2015/12/11

Тохижолт үйлчилгээний компаний ажилчидтай уулзлаа.


Христийн мэндэлсэн баярын өмнө бид Ирэлтийн цаг улирлаар Аврагч Эзэнээ хүлээдэг билээ. Энэ жилийн Ирэлтийн баярын ээлжит сайн үйлс маань Хан-Уул дүүргийн тохижолт үйлчилгээний компанийг зорьсон юм. Жил бүр уламжлал болгон нийгмийн ажлаас явагддаг үйл ажиллагаа тул биднийг тухайн байгууллагын ахлагч дотноор угтан авсан юм. 


Манай хотыг эрүүл аюулгүй байлгахын тулд цаг агаарын байдлыг үл тоон өдөр бүр ажиллаж байдаг ах эгч нартаа өдрийн хоол, халуун аарцаар талархсан сэтгэлээ хуваалцан ярилцлаа. 

Хэдий багахан тус боловч сэтгэлийн томоохон хуваалцал ярилцлага байлаа. 







2015/12/09

Хан-Уул дүүргийн 2-р хорооныхоо хүүхдүүдэд туслав.







Манай Гэгээн Эх Мариа сүмийн залуучуудын санаачлагаар өөрсдөдөө байгаа зүйлсээ цуглуулан нийгмийн ажилд оролцлоо.

Тусламжаа хэрэгтэй хүнд нь хүргэхийн тулд тухайн Хан-Уул дүүргийн хорооны нийгмийн ажилтанд хандсан ба нийтдээ 25 хүүхдэд хувцас эд зүйлс ба хичээлийн хэрэглэлээр тусалсан юм. 


Нүүрс тараав.



       Манай Гэгээн Эх Мариа сүмийн нийгмийн ажил нь Ирэлтийн цаг улирлын энэ үеэр уламжлал болгон өрх толгойлсон гэр бүл болон өрхийн орлого доогуур айл өрхүүдэд нүүрсний тусламж үзүүлдэг билээ. 

Энэ жилийн нийгмийн ажлаас одоогийн байдлаар нийт 5 тонн нүүрс тараагаад байгаа бөгөөд нийт 20 гаруй өрх айлуудад тусламж болон очих юм. 

Хүйтний эрч чангарч буй энэ үед гэр бүлд нь багахан боловч тус болно гэж найдаж байна. Мөн энэхүү боломжийг олгосон Тэнгэрбурхандаа талархъя.




2015/12/02

Шашны энэрэл нигүүлслийн үйлчлэл 2015-2016 он

Энэрэл нигүүлслийн үйлчлэл


Эрхэмсэг Венсеслао Падилла, хамба лам, апостолик тэргүүн


Хайрт сүсэгтэн та бүхэндээ шинэ оны мэнд хүргэж, эрүүл энх аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.

Католик шашны туйлын мөн чанар гурван талт үүрэг хариуцлагаар илэрч байдаг тухай бид өнгөрсөн жил ярьсан билээ. Эдгээр үүрэг хариуцлага нь хайрын, дэг журамтай, бүлгэмийн, итгэл бишрэлийн, зохион байгуулалттай "Үйлчлэл"-ийн хэлбэрээр, эгэл сүсэгтэн, сахилт ах эгч, санваартан лам, хамба лам, пап ламын "Үйлчлэгчид"-ээр үйлдүүлэх "Шашны томилолт, даалгавар, үйлчлэл" байдгыг дахин сануулсан. Энэ нь үнэхээр энэрэл хайранд суурилдаг: "Хэрэв би өөрийн бүх л өмч хөрөнгөө тараан өгч, өөрийн биеийг шатаахаар тушаасан ч надад хайр байхгүй бол энэ нь надад ямар ч ашиггүй юм" (1Коринт 13,3)

Энэр хайр хэмээх нэр үг хүлээн зөвшөөрөх, уучлан өршөөх, дэмжин тэтгэх, чиглүүлэн шулуутгах, өөрчлөн шинэчлэх, зориулах, итгэх, хамт байх, хамааралтай байх, хуваалцах, хамгаалах гэсэн үйл үгийн өргөн утгатай. Хэнийг юуг хүлээн зөвшөөрч, уучлан өршөөж, дэмжин тэтгэж, чиглүүлэн шулуутгаж, өөрчлөн шинэчлэх вэ, хэнд юунд зориулж, итгэх вэ, хэнтэй юутай хамт байх вэ, хэнээс юунаас хамааралтай байх вэ, хэнийг юуг хуваалцаж, хамгаалах вэ гэдэг олон олон асуулт байдаг. Түүнээс гадна хэн юу , хаана, хэзээ, хэрхэн яаж гэх асуултууд ч бий.

Эдгээр олон асуултанд үнэн хариулт өгөх Эцэг, Хүү, Ариун сүнс гэсэн гурван бодгаль биеэс бүрдэх Тэнгэрбурхан билээ. Гэвч түүнтэй харилцах эрхтэй хүн нь ариун Сүнсний дуудлагыг зүрхэндээ хүлээн авч, Христийн амьдралаар Эцэгтэй нэгдэн, хамт амьдрагч Тэнгэрбурханаас нүүр буруулаагүй Христийн сүсэгтэн мөн билээ. Тэр өөрийн мөн чанарыг алдалгүй, бусадтай хамтдаа "нэг" байж, "нэгэн" итгэл үнэмшилийг хуваалцаж, гэм нүглээ хүлээн зөвшөөрч, өөрийгөө ялан гарахад бэлэн, сайны зүг эргэж чадах, Тэнгэрбурханы амлалт ба үнэнч байдалд горьдол найдвараа алдаагүй Христийн сүсэгтэн байх юм.

Тэнгэрбурханы Үгээр ухаажсан, түүнийг удирдлага болгосон хүмүүн хийгээд Шашны сургаал нь шашин шүтлэгийн дуудлагад зохих хариултуудыг өгч байдаг.

2015-2016 оны шашны хариуцлагатны жил Монгол дахь Католик Шашин нь шашин дэлгэрүүлэгч, эгэл сүсэгтэн, Хорооллын сүм, Хороо, Католик Шашны сургалтын албаар дамжуулан олон ажил үйлсийг зохион байгуулах юм.  Үүнд:

  • Монгол дахь бүх Католик Шашны амьдралыг хамтдаа илтгэх үйл ажиллагаа, шашны хариуцлагын стратеги зэрэг арга хэмжээг зохион байгуулах
  • Бусад шашны төлөөлөгчидтэй илүү тогтолцоотой, бүтэц бүхий харилцан яриаг өрнүүлэх
  • Монгол дахь Католик Шашны оршихуйн бусад хэлбэрийг эрж хайхдаа илүү ухамсартай байхын тулд шашин дэлгэрүүлэгч нар хэвшин тогтсон боломж бололцоог ашиглах
  • Монгол дахь Католик Шашны нэгж байгууллагуудын дундах хамтын хандлагыг хөхүүлэн дэмжих
  • Монгол дахь Католик Шашин нь Иерусалем, Антиох, Коринт, Ефес, Филипи, Колосай дахь анхны нэгдлүүдийн сайн мэдээний тунхаглалын анхдагч туршлагатай нэгдэх
  • 2009 оноос хойшхи Монгол дахь Католик Шашны сонголт нь "Оролцоот сүм" бөгөөд тэр нь сүмийн үйл ажиллагаа болон үйлчлэлд илүү олон монгол ах дүү нараа оролцохыг шаардах
  • Сүмдээ ирэхээ больсон Ариун Угаал хүртсэн сүсэгтнүүдийн дахин дуудан ирүүлэх
  • Есүс арван хоёр шавиа дуудсанчлан католик хүн бүр тийм тооны хүнийг Сүмдээ авчрах, Сүмтэйгээ холбох 
  • Монгол дахь Католик Шашны бодит байдлыг найз нөхөд, эцэг эх, хамаатан садандаа харуулахын тулд Хорооллудын сүмүүдэд "Нээлттэй хаалганы өдөр"-ийг зохион байгуулах
  • Хорооллын сүмүүдийн дунд туршлага солилцох
  • Буяны үйл ажиллагааг олшруулах
  • Томилолт, үйлчлэл, энэрэл нигүүлсэл, дуудлагын талаар номлох
  • "Энэрэл нигүүлслийн үүд"-ийг нээх
  • Эргэл мөргөлийн зохион байгуулах
  • Ядуус, залуус, ахмад настан нарт зориулан үйлчлэлийн үйл ажиллагааг санал болгох
  • Энэрэл нигүүлслийн сэдвээр бусад шашны төлөөлөгчидтэй семинар зохион байгуулах
  • Ядууст зориулсан буяны үйл ажиллагааг зохион байгуулах
  • Монгол хэлээрх шинэ Мөргөл бүхий Ромын уламжлалт Судар ном(Roman Missal)-ыг хэвлэх, тараах
  • Шашны хариуцлагатны төлөвлөгөөг тайлбарлах
  • Томилолт, үйлчлэл, энэрэл нигүүлслийн утга, агуулгыг тайлбарлах

Тэнгэрбурхан та бүхнийг ивээх болтугай!

Тэнгэрбурханы өгөөмөр Эх, Хүүгийн сүүлчийн сайн үгээр Шашны энэрэлт эх болсон (Иохан 19,26-27) дуулгавартай охин Мариа бидний төлөө зуучлан залбирах болтугай. 


Шашны ёслол үйлдэх календарь "2015-2016"-аас

2015/11/22

Христ Хааны баярын өдөр

Литургийн хуанлийн дагуу жирийн цаг улирлын сүүлийн бүтэн сайн өдөр бол Христ Хааны баярын өдөр юм. Баярын өдрийн нэрийн дагуу, хүн төрөлхтнийг аврахаар ирсэн Есүс Христ нь “Хаан” болохыг дурсан санадаг өдөр юм. Есүс нь улс төрийн эрх мэдлийг гартаа аван ард олныг барьдаг хаан бус, Өөрийн амийг золиослон ард олныг хүндэлсэн Аврагчийн төрхөөр иржээ. Өөрийгөө даруу байлгаснаар өргөмжлөгдсөн юм. 1925 онд Пап 11-р Пиу жирийн цаг улирлын сүүлийн бүтэн сайныг "Христ Хааны баярын өдөр” болгон тогтоожээ.

 Дорнодын мэргэд Иерусалимд ирж "Саяхан мэндэлсэн Иудейчүүдийн Хаан хаана байна?"(Матай 2,2) гэж асуухад Херод бас нэгэн хаан төрсөн гэж ойлгон ихэд айдаг. 
Пилат Есүсээс 
-Та Иудейчүүдийн Хаан мөн үү? гэхэд Тэр "Миний хаанчлал бол энэ ертөнцийнх биш." гэж хариулдаг. Иудейчүүд "Цезариас өөр хаан бидэнд байхгүй" хэмээн эзэн хааны өмнө Өөрийгөө хаан гэгч энэ Хүнийг суллавал тэр хүн Цезарийн анд нөхөр биш гэж Пилатыг тас хорьдог. (Иохан 19 бүлэг)
Үүний дүнд Есүсийг "Иудейчүүдийн Хаан Назарын Есүс" гэсэн пайзтайгаар загалмайд цовдолдог. Үүний адил бидний илчилдэг "Христ Хаан" нь энэ ертөнцийн айдаг аюул занал хийгээд эрх хүчний хаан бус, загалмайд Өөрийгөө Өргөл болгон өргөсөн өрөвч зөөлөн, амар амгалангийн Хаан, энэрэл хайр ба үйлчлэлийн Хаан юм. 

2015.11.22

2015/11/10

Дон Боско Хэвлэлийн газраас Шинэ номнууд ирлээ.




Дон Боско хэвлэлийн газраас номнууд ирлээ. Залуучуудын боловсрол сурган хүмүүжлийн ажилд өөрийн хувь нэмрээ оруулж байдаг уг хэвлэлийн газар нь энэ удаа бидэнд гадаадын уран зохиолуудаас орчуулан хүргэж байна.

Та уг номнуудаас авахыг хүсвэл Дархан-Уул аймагт байрлах "ДОНБОСКО" медиа-д шууд хандах эсвэл манай сүмд хандаж болох юм.



Энд орчуулагч Б. Наранбулаг-ийн

  1. Тольгүй улс /Ким Юл Хи
  2. Алтан гургалдай /Ханс Кристиан Андерсон
  3. Үнэнч бух /Эрнэст Хэмингуэй
  4. Жинхэнэ ба хуурамч хаан /Мартин Бубер
  5. Зургаан хэрээ /Лео Лионни
  6. Од хүү /Оскар Уайльд
  7. Тико ба алтан далавч  /Лео Лионни
  8. Улаан бөмбөг /Альберт Ламорис
  9. Саран цөөрөм /Иван Канчаев
  10. Миний доторх од /Эда Райнул
  11. Бяцхан хэсэг  /Лео Лионни
  12. Крэдэриг хулгана  /Лео Лионни
  13. Минийх!  /Лео Лионни
  14. Дэлхийн хамгийн том гэр  /Лео Лионни
орчуулагч Т.Баярцэцэг-ийн
  1. Тоонуудын амьдрал /Эхнэр нөхөр Кран
  2. Хэрчим өөдөс том бөөрөнхийтэй уулзсан нь /Шиль Шилвэрштэйн
  3. Шуналтай аварга хүн /Оскар Вайлди
  4. Бяцхан жонглёрчин /Бабара Кооней
  5. Өнгөрөн явсан хүмүүс /Эд Сулливан
  6. Харамгүй өгдөг мод /Шел Силверстей
орчуулагч Л. Ариунтуяа-ийн 
  1. Эртний нэгэн хулгана /Мэрсиа Браун
  2. Найзынхаа эрхэм чанарыг таньсан хаан /Лиус Дэ Хорна
  3. Бремен хотын хөгжимчид /Ах дүү Гримм
  4. Өөр өөрийн өнгө  /Лео Лионни
  5. Цэг ба шугам /Нортон Жастер
орчуулагч А. Гэрэлт-Од
  1. Цэцэгсийн игэл найдвар /Трина Паулус
Перс ардын үлгэр 
  1. Ид шидийн ой


2015/11/04

11 сар нь Насан эцэслэгчдийг тайтгаруулах Ариун сар

11 Сар нь Насан эцэслэгчдийг тайтгаруулах ариун сар бөгөөд энэ сарын 2нд Католик сүмийн итгэгчид бид ХАМАГ ИТГЭЛТ ТАЛИЙГААЧДЫГ ДУРСАХУЙ-н өдрийг тохиолдуулан хамтдаа залбирдаг билээ. 

Энэ залбиралдаа бид талийгчид ялангуяа арилгах оронд байгаа талийгчдийн төлөө залбирдаг. 

Арилгах оронд ариусгагдаж байгаа сүнснүүдэд бид хэрхэн туслаж болох вэ?
Гэгээнтнүүдийн нэгдлийн тусламж дэмжлэгтэйгээр газар дэлхийд түр оршин сууж буй сүсэгтнүүд нь залбирлаар, ялангуяа Эвхаристын золиосоор дамжуулан арилгах оронд буй сүнснүүдэд тусалж болдог. Мөн өглөг, өршөөл, гэмшлийн үйлсээрээ тэдэнд туслах боломжтой. 
 Үхэл гэгч хувь тавилан

"Үхдэггүй хүн, үгүйрдэггүй баян гэж байдаггүй" гэсэн монгол ардын зүйр цэцэн үг бий. Үхэлтэй хэзээ, хаана, яаж тулгарахаа хэн ч мэддэггүй.  Үхэл нь энэ ертөнцөд хуримтлуулсан эрхэм нандин зүйлс төдийгүй хайртай хүмүүсээс минь ч үүрд хагацахад хүргэдэг зүйл учир үхлийг мэдээж уйтгар гуниг ба зовлон дагадаг. Мөн үхэл бол зөвхөн ганцхан удаа л тохиолддог бөгөөд буцааж үл болох зүйл учир үхлийн дараах явдлыг ярьж өгдөг хүн байдаггүй. Иймд үхлийн тухай хүн төрөлхтөн зөнгөөрөө айдас хүйдэс, түгшүүрт автагддаг. 
Нөгөө талаар, үхэл нь хүн төрөлхтөнд өөрсдийн амьдралаа эргэн харж, гэмшин ухаарах боломжийг олгодог. 



 Энэ дэлхийн амьдрал бол Тэнгэрбурханаас ирсэн зүйл бөгөөд үхэл нь Тэнгэрбурхан руу буцаж буй хэрэг юм. Иймд бид өдөр бүр амьдралаа эргэн харж, Тэнгэрбурханд талархлыг өргөснөөр мөнхийн амийн тухай итгэл найдвар өвөрлөн, үхлээс айлгүй амьдрахыг хичээцгээе. 




Үхлийн дараа...

  1. Тэнгэрийн орон -Диваажин 
  2. Арилгах орон -Зуурдын орон
  3. Там
Тэнгэрийн орон - Тэнгэрбурхантай хамт байх ивээгдсэн байдлыг илэрхийлдэг ба бид тэнгэрийн оронд орох нь төгс аз жаргалыг бэлгэддэг.

Арилгах орон - Тэнгэрбурханы ивээл хайран дотор нас барсан боловч бүрэн төгс цэвэршээгүй хүмүүс Тэнгэрбурханы хаанчлалд орохын тулд дамжин өнгөрөх ёстой цэвэршлийн явцыг хэлнэ. 

Там - Хүн төрөлхтний хүсэн мөрөөддөг амь ба аз жаргалыг өгөгч Тэнгэрбурханаас үүрд тусгаарлагдахыг хэлдэг. Тэнгэрбурхан гэмтнийг хаядаг бус харин тэд өөрсдөө Тэнгэрбурханы ивээлээс татгалзсанаас там гэдэг мөнхийн зовлонт байдалд унах болдог.