2016/08/22

Б.Энх Иосефийн төлөөх залбиралт ес Тавдугаар өдөр

ТАВДУГААР ӨДӨР
Өвчтний төлөө.
Тунгаан бодох Библийн хэсэг: 2Ко. 12:7-10;
Дуу 88.

Өө, ЭЗЭН, миний авралын Тэнгэрбурхан,
Би өдрөөр болон шөнө ч Таны өмнө хашхирсан.
Миний залбирлыг Өөрийнхөө өмнө авчраач.
Миний хашхиралтад чихээ тавиач.
Учир нь миний сэтгэл зовлон бэрхшээлийг хангалттай авсан бөгөөд
Амь минь Үхэгсдийн оронд ойртсон.
Би доошоо нүх уруу буугчдын дунд тоологдсон.
Би хүч чадалгүй хүнтэй адил,
Үхэгсдийн дунд хаягдсан,
Булшинд тавигддаг үхдэлтэй адил болсон.
Та тэднийг дахин санахгүй бөгөөд
Тэд Таны мутраас таслагдсан.
Та намайг хамгийн гүнзгий нүхэнд,
Харанхуй газруудад, гүнд тавьсан.
Таны уур хилэн намайг хүндээр дарсан бөгөөд
Та Өөрийн бүх давалгаагаар намайг зовоосон. 
Та миний танилуудыг надаас холдуулсан.
Та намайг тэдэнд жигшүүрт зүйл болгосон.
Би түгжигдсэн бөгөөд гарч чадахгүй болсон.
Гай зовлонгоос болж нүд минь ч сульдсан.
Өө, ЭЗЭН, би Таныг өдөр бүр дуудсан.
Би Тан уруу гараа сунгасан.
Та үхэгсдэд зориулсан гайхамшгуудыг үйлдэх үү?
Үхэгсдийн сүнснүүд босоод, Таныг магтах уу?
Таны хайр энэрэл булшинд,
Таны итгэлтэй байдал сүйрлийн газарт тунхаглагдах уу?
Таны гайхамшгууд харанхуйд мэдэгдэх үү?
Таны зөв шударга байдал марталтын газар мэдэгдэх үү?
Харин ЭЗЭН, би тусламж гуйн Тан уруу хашхирсан бөгөөд
Өглөөд миний залбирал Таны өмнө ирдэг.
Өө, ЭЗЭН, Та юунд сэтгэлийг минь хаяна вэ?
Юунд Та надаас нүүрээ нууна вэ?
Би залуугаасаа зовж, үхэх шахсан.
Би Таны аймшгуудыг амсдаг. Би тэвдэж байна.
Таны шатаж буй уур хилэн миний дээгүүр өнгөрсөн.
Таны аймшгууд намайг сөнөөсөн.
Тэдгээр нь намайг ус мэт өдөржин хүрээлсэн.
Тэд хамтдаа намайг бүсэлсэн.
Та амраг хайрт болон анд нөхрийг надаас холдуулсан.
Танилууд минь ч харанхуйд байна.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Паул Элч Гэгээнтэн, та өвчтөй байсан үедээ ч Галатчуудад Сайн Мэдээг түгээхдээ эргэлзэн тээнэгэлзэлгүй харин махан бие дэх өргөс мэт байнгын өвчнийг тэвчин тэссэн юм. Аугаа элч ээ, эмнэлэгт хэвтэж буй, эдгэршгүй өвчний улмаас зовж шаналан буй, эмчилгээ хийлгэхэд санхүүгийн эх үүсвэргүй, вакцин ба шинэ эм тариа гаргаж авахаар лабораторид судалгааны ажлыг хийж буй хүмүүс, эмнэлэгт ажилладаг хүмүүсийн төлөө Эзэн Есүс Христэд та зуучлан залбирна уу. Тэдгээр хүмүүс жинхэнэ эмч Эзэн Есүсээс тайтгарлыг хүртэхийн төлөө та залбиран соёрхоно уу.
Паул Элч гэгээнтэн, Тахилч Энх Иосеф-д хэрэгтэй амар тайвны хишиг ивээлийг та түүний төлөө залбиран гуйна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).

Б.Энх Иосефийн төлөөх залбиралт ес Дөрөвдүгээр өдөр

ДӨРӨВДҮГЭЭР ӨДӨР
Ард түмний эвлэрлийн төлөө.
Тунгаан бодох Библийн хэсэг: Флп. 2:1-11;
Дуу 24.
Дэлхий болон түүнийг дүүргэдэг бүхэн,
Ертөнц хийгээд түүнд оршигчид ЭЗЭНийх юм.
Учир нь Тэрээр далайнууд дээр түүний эх суурийг тавьж,
Гол мөрнүүд дээр түүнийг байгуулсан юм.
ЭЗЭНий уул өөд хэн авирч болох вэ?
Түүний ариун газарт хэн зогсож болох вэ?
Цэвэр гартай, ариун зүрхтэй,
Хуурмаг байдалд сэтгэлээ өргөөгүй,
Худал тангараг тавиагүй хүн тэгэх юм.
Тэрээр ЭЗЭНээс ерөөлийг,
Авралынхаа Тэнгэрбурханаас зөвтгөлийг хүртэх болно.
Энэ бол Түүнийг хайгчдын үе юм.
Иаковын Тэнгэрбурхан, Таны нүүрийг хайгчдын үе юм. 
Сүр жавхлангийн Хаан орж ирэхийн тулд
Дааман хаалганууд аа, толгойгоо өргөж,
Мөнхийн хаалганууд аа, өргөгдөгтүн.
Сүр жавхлангийн Хаан гэж хэн бэ?
Хүчтэй, чадалтай ЭЗЭН,
Тулалдаанд чадалтай ЭЗЭН юм.
Сүр жавхлангийн Хаан орж ирэхийн тулд
Дааман хаалганууд аа, толгойгоо өргөж,
Мөнхийн хаалганууд аа, өргөгдөгтүн.
Тэр сүр жавхлангийн Хаан гэж хэн бэ?
Түмэн цэргийн ЭЗЭН,
Тэр бол сүр жавхлангийн Хаан юм.


ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Еврей гаралтай харь үндэстэн ба Христийн сүсэгтнүүдийн хоорондох эвлэрлийн төлөө хүчин чармайлт гарган, Паул Элч гэгээнтэн, хагарал бутрал, алан хядах үйл ажиллагаа, дайн дажин, үндэстэн хоорондын тэмцэлдээн ба хүч чадалтай нь шалгаран үлдэх нь хууль болсон бидний дэлхийг та нигүүлсэнгүй мэлмийгээрээ ивээн соёрхоно уу. Аугаа элч ээ, дайн дажин гарч буй улс орнууд, захиран дарангуйлах дэглэм дор зовон байгаа, үндэстэн хоорондын өрсөлдөөнийг намжаахын төлөө Эзэн Есүс Христэд та зуучлан залбирна уу. Дайн дажин хийж буй хүмүүсийг эвлэрүүлэх томилогдсон хүмүүсийн төлөө та онцгойлон зуучлан залбиран соёрхоно уу.
Паул Элч гэгээнтэн, Тахилч Энх Иосеф-д хэрэгтэй төлөв даруу байдлын хишиг ивээлийг та түүний төлөө залбиран гуйна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).

2016/08/21

Б.Энх Иосефийн төлөөх залбиралт ес Гуравдугаар өдөр


ГУРАВДУГААР ӨДӨР

Сэтгэл гонсойсон үед зориг зүрхтэй байхын төлөө.




Тунгаан бодох Библийн хэсэг: Үйлс 9:22-30;
Дуу 41.
Дорой хүмүүсийг анхааран халамжлагч нь юутай ерөөлтэй вэ!
Зовлонгийн өдөрт ЭЗЭН түүнийг аварна.
ЭЗЭН түүнийг хамгаалан, амьдруулах бөгөөд
Тэрээр газар дэлхий дээр ерөөлтэй хэмээгдэх болно.
Та түүнийг дайсных нь хүсэлд бүү өгөөч.
ЭЗЭН түүнийг өвчтөний оронд хэвтэж байхад нь тэтгэнэ.
Та түүнийг өвчтэй байхад нь сэргээн босгоно.
Би "ЭЗЭН, намайг нигүүлсээч.
Би Таны эсрэг нүгэл үйлдсэн учраас миний сэтгэлийг эдгээгээч" гэв.
Миний дайснууд намайг муулан
"Тэр хэзээ үхэж, түүний нэр үгүй болох вэ?" гэж ярилцдаг.
Тэр намайг харахаар ирэхдээ худал ярьдаг.
Тэрээр зүрхэндээ хорон мууг агуулаад
Гадагш гарахдаа түүнийгээ тараадаг.
Намайг үзэн ядагч бүхэн миний тухай шивнэлддэг.
Намайг хорлохоор тэд хуйвалдан
"Тэр хорт өвчин туссан. Тэр хэвтээд дахин босож чадахгүй" гэнэм.
Миний итгэдэг,
Миний талхыг идэж байсан дотно найз минь ч
Миний эсрэг өсгийгөө өргөсөн.
Гэвч ЭЗЭН, Та намайг нигүүлсэж,
Тэдэнд хариу барихын тулд намайг босгооч.
Миний дайсан намайг ялсан дуугаар хашхирдаггүй учир
Та намайг таалдгийг би үүгээр мэднэ.
Та намайг миний үнэнч байдлын дунд түшиж,
Намайг Өөрийн өмнө мөнхөд байлгадаг.
Израилийн Тэнгэрбурхан ЭЗЭН мөнхийн мөнхөд магтагдах болтугай!
Амен, амен.
ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Паул Элч Гэгээнтэн, анд нөхөд тань таныг үгүйсгэж байсныг та санана уу. Зарим нь таныг хөнөөн завдах санал нэгтгэж, зарим нь таныг үл хүлээн авсан. Энэхүү хэцүү бэрхийн дундаас тэнгэрлэг авралд итгэл найдвараа та алдаагүй билээ. Аугаа элч ээ, анд нөхдөөсөө урван тэрсэлсэн, амьдралдаа сэтгэл гонсойсон мөн орхигдсон хүмүүсийн төлөө Эзэн Есүс Христэд та зуучлан залбирна уу. Сэв суусан нөхөрлөл хийгээд салсан хосууд “намайг та нарыг хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун” хэмээн Эзэн Есүсийн үгийг сахихын тулд та тэдний төлөө залбиран соёрхоно уу.

Паул Элч гэгээнтэн, Тахилч Энх Иосеф-д хэрэгтэй энэрэл хайрын хишиг ивээлийг та түүний төлөө залбиран гуйна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).



2016/08/20

Б.Энх Иосефийн төлөөх залбиралт ес Хоёрдугаар өдөр


ХОЁРДУГААР ӨДӨР
Тэнгэрбурханы дур тааллыг нягтлан ойлгохын төлөө. 



Тунгаан бодох Библийн хэсэг: Гал. 1:13-24;
Дуу 95
Ирэгтүн, ЭЗЭНд баясалтайгаар дуулцгаан,
Авралынхаа хаданд баяртайгаар хашхирцгаая.
Түүний өмнө талархалтайгаар ирж,
Түүнд дууллуудаар баяртайгаар хашхирцгаая.
ЭЗЭН бол аугаа их Тэнгэрбурхан бөгөөд
Бүх бурхдын дээд аугаа Хаан юм.
Дэлхийн гүн газрууд Түүний гарт байдаг бөгөөд
Уулсын шовх оройнууд ч бас Түүнийх.
Далай ч Түүнийх. Учир нь Тэрээр түүнийг бүтээсэн Нэгэн бөгөөд
Түүний мутар хуурай газрыг ч дүрсэнд оруулсан.
Ирэгтүн, мөргөж, бөхийн,
Биднийг бүтээгч ЭЗЭНий өмнө өвдөг сөгдөцгөөе.
Учир нь ЭЗЭН бол бидний Бурхан бөгөөд
Бид Түүний хариулдаг хүмүүс, Түүний мутрын хонин сүрэг юм.
Өнөөдөр та нар Түүний дууг сонссон бол
Мерибад болсны адил,
Цөлд Массагийн өдөр болсны адил зүрхээ бүү хатууруул.
"Та нарын эцэг өвгөд сориход,
Миний үйлсийг харсан хэрнээ Намайг шалгахад нь
Дөчин жилийн турш Би тэр үеийнхэнд цухалдаж,
Тэднийг зүрхэндээ төөрөлдсөн бөгөөд
Миний замуудыг мэддэггүй хүмүүс хэмээн айлдсан.
Тиймээс Би уурандаа
Үнэхээр тэд Миний амралт уруу орохгүй хэмээж андгайлсан".


ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
·     Паул Элч Гэгээнтэн, өөрийн амьдрал дахь Тэнгэрбурханы дур тааллыг нягтлан ойлгохын тулд та Дамаск хотоос гарч, Арабын цөл рүү нуугдан явж, бясалгасан. Цөлд байхад, эрт цагт Мосетэй ярьсныхаа адил Тэнгэрбурхан тантай дотоод сэтгэлээр ярьсан билээ. Аугаа элч ээ, юмыг анхааралтай сонсох хандлага, алив зүйлийг нягтлан ойлгох билиг авьяас, Тэнгэрбурханд итгэх итгэл үнэмшил мөн өөрийн хувиа бодохоос Тэнгэрбурханы дур тааллыг юм бүхний дээгүүр тавих хишиг ивээлийг хүртэхийн тулд та Эзэн Есүст миний төлөө зуучлан залбирна уу. Миний амьдралын энэхүү мөчид хэрэгтэй хамгийн чухал хишиг ивээлийг олж мэдэхэд та надад туслана уу.

Паул Элч гэгээнтэн, Тахилч Энх Иосеф-д хэрэгтэй эрүүл мэндийн хишиг ивээлийг та түүний төлөө залбиран гуйна уу.
Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).

2016/08/19

Б.Энх Иосефийн төлөөх залбиралт ес өнөөдрөөс эхэлж байна

Монгол дахь католик Шашны хувьд томоохон үйл явдал болох анх удаа монгол хүн Санваарын сахилыг хүртэх ёслол энэ сарын 28нд болно. Сайн Мэдээ дэлгэрүүлэхийн төлөө хүлээн авдаг энэ ёслол нь Долоон Ариун Ёслолын нэг бөгөөд Тэнгэрбурханы ариун дуудлагыг хүлээн авч Түүний томилолтын дагуу насан туршдаа сахилыг даган амьдрахыг хэлдэг. Бид бүхний сайн таних Дикон
Б.Энх Иосефийн энэхүү Дуудлагын Сонголт нь сүсэг бишрэл нэгт ахан дүүс бидний хувьд онцгой чухал үйл явдал тул түүний төлөө хамтдаа Залбиралт ес буюу есөн өдрийн залбирлыг хамтдаа өргөцгөөе.

ПАУЛ ЭЛЧ ГЭГЭЭНТЭНД ХАНДАХ ЗАЛБИРАЛТ ЕС


Харь үндэстнүүдэд илгээгдсэн Элч, Паул гэгээнтэн, бидний төлөө залбиран соёрхоно уу.

НЭГДҮГЭЭР ӨДӨР
                                                                Гүн гүнзгий эрс өөрчлөлтийн төлөө.

 
 



Тунгаан бодох Библийн хэсэг: Үйлс 9:1-20;
Дуу 51.
Тэнгэрбурхан, Өөрийн хайр энэрлийнхээ дагуу намайг нигүүлсээч.
Өөрийн аугаа өршөөлийн дагуу миний алдаа зөрчлийг арилгаач.
Гэм буруугаас минь намайг гүйцэд угааж,
Нүглээс минь намайг цэвэрлээч.
Учир нь би алдаа зөрчлөө мэдэх бөгөөд
Миний нүгэл үргэлж миний өмнө байдаг.
Таны эсрэг, зөвхөн Таны эсрэг би нүгэл үйлдэж,
Таны мэлмийд бузар мууг хийлээ.
Тиймээс Та айлдахдаа зөвтсөн бөгөөд
Шүүх үедээ гэм зэмгүй болой.
Харагтун, гэм буруугийн дунд би төрсөн бөгөөд
Нүглийн дунд эх минь намайг олж тээсэн.
Харагтун, сэтгэлийн гүнд үнэн байхыг Та хүсдэг бөгөөд
Миний дотор Та надад мэргэн ухааныг мэдүүлнэ.
Намайг хиссопоор цэвэршүүлээч,
Тэгвэл би цэвэр болно.
Намайг угаагаач,
Тэгвэл би цаснаас цагаан болно.
Надад баяр хөөр, баясгалангийн дууг сонсгооч.
Өөрийн яйруулсан ясыг Та баясгаач.
Миний нүглээс нүүрээ буруулж,
Миний бүх гэм бурууг арилгаач.

Тэнгэрбурхан, миний дотор цэвэр зүрхийг бүтээж,
Миний дотор зөв сүнсийг шинэчлээч.
Өөрийн оршихуйгаас намайг бүү холдуулаач.
Өөрийн Ариун Сүнсийг надаас бүү аваач.
Авралынхаа баясгаланг надад сэргээж өгч,
Хүслэнт сүнсээр намайг тэтгээч.
Тэгвэл би нүгэлтнүүдэд Таны замуудыг заах бөгөөд
Нүгэлтнүүд Тан уруу буцаж эргэх болно.
Тэнгэрбурхан, миний авралын Тэнгэрбурхан,
Намайг цусны буруугаас авраач.
Тэгвэл хэл минь Таны зөв шударгыг баясгалантайгаар дуулна.
ЭЗЭН, миний ам Таны магтаалыг тунхаглахын тулд
Миний уруулыг нээгээч.
Учир нь Та тахилд баярладаггүй.
Тийм бишсэн бол би түүнийг өргөх байсан.
Та шатаалт тахилыг таалдаггүй.
Тэнгэрбурханд өргөх тахил бол эмтэрсэн сүнс юм.
Тэнгэрбурхан, эмтэрсэн, гэмшдэг зүрхийг Та жигшихгүй.
Өөрийн тааллаар Сионд сайныг үйлдээч.
Иерусалимын хэрмийг барьж босгооч.
Тэгээд Та зөв шударга тахилууд,
Шатаалт тахил болон бүтэн шатаалт тахилд баярлана.
Тэгээд Таны тахилын ширээн дээр залуу бухнууд тахигдана.


ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
+ Паул Элч гэгээнтэн, Христэд итгэгчдийг хавчин дарахыг ихэд хүсэж явахад та Дамаск хотын замаар Эзэн Есүс Христтэй дайралдсан билээ. Түүний энгүй нигүүлслийн ачаар та хавчигч нэгэн байснаас идэвхтэй шашин дэлгэрүүлэгч болж өөрчлөгдсөн юм. Аугаа элч ээ, гүн гүнзгий эрс өөрчлөлтийн хишиг ивээлийг хүртэх, үндсэн гаж буруугаа ялан дийлэх, сорилтоос татгалзах, эвлэрлийн үндсэн ёслолд тууштай байхын тулд та миний төлөө та Эзэн Есүст зуучлан залбирна уу.

Паул Элч гэгээнтэн, Тахилч Энх Иосеф-д хэрэгтэй мэргэн ухааны хишиг ивээлийг та түүний төлөө залбиран гуйна уу.

Тэнгэр дэх Эцэг минь ээ (1 удаа), Амар амгалан Мариа минь ээ (3 удаа), Алдаршуулал (1 удаа).


2016/08/11

Амар амгалан та нартай хамт байх болтугай. Жу ХэЮн Иосеф

Жил бүр бидний дотноор хүлээн авдаг Дэжон католик дээд сургуулийн оюутнууд маань өөрсдийн сургуулийн дэмжигч гишүүдэд зориулан гаргадаг '하늘 가는 길'  буюу Тэнгэр лүү явах замд мэдээний 2016 оны 8-р сарын дугаарт Монголын маань тухай бичжээ. Бидэнтэй өнгөрүүлсэн цаг хугацаа болон дурсамж бүхэн сүмийн итгэгч ахан дүүсийн итгэл, нэгдэл болон хайрыг улам бэхжүүлж байхыг ерөөе. 

Хүндэт Дэжон Католик дээд сургуулийн дэмжигч гишүүд ээ

Сайн байцгаана уу? Жу Хэ Юн Иосеф гэдэг, Би одоогоор 4-р курсээ дуусгаад түр хугацаагаар сургуулиа орхин Муратуриум гэх шашны туршлагажилтын хугацааг өнгөрүүлж байна.
Санваартны сургуулийн Муратуриум оюутнууд нь одоо ганцаар эсхүл бүлгээр тархан сүм болон дэлхийтэй өөрийн биеэр танилцаж байна. Мөн тэрхүү туршлагаар Есүсийн санваартны үүргийг мэдрэн харж, тэр үүрэгт бэлтгэгдэж байна.

Би саяхан Муратуриумын нэг хэсэг болох Монгол дахь Шашин дэлгэрүүлэлттэй танилцаад ирлээ. Монгол дахь Шашин дэлгэрүүлэлт нь албан ёсоор 23 жилийн өмнө 3 санваартнаар эхлэн одоог хүртэл янз бүрийн шашны бүлгэм ба Дэжон хүрээний санваартнууд монгол итгэгчдийн хамт Шашныг босгон байгуулж байна. Хэдийгээр Ариун Угаал хүртсэн итгэгч 1200 хүн ч, ариун угаал хүртээгүй олон сонсогчид, хүүхдүүд хамтдаа миса өргөж байна. Мөн 8 сарын сүүл гэхэд Дэжон Католик дээд сургуульд хамтдаа суралцаж байсан Дикон Энх Монголын анхны санваартан болж сахил санваарын ёслолыг хүртэх юм. Ийнхүү Монгол дахь католик Шашин нь аажмаар тасралтгүй өргөжин хөгжиж байна. Би энэхүү Монгол дахь католик Шашны хамт өнгөрүүлсэн 3 сарын хугацаанд олон зүйлийг үзэн, мэдэрч чадсан юм.

Сайн мэдээ дэлгэрүүлэгч гэдэг нь гагцхүү тухайн газрын хүмүүст хайрыг “өгдөг” хүн бус, тэр газарт тэр хүмүүстэй хамт хоорондоо хайрыг “хуваалцдаг” хүн байсан юм. Цаашлаад санваартан нь бусдыг хайрлан, удирдах ёстой оршихуй төдий бус хамтдаа хайрыг хуваалцан тэдний дунд амьдрах ёстой гэдгийг мэдрэн бясалгаж чадсан юм. Надад энэ туршлагыг олж авахыг зөвшөөрсөн Тэнгэрбурханд талархъя. Мөн санваартны сургуулийн оюутан бидэнд энэхүү туршлагыг олж авахад залбирал ба анхаарал халамжаараа тусалсан .дэмжигч та нартаа чин сэтгэлээсээ талархъя. Та бүхний ачийг хүн нэг бүрт хариулж чадахгүй ч сайн санваартан болохыг хичээх болно. Монгол дахь католик Шашны төлөө та бүхний анхаарал ба залбирлыг хүсэхийн хамт бидний болон та бүхний гэр бүлд амар амгалан үргэлж байхын төлөө цаг ямагт залбирах болно. Баярлалаа.


Амар амгалан та нартай хамт байх болтугай. 



орчуулсан: Байгалмаа Марианна 

2016/07/29

Энэ зуны сургалт семинаруудаас ...

 Нарлаг зуны өдрүүд ар араасаа хөвөрсөөр нэг мэдэхэд долоон сар дуусаж байна. Зуны саруудад сүмийн сүсэгтэн ахан дүүс маань ч гэр бүл найз нөхдийн хамт зугаалсаар.

Сүмийн зүгээс зохион байгуулсан хэд хэдэн семинар болон зуслангийн тухай товч танилцуулъя


      1.      Гэгээн Эх Мариа сүм буюу манай сүм 6 сарын 23-26ны хооронд Зуны Хайрын сургуулийн нэрэмжит хүүхэд залуучуудын зуны зусланг Төв аймагт зохион явууллаа. Энэхүү зусланд бид хүүхэд залуусынхаа хамт өөрсдийн итгэл бишрэл хийгээд эв нэгдлийг чухалчлан, хамтдаа дуу шүлэг болон эргэцүүлэл, залбирал, тоглоом гэх мэт  хөгжилтэй хөтөлбөрийн хамт байлаа.
 
2.       Католик Шашны багш нарын сургалт. Энэхүү сургалт семинар нь 7 сарын 1-3ны хооронд Хандгайт зусланд Монгол дахь католик Шашны нийт багш нарын төлөө Шашны хариуцлагатны багийн дор зохион байгуулагдаж өнгөрлөө. Энд бид Эгэл сүсэгтний үйлс гэсэн сэдвийн дор:
a.       Эгэл сүсэгтэн гэж хэн бэ, түүний үүрэг хариуцлага
b.      Шинэ гэрээн дэх эгэл сүсэгтнүүд
c.       Сүмийн үйлчлэл
d.      Монгол дахь католик Шашин
e.      Харилцаа ба заах арга барил
f.        Нийгэм дэх эгэл сүсэгтнүүд гэсэн сэдвүүдээр сургалт явагдав.
Монгол дахь католик шашны томоохон үүрэг хариуцлагыг үүрсэн багш нарын хамт хийсэн семинар маань Эзэний бидэнд өгсөн томилолтыг ахин сануулсан, сэргээн шинэчилсэн арга хэмжээ байсан юм.




3.       Монгол дахь католик Шашны залуучуудын хорооноос өсвөр үеийн залуучуудын төлөө 7 сарын 20-22нд нийт 100 орчим залуусын хамт зуны сургалт зусланг амжилттай зохион байгууллаа. Энд Монгол дахь бүх сүмүүдээс залуучууд маань цуглан уулзаж хамтдаа өөрийн Эзэнд талархал магтаалын залбирлыг өргөн Тэнгэрбурхантай тогтоох харилцаа ба дуудлагын тухай семинар сонссон юм. Хүүхэд залуус маань бие биентэйгээ танилцан нөхөрлөхийн зэрэгцээ авьяас чадвар, инээд хөөрөө хуваалцсан сайхан өдрүүдийг хамтдаа өнгөрүүлсэн юм.


 
4.       Гэгээн Эх Мариа сүм болох манай сүмийн хайрын сургуулийн зүгээс үргэлжлүүлэн  7 сарын 23-24нд өсвөр насны охидынхоо төлөө “Охидын өдөр” өдөрлөгийг явууллаа. Энд манай сүмийн өсвөр насны охид хамрагдсан ба багш нарынхаа хамт өсвөр насны охидын төлөөх хуваалцал ба Би хэн бэ? нэртэй эргэцүүлэл хичээлийг хүлээн авсан юм. Найз нөхөрлөл, үерхэл хайр ба ирээдүйн мэргэжил гэх мэт олон олон зүйлийг багцлан агуулсан богинохон авч хэрэгтэй цагуудыг хамтдаа өнгөрүүлсэн юм.


Энэ бүх үйл ажиллагааг Монгол дахь католик Шашны хороо ба багуудаас мөн манай сүмээс нийт итгэгч ахан дүүсийнхээ төлөө зохион байгуулсан бөгөөд хурэлцэн ирж оролцсон багш, хүүхэд залуучууддаа талархсанаа илэрхийлэхийн хамт биднийг идэвхтэйгээр дэмжин оролцуулсан сүмийнхээ ахлах санваартан Франциско Хо болон туслах санваартан Томас Ру нартаа талархсанаа илэрхийлье. 

Удахгүй ахин хөгжилтэй, дурсамж дүүрэн мөн илүү хөгжин дэвших олон арга хэмжээ та биднийг хүлээж байгаа шүү.