2017/01/17

Хүн зүрх сэтгэлээ нээж үнэн сэтгэлээсээ Тэнгэрбурханд үйлчилбэл Түүний хишиг ивээл дүүрэн ирнэ

АХМАД ИТГЭГЧ Р. ЭРДЭНЭЭ АЛЕКСАНДРТАЙ ЯРИЛЦЛАА 
Сайн байна уу? Юуны өмнө манай сэтгүүлд  ярилцлага өгч байгаад баярлалаа. Та өөрийгөө танилцуулаач.
Намайг Эрдэнээ Александр гэдэг. Би Эхнэр 2 хүүгийн хамт амьдардаг. Эхнэр хувиараа хөдөлмөр эрхэлдэг. 2 хүүхэд сургуульд сурч байна. 
  Миний итгэлийн амьдралд хөл тавихад хамгийн их нөлөө үзүүлсэн хүн бол Нямсүрэн Тереза билээ. Тэрээр надад анх католик шашны түүх, уламжлал, ёс жаягийг маш тодорхой ойлгомжтойгоор хэлж өгсөн ба тэр цагаас одоог хүртэл өөрийн итгэл бишрэлийнхээ хүчээр сайн сайхан явж байна. Католик шашинд орсноор би амар амгалан, хайр энэрэл, тэсвэр тэвчээр, бусдыг уучлах, хөршөө хайрлах зэрэг, Тэнгэрбурханаас өгсөн ивээлүүдийг авч байгаадаа маш их баяртай байдаг. Миний баптизмын нэрийг Александр гэдэг. Энэ гэгээн хүн нь Италийн нэгэн хамба лам байсан.


 Түүний нэрийн баярын өдөр нь миний төрсөн өдөртэй таардаг тул энэ нэрийг сонгосон. Миний итгэлийн амьдралд тохиолдсон дурсамжтай зүйл нь Монгол дахь Католик шашны 20 жил, Гэгээн Эх Мариа сүмийн 10 жилийн ойд зориулсан Эргэл мөргөл явган аялал байсан. Одоог хүртэл тэр үе сэтгэлд тодхон дурсамж болон үлджээ. Тэр аяллаар бид олон бэрхшээл саадыг огт ажрахгүйгээр давж Тэнгэрбурханы хүчээр зорьсон зорилгоо биелүүлсэндээ сэтгэл хангалуун байдаг. Хүн зүрх сэтгэлээ нээж үнэн сэтгэлээсээ Тэнгэрбурханд үйлчилбэл Түүний хишиг ивээл дүүрэн ирнэ гэж хэлмээр байна.

Та одоогоор ямар ажил эрхэлж байна вэ?
Би одоо өөрийн сүмд аж ахуй, тохижилт хариуцсан менежерээр 4 дэх жилтэйгээ золгож байна. Энэ мөчийг ашиглан сүмийн ахлах санваартан Хо. Францискод баярлаж явдгаа илэрхийлмээр байна. Анх ажилд орох санал тавьж одоо хүртэл ажиллаж байгаадаа маш их баярлаж байна.


Та мөн сайн дураараа хийж байгаа ажлаа танилцуулна уу?
Би өөрийн итгэл бишрэлийн гол цөм болсон Гэгээн Эх Мариа сүмдээ магтан дууны хөгжимчин бас Альфа бүлэгт сүмийн үйлчлэлийг хийж байна.

Та хэдэн жил Талархал магтаалын мөргөлд хөгжимчний үүрэг гүйцэтгэсэн. Хөгжим анх хаана  сурсан бэ? Сайн дурын энэ ажилдаа сэтгэл хир хангалуун байдаг вэ?
 2012 оны 8-р сараас хойш одоог хүртэл 5 жил хийж байна. Энэ сайн дурын ажлаа би маш их сэтгэл хангалуун баяр хөөртэйгөөр хийдэг.
Би 6-р ангид байхдаа гитар тоглодог ах нарыг харж, тэднийг дуурайн өөрийн авьяасаараа хөгжим тоглож сурсан. Ямар нэгэн багшаар заалгаагүй.




Та залуу хөгжмийн шавьтай юу? Энэ талаар таны бодол юу вэ?
Одоогоор надтай хөгжим заалгах хүсэлтэй хүн нэг ч ирээгүй байна. Үүнд харамсах сэтгэл төрдөг. Миний хүсэл мөрөөдөл бол магтаалын дууны залуучуудаас бүрдсэн амьд хөгжмийн баг бий болгох. Энэ тал дээр анхаарал сайн хандуулаагүй миний буруу их байгаа. Гэхдээ залуучууд маань үнэхээр хүсэл сонирхолтой суръя гээд ирвэл баяртайгаар хүлээн авах болно.

2017/01/10

Хайр, сайхан сэтгэл, үнэнч байдал, шударга ёсыг хүүхдүүдээс сурах хэрэгтэй гэдэгт би итгэдэг. Сандра Гарая

ШАШИН ДЭЛГЭРҮҮЛЭГЧ САНДРА ГАРАЯ БИДЭНТЭЙ ИТГЭЛИЙН АМЬДРАЛАА ХУВААЛЦЛАА
Сайн байна уу? Юуны өмнө манай сэтгүүлийн сайн мэдээ дэлгэрүүлэгч гэсэн буланд бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөнд баярлалаа.
Та өөрийгөө бидэнд товч танилцуулаач. Монголд хир удаан хугацаагаар ажиллаж, амьдарч байна вэ?
              Би Аргентин улсын Мендоса мужид төрсөн. Миний нутгийг нарны орон гэж нэрлэдэг. Учир нь үүл маш хурдан нүүж өнгөрдөг. Үүлэрхэг өдөр бараг байдаггүй. Ямагт цэлмэг хөх тэнгэртэй байдгаараа Монголтой адил гэж хэлж болно. Би Монголд 2003 онд ирсэн. Эхлээд хэл сурахаар Улаанбаатарт амьдарсан. Дараа нь 2006 онд Арвайхээр уруу явсан. 2010 онд эргэн ирж Улаанбаатар хотод амьдарч байгаад Зөвлөгч мэргэжлээр Итали улс уруу сурахаар яваад энэ жил буцаж ирсэн. Ингээд бараг 10-аад жил Монголд ажиллаж амьдарч байна

Монголд шашин дэлгэрүүлэх энэхүү үйлсийг хийхэд хэн танд зөвлөсөн вэ? эсвэл энэ нь таны санаа байв уу? юу таныг энд хөтөлж ирүүлэв.
Тэнгэрбурхан бол хайраар дүүрэн, нигүүлсэнгүй гэдэгт би итгэдэг. Хүүхэд байхдаа зарим хүмүүсийг хараад Тэнгэрбурханы хайрыг мэддэг бол тэд сайн сайхан амьдарч чадна гэж боддог байлаа. Энэ бодол намайг хөтлөн сайн мэдээг дэлгэрүүлэгч болгосон. Хүмүүс Тэнгэрбурхан бол Эцэг, Тэрээр биднийг хайрладаг.

 Ялангуяа хэцүү байх үед ямагт бидэнтэй ойрхон байдаг гэдгийг мэдвэл баяр баясгаланг авах болно. Иймээс би дэлхийн хаана ч хамаагүй Сайн Мэдээг мэдээгүй сонсоогүй байгаа тэр газарт амар амгалан болон хайрын илгээмжийг түгээхээр Consolata  (Тайтгаруулагч) бүлгэмийн шашин дэлгэрүүлэгч болсон.
Энд ирэхээс өмнө надаас дэлхийн хаана ч сайн мэдээг түгээж чадах уу гэж тэд асууж байсан. Би ч мөн ялгаагүй энэ асуултанд бэлэн байсан. Тэд намайг Монголд илгээхийг санал болгосон төдийгүй би ч үнэхээр баяртай байсан. Учир нь энд Есүсийг мэддэг хүмүүс цөөхөн шүүдээ.



Ариун библи бидэнд “Тэнгэрбурхан Эзэнээ бүх бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла” гэж хэлсэн байдаг. (Матай 22,37)

Үүнийг биелүүлээд амьдарцгаая! 

Энэ үйлсийг хийх явцад ямар ямар асуудалтай тулгарч байв? мөн сэтгэл ханамжтай үеүд байсан уу? Та өөрийн сэтгэгдлээ харамгүй хуваалцаач.
Мэдээжийн хэрэг баяр баясгалантай хамт бэрхшээл ирж байдаг. Энэ нь хүн бүрийн амьдралд тулгардаг. Амьдрал бол жаргал зовлон, жаргал зовлон, жаргал зовлон... гэж ямагт ээлжилдэг. Шашин дэлгэрүүлэгчдийн амьдрал бас ийм л хэмнэлтэй. Мөн амьдрал зөвхөн жаргаж байдаггүйтэй адил зөвхөн зовлонтой байдаггүй. Өөрийн хэцүү байдлаа хүмүүстэй хуваалцмаар байвч чадахгүй байгаа нь миний монгол хэлээр сайн ярьж чадахгүйтэй холбоотой. Маш их зүйлийг яримаар байвч миний өчүүхэн хэлний мэдлэг энэ бүхнийг сайн тайлбарлаж чаддаггүй. Заримдаа хэлж чадахгүй зүйлээ дотроо үлдээдгээс ганцаардсан мэдрэмжийг авдаг. Энэ бол монгол дахь миний хэцүү зүйлийн нэг гэж би бодож байна. Мэдээж баяр баясгалантай дурсамжууд их бий. Олон хүмүүсийг таньдаг болсон. Мөн Монголын амьдралаас их зүйлийг сурч мэдсэн. Юуны өмнө Есүс, Түүний хайрыг хүмүүст түгээж, танин мэдэхэд нь тусалж байгаадаа хамгийн их баяртай байдаг.   

Таныг багахан хугацаанд гадаад оронд суралцаад ирсэн гэж сонссон. Яг ямар мэргэжлээр суралцсан вэ? цаашид та ямар ажил эрхлэх зорилготой байна вэ?
Итали улсад Зөвлөгөө өгөх чиглэлээр суралцах боломж надад олдсон. Энэ мэргэжил нь ямар нэг асуудалтай хүмүүст туслах зорилготой. Ялангуяа гэр бүлийн дотор, хосуудын дунд, эцэг эх ба хүүхдүүдийн хоорондын харилцаа холбоонд асуудал байгаа бол үүнд зөвлөгөө өгч туслахаар суралцсан. Мөн энэ мэргэжил хүмүүсийг илүү амар тайван, аз жаргалтай болгоход тусалж чадна. Учир нь амьдралын зарим нэг хүнд хэцүү зүйлийг даван туулах арга замыг тэндээс суралцдаг. Товчхон хэлбэл зөвлөгчийн мэргэжил нь хүмүүсийн асуудлуудыг сонсож, тэдэнд асуудлаа хэрхэн даван туулах арга замыг олоход нь тусалдаг.
 Миний мөрөөдөл бол залуу гэр бүлүүдтэй ажиллахыг хүсдэг. Учир нь тэд өөрсдийн бэрхшээлүүдтэй тулгарч, түүнийг даван туулснаар илүү амар амгаланг олдог. Энэ туршлага нь бусад асуудалтай хосуудад тусалж чадна. Учир нь тэд залуу хүмүүс. Тэд энэхүү арга замыг мэдсэнээр бусдын харилцааг сайжруулж, илүү бүрэн дүүрэн аз жаргалтай хүн болгон урагшлахад тусална.

Монголд төдийгүй дэлхий нийтэд үүсэж байгаа Шашны тулгамдсан асуудалд өнөөгийн таны үзэл бодол юу вэ?
Хүн болно гэдэг үнэхээр цогц бүтээл. Хайрлаж бас хорсож, сайн ба мууг үйлдэж, бүтээж бас нурааж чадна. Мөн сул дорой байдгаас хүн сайн муу, үнэн худал, шударга ба шударга бус байдлыг ялгаж салгаж сурах хэрэгтэй. Хайр, сайхан сэтгэл, үнэнч байдал, шударга ёсыг хүүхдүүдээс сурах хэрэгтэй гэдэгт би итгэдэг. Эдгээр нь бидэнд амьдрал ямагт хэцүү байдаггүй юм шүү гэдгийг мэдрүүлж амьдралын утга учир болсон сайн сайхан, аз жаргал, баяр баясгаланг олоход тусалдаг. Энэхүү амьдралын үнэ цэнэ нь гэр бүл, ёс заншил, шашинд ч гэсэн дамжуулагддаг. Харамсалтай нь манай нийгэм өнөөдөр “үнэ цэнэгүй” эсвэл “үнэ цэнийн эсрэг” нийгэм болж хувираад байна. Аль нь сайн эсвэл муу гэдгийг зааж чадахаа больсон. Энэ үүднээс залуучуудын бодоод байгаа, эндүүрээд байгаа сайн сайхан нь бодит амьдрал дээр хор хөнөөл болж байгаатай холбоотой. Бид ч гэсэн адилхан хүмүүс. Ухаантай бол ухаантай, хүч чадалтай бол хүч чадалтай, толгой эсвэл зүрх сэтгэл адилхан өвддөг. Мөн муу зүйлийг сайн гэж итгэж үнэмшиж, эндүүрэх явдал. Жишээ нь Тэнгэрбурханыг хүчирхийлэгч гэж итгэн Түүний хүсэл бол үхэл хэмээн хүний алтан амийг хороох нь хамгийн аймшигтай, хамгийн худал хуурмаг үзэл суртал. Ингэж дайныг эхлүүлж байгаа хүмүүсийн хувьд үүнийг үнэн гэж итгэснийх юм. Мөн зарим хүмүүс Тэнгэрбурханы нэрийг барьж муу зүйлийг хийж байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ үнэхээр аймшигтай бас эмгэнэлтэй зүйл.
Тэнгэрбурхан гэж хэн бэ гэдгийг итгэгч хүн өөрөө ойлгоогүй нь Шашны том асуудал гэж би хувьдаа боддог. Хүмүүс үнэхээр Тэнгэрбурханыг танин мэдэх юм бол энэ дэлхий дайн дажингүй, ядууралгүй бас шударга бус явдал  байхгүй байсан байх.

Танд Христийн Мэндэлсэн  Баярын мэндийг хүргэе! Таны ажил, амьдралд өндрөөс өндөр амжилт хүсье. Дахин баярлалаа.

Ганцэцэг Клара
Итгэл бишрэлийн Тулга сэтгүүл №5, 
Сайн мэдээ дэлгэрүүлэгч булан

2017/01/03

“Ахлах Санваартан Франциско сүсэгтэн олонд хандаж үг хэллээ”

С


айн байна уу? Хайрт ахан дүүс нараа


2016 он болох энэ жил Монгол дахь Католик Шашны хувьд үнэхээр утга учиртай сайхан жил болж өнгөрлөө.
Энэхүү Онцгой Ариун жилд Монгол ахан дүүсийн маань хүсэл мөрөөдөл болсон анхны санваартан төрж бид бүгд хамтдаа өршөөл нигүүлслээр дүүрэн энэ жилийг үдлээ.  

Онцгой жилийн хишиг ивээл, нигүүлсэл нь БИДНИЙ амьдралд нөлөөлж чадах эсэх нь хувь хүний итгэл бишрэл зүрх сэтгэлээс хамаарна. Зүрх сэтгэлээ нээж Тэнгэрбурханы хишиг ивээлийг хүртэх нь сүсэгтэн бидний хүсэл зорилго билээ. Тэрхүү хишиг ивээл бид бүгдэд харилцан адилгүй ирдэгч Түүний хайр, энэрэл бид бүгдтэй үргэж хамт байдгийг санах хэрэгтэй.


           Ирэх жилд Монгол Католик Шашны 25-н жилийн ой, манай Гэгээн Эх Мариа сүмийн 15-н жилийн ой тохиох гэж байна.
Өнгөрөн одож буй 2016 ондоо бид амьдралынхаа бүхий л аз жаргал, уйтгар гуниг, зовлон шаналлаа аврагч Эзэн нялх Есүст өргөн барьж 2017 ондоо мөн адил хишиг ивээлээр дүүрэн жил байхын төлөө хамтдаа хичээцгээе!

Эзэн, бидний Эзэн Таны нэр бүх газар дэлхийд юутай суу алдартай вэ?” Дуулал 8,9

Фр. Хо Франциско




2016/12/24

Христийн мэндэлсэн их баярын өдрийг ёслон тэмдэглэлээ.

Амар тайван болон хайрыг авчрагч дэлхийн гэрэл болсон Есүсийг хүлээн авахын утгыг агуулсан цаг улирлын хамгийн том баяр Христийн мэндэлсэн баярын өдрийг ёслон тэмдэглэлээ. 


Хамгийн энгийн эгэл даруу Түүний мэндлэлт нь бидний итгэл бишрэлийг ахин сэргээх шинэчлэлийг авчирдаг билээ. Тиймээс энэхүү баярын өдөр Тэнгэрбурханы авралын дуудлаганд итгэл бишрэлээр хариулахаар шинэ сүсэгтнүүд мэндлэн гарсан юм. 


Итгэл бишрэлийн гэр бүлд нэгдэн ордог ариун угаал үндсэн ёслолыг хүлээн авсан шинэхэн итгэгч залуус өөрсдийн хүлээн авсан баптизмыг шинэ амьдралын эхлэл болгон хариуцлагатайгаар баяртайгаар батлан амьдрах тухайгаа гэрчлэн амласан юм. 


Мөн Мэндэлсэн баярын мөргөлийн үеэр сүсэгтэн гэр бүлийн эцэг эхийн зөвшөөрлөөр бяцхан сүсэгтнүүд маань ариун угаал үндсэн ёслолыг хүртсэн юм. Тэдний ирээдүйн амьдралд Аврагч Эзэний гэрэл, хайр хамт оршин нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байгаасай хэмээн эцэг эх загалмайлсан гэр бүл нь хүсэн ерөөлөө. 

Бидний дунд оршин байдаг Аврагчийнхаа мэндэлсэн их баяраар сүсэгтэн бүрд, тэдний гэр бүлд бяцхан Христ мэндэлсэн ба тэрхүү Христийн амар тайван, энэрэл хайр дүүрэн хүртэхийн төлөө Түүнд хүндэтгэн мөргөдөг билээ. 

2016/12/23

"Цагаан үдэш" итгэлийн хуваалцлын арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө.


Итгэл бишрэл нэгт ахан дүүс ах эгч нарынхаа хамт нэгэн үдшийг өнгөрүүллээ. 
Монгол дахь католик Шашны багш нарын зуны сургалт семинарын үеэр томилолт болгон хүлээн авсан уг арга хэмжээ нь гэр бүлтэй залуус хийгээд ахмад үеийнхнийхээ төлөөх үйл ажиллагаа байсан юм. 
Монголчууд бид эрхэмлэн дээдэлдэг бүхнээ цагаан ариун зүйлтэй зүйрлэн хүндэлдэг тул энэ үдэш цагаан хайр, цагаан хүсэл, цагаан мөрөөдөл, цагаан итгэл зэрэг сэдвийн хүрээнд өөрийн нандин дурсамж, гэгээн хүсэл мөрөөдлийн тухай онцгойлон ярилцсан хүндлэлийн үдэш болсон билээ. 
Хүүхэд залуусынхаа үлгэр дуурайл болдог ах эгч нар маань итгэл бишрэлээ хуваалцан хамтдаа талархал, хөөр баярыг шингээсэн өөрийн түүхээ хуваалцан гэрчлэл хийж, хөгжөөнт тоглоом таавар, магтан дуу бүжигтэй дурсамжит "Цагаан үдэш"ийг тэмдэглэн өнгөрүүллээ. 
Уг үйл ажиллагааг 6 сард нэг удаа зохион байгуулахаар шийдсэн ба Цагаан үдэш үйл ажиллагааны таксыг нийгмийн ажилд зориулахаар сүмдээ өргөн барьсан юм. 


2016.12.23

2016/12/06

Нисэх, яармагт өдөр өнжүүлэх нээгдлээ


Сургуулийн насны хүүхдүүдийн ирээдүйн төлөө тэдний хичээл хийх орчинг бүрдүүлэхийн тулд Хан-Уул дүүргийн 6 болон 16-р хороонд өдөр өнжүүлэх хичээлийн танхимыг нээн адислалаа.


Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн хичээл хийх таатай орчинг бүрдүүлэх, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхэд нь туслах зорилготой энэхүү хичээлийн байр нь  10:00-16:30 гэсэн цагийн хуваарьтайгаар ажиллаж эхэлсэн байна. 

Багш болон харилцан бие биенээ хүндэтгэх ганцхан дүрэм бүхий энэ танхим нь хүүхдүүдийн боловсролд багахан боловч тус болохын тулд гэрийн даалгавар хийхэд нь туслах ба цаашдаа хүүхдийн идэвхи болон сурах байдлыг харгалзан англи болон солонгос хэлний сургалт явуулах төлөвлөгөөтэй байгаа юм. 


Сүсэгтэн ахан дүүс та бүхэн энэхүү үйл ажиллагааг дэмжин сайн дурын үйлчлэл хийхийг хүсвэл сүмийн нийгмийн ажилтантай холбоо барина уу. 


Өдөр өнжүүлэх хаяг:
  1. ХУД Нисэх 16-р хороо Тайнийн 1-24
  2. ХУД Яармаг 6-р хороо Нүхт29 ХБЗ 3-1
Холбоо барих: 9993-4992 /Н.Отгонгэрэл Нийгмийн ажилтан/


2016/11/02

Хамаг итгэлт талийгаачдыг дурсахуйн өдрийн онцгой залбирал

Хамаг талийгаачдыг дурсахуйн өдөр нь насан эцэслэсэн бүх хүн, ялангуяа зуурдын орон дахь амь сүнснүүд нэг өдрийн өмнө ч болтугай Тэнгэрийн хаанчлалд орж чадахуйц болгохын төлөө залбирдаг өдөр юм. 
Шашин нь Хамаг гэгээнтнүүдийн баярын өдөр болох 11 сарын 1-с 8 өдөр хүртэл чин сэтгэлээсээ оршуулгын газарт очин хорвоог орхисон хүмүүсийн төлөө залбирахыг уриалдаг. 


Энэхүү уриалгын дагуу Гэгээн Эх Мариа сүмийн сүсэгтэн бид нас барсан ахан дүүсийнхээ төлөө залбирахаар хамтдаа "Их наран"оршуулгын газрыг зорьдог билээ. 



Бид Христэд итгэн амьдарч байгаад энэ хорвоогоос хальсан бүх хүмүүс Христийн хамт амилна гэдэгт итгэдэг. Мөн тэдний төлөөх бидний залбирлыг Тэнгэрбурхан сонсож, нас барсан ахан дүүст  минь Өөрийн хаанчлалын үүд хаалгыг нээж өгөхийг хүсэн залбирдаг. Үлдсэн бид хайртай тэдгээр хүмүүстэйгээ Христийн дотор дахин уулзах мөч хүртэл итгэлийн үгээр бие биенээ тайтгаруулан амьдрахад туслахыг Эзэнээс гүйдаг. 





Итгэл бишрэлийн доторх Тэнгэрбурханы агуу бэлэг болсон найдварыг өвөртлөн амьдрах нь итгэл бишрэлт биднийг хүнд хэцүү цаг төдийгүй үхлийн өмнө ч бат зогсоход тусалдаг билээ.