Одонгоо Анна өөрийнхөө сэтгэдлийг ийнхүү хуваалцсантай танилцана уу: 'Бид бясалгалаар дамжуулан хэрхэн өөрсдийгөөө ирэлтийн улиралд бэлтгэн, унтаа байдлаасаа сэрж, сэргэлэн цовоо өөдрөг итгэлтэйгээр Есүс Христийн төрсөн өдөр болох Христмасын баярыг тэмдэглэх талаар суралцлаа. Мөн залуучууд Азийн зургаадугаар их наадмын сүлд дууг хамтдаа дуулж бүжиглэн, гайхалтай ишлэлүүд болон өөрсдийн чин сэтгэлийн үгийг бусадтайгаа  хуваалцлаа. Бүгд нэг итгэл бишрэлтэй, бүгд нэг зорилго дор нэг өдрийг хамтдаа гайхалтай өнгөрүүлсэндээ баяртай байна.' ийнхүү өөрийн сэтгэгдлээ хуваалсан Анна болон энэ өдөр хүрэлцэн ирж гайхалтай мөчийг хамт өнгөрүүлсэн бүх залуучууддаа талархаад улам их амжилтын хүсэж байна.

Та бүхэн доорх линээр орж Азийн залуучуудын наадмын сүлд дууг монгол англи хадмалтайгаар авч үзнэ үү.

Мөн та бүхэндээ Пап лам Францисийн хэлсэн ишлэлүүд болон гайхалтай сургамжит үгүүдийг хүргэж байна.



2014/12/18

Пап лам Францисын уриалгаас

12/18/2014
Тэнгэрлэг Эзэн үүнийг ойлгомжтой хэлж өгч байна: чи хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэнгэрбурхан болон мөнгөний хооронд чи сонголтоо хийх ёстой.

12/16/2014
Сонсох гэдэг маш чухал! Эхнэр болон нөхөр нь гэр бүлийн амьдралд аз жаргал ба ариун гэгээн байдлыг авчирхын тулд харилцан холбогддог юм.

12/13/2014
Өнөөдөр миний сахил хүртэж санваартан болсон ойн тэмдэглэлт өдөр билээ. Миний болоод бусад бүх санваартнуудын төлөө залбирна уу.

12/12/2014
Бидний Гуадалупын Хадагтай минь, бидний төлөө залбирна уу!

12/11/2014
Байгаль орчин бол хүн төрөлхтний амьд явах үндэс; энэ бол бид бүхнийг хөндсөн ёс суртахууны асуудал юм. 

2014/12/11

Нийгмийн ажил буюу сайн үйлс

Жил бүр манай 'Гэгээн Мариа Сүм'-ээс хүйтний улирал ирж байгаатай холбогдуулан, тусламж хэрэгтэй айлуудад дэмжлэг өгөх зорилгоор нүүрс бэлтгэж, гэрт нь хүргэж өгдөг билээ. Энэ жил сүмийн ахлагч фр.Франциско болон нийгмийн ажлын албанаас 4тонн нүүрс бэлтгэн, сүмийн ажилчид  шуудайлж сонгосон айлуудад тарааж өгсөн юм.
Нэг айлд 10 шуудай буюу 250кг нүүрс өгсөн нь олон хүмүүсийн талахлыг хүлээсэн үйл хэрэг болсон билээ. Итгэгч бидний хувьд буяны ажил хийх, бусдад туслах нь хамгийн чухал үйлс байдаг.  Ялангуяа угтлага улирлаар аль болох бусдыг уучилж, бусдад  туслах  буюу буян үйлдэх, гэм нүглээ ухаарах  замаар хүн бүр өөрсдийгөө цэвэр ариун байдалд бэлтгэдэг билээ. Энэхүү нүүрс тараах ажил ч бас ирэлтийн улирлаа угтаж буй сайн үйлсийн нэг юм. Эдгээр хүйтэн өдрүүдэд нүүрс хүлээн авсан айл бүр даарч хөрөлгүй, Тэнгэрбурханы хайр ивээлээр амар тайван байж, баяр хөөртэй байгаа гэдэгт найдаж байна. Ахан дүүс та бүхэн ч мөн адил Тэнгэрбурханы хайр ивээлээр, чин сэтгэлээсээ бусдад туслаж сайн үйлс бүтээхийг уриалж байна.  

Залбирал


Ахан дүүс нараа, лам болохоор Солонгос улсад сурч байгаа Энх Иосефийн төлөө хамтдаа залбирхыг урьж байна. Түүний ёслолд оролцох боломжгүй  хэдий ч бид бүгд түүнтэй залбирлаараа хамт байх боломжтой билээ. Түүний деаконы ёслол өнөөдөр буюу 12 сарын 11нд Солонгос улсад болох бөгөөд Монголын цагаар 10 цагт, Солонгосын цагаар 11 цагт болно.