2013/10/24

МАРИА БОЛ СҮМИЙН ҮЛГЭР ДУУРИАЛ



Шашны чуулган бол Есүсийг авч ирж буй Мариатай адилхан, харин дэлгүүр юмуу хүмүүнлэгийн агент биш юм.  Есүсийг авчирдаггүй Сүм бол үхмэл Сүм юм хэмээн Пап лам Лхагва гаригт нийт сонсогчиддоо хандаж хэлжээ.
“Мариа бол Сүмийн төлөөх итгэл бишрэл ба хайр энэрлийн үлгэр дууриалал” энэ нь шашны сургалтад хэрхэн тусгалаа олдог талаар ярив. “Мариагийн амьдралын гол цөм нь Тэнгэрбурханы эцэс төгсгөлгүй хайрын биелэл болох Христ байсан юм” хэмээн хэлэв.
Мариа Тэнгэрбурханы таалалд дуулгавартай байж, Есүс ба түүний ажлыг үнэнчээр сүсэглэн бишрэх байдлаараа бидэнд хэрхэн итгэлийн амьдралаар амьдрахыг заадаг билээ. Энэрэл хайрын үлгэр дууриал болох “Мариа бид бүгдэд Есүсийг авч ирэхдээ түүний хайр, амар амгалан ба баяр хөөртэй нь хамт авчирхыг хүсдэг юм” хэмээн үргэлжлүүлэв.
“Түүний хэлснээр “Сүм бол дэлгүүр, эсвэл хүмүүнлэгийн агент, юмуу NGO биш, Сүмийн эрхийн үнэмлэх бол Христийг болон сайн мэдээг хүн бүрт авч ирэх” явдал юм. Сүм Есүсийг болон түүний хайрыг авч ирдэг бөгөөд “хэрэв Сүм Есүсийг авч ирэхийн төлөө биш бол энэ үхсэн Сүм байх болно.”   
Хрисчин хүний хувьд өөрсдийн хариуцлага өөд эргэн, бидний бусдад өгч буй хайрын мөн чанар юу болохыг Пап лам асуусан юм. “Энэхүү хайр тань Есүсийн бидэнтэй хуваалцаж, өршөөл үзүүлэн, бидэнтэй хамт байдаг хайр мөн үү” эсвэл энэ нь “хариу ашиг тус хайсан” “сул дорой хайр уу?” “Хайр хувийн ашиг сонирхолд үндэслэгддэг гэж үү?” Бидний хайр бол бусдад гагц чөлөөт хайр байхад чиглэгддэг. Пап лам өнгөрсөн удаа хэлсэнчлэн сүсэгтнүүд цуурхалын эсрэг бөгөөд бидний париш буюу “хамт олонд бидэнтэй харилцаатай ахан дүүс нарын ярьж буй өвчний” талаар сануулсан билээ. 
Тэрээр эдгээр гарсан гомдлуудыг ил гаргаснаар “түүний хэрэг гарах үед юмуу бидэнд асуудал гарах үед” л зөвхөн түүнийг санах бус “Есүстэй нөхөрлөлөө гүнзгийрүүлэн тогтмол харилцаагаа” хадгалах үүднээс ийнхүү дүгнэн шийдвэрлэсэн юм.

2013/10/14

“Ариун Сарнайн Эрх”-н сар



Манай Католик шашны хувьд 10 сарыг “Ариун Сарнайн Эрхин” сар хэмээн нэрлэдэг бөгөөд энэ онцгой мөчийг Мариа эхийн хамт залбиран өнгөрөөдөг юм. Энэ бол Тэнгэрбурханы хайраа илэрхийлж буй хишиг ивээл тул талархан хүлээн авч бусадтайгаа хуваалцах мөч болдог билээ. Тиймээс Мариа Эхийн хамт ойр дотны хүмүүс болон найз нөхөд гээд бусад залбирал хэрэгтэй байгаа хүмүүсийн төлөө залбирхаар сүмд ирдэг. Мөн сүмд ирэх боломжгүй байгаа хүмүүсийн хувьд хаана ч байсан итгэл бишрэлээр Мариа Эхтэй хамт байж, Сарнайн Эрхин залбирлаар залбирах боломжтой байдаг билээ. Бас олон хүмүүс хамт олон, найз нөхөд ба гэр бүлээрээ хамтдаа залбирах дуртай байдаг. Бид өдөр тутмын амьдрал болон залбирлаар Тэнгэрбурханд хариу өгдөг. Харин Мариа эхийн бидэнд заасан Сарнайн Эрхин залбирал бол тэрхүү хичээл зүтгэлийн хариуд шагнал болгон өгч буй Тэнгэрбурханы хишиг ивээл юм. Та бүхнийг “Ариун Сарнайн Эрхин” залбирлын сард урьж байна.

2013/10/02

ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ ЦЭЦЭРЛЭГ



Манай “Гэгээн Эх Мариа” сүмээс санаачлан яармаг хороололд хүүхдийн өдөр өнжүүлэх цэцэрлэг 9.19нөөс эхлэн нээн ажиллуулж байгаа билээ. Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд зориулан адислах ёслолыг фр. Франциско удирдсан бөгөөд бусад мишинерүүд болон итгэгчид оролцсон байна. Одоогоор 10 хүүхэд 2 багштай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд  хүүхдээ хараад ажил хийх боломжгүй байгаа иргэдээ дэмжих зорилготой юм. Манай Монгол улсаас хүн амын өсөлтийг дэмжиж байгаатай холбогдуулан хүүхэд багачуудад зориулсан үйл ажиллагаа явуулахыг олон нийтэд уриалсан байгаа билээ. Аливаа улс орныг хүүхэддээ хандах хандлага, хүүхдэд зориулсан орчин болон тоглоомоор нь шинждэг гэдэг үг байдаг билээ. Үүнтэй холбогдуулан манай хүүхэд багачуудын боловсрол, хүмүүжил өсөн нэмэгдэж, нийгэм бүхэлдээ боловсролын уур амьсгалд ухамсартайгаар шилжиж байгаа нь хэн бүхний амьдралд харагдаж байна. Энэхүү өдөр өнжүүлэх цэцэрлэгт хамрагдаж буй арван хүүхдийн эцэг эхчүүд сэтгэл хангалуун ажил хөдөлмөр эрхлэн, амьдрал нь дээшлэх болсон тухайгаа илэрхийлж байлаа. Эдгээр гэр бүлүүдийн сайн сайхны төлөө үйлсэд хүчин зүтгэж байгаа бүх хүмүүст талархал илэрхийлж байна.   
  

2013/09/30

БЯСАЛГАЛ



Сар бүрийн сүүлийн бүтэн сайнд манай “Гэгээн Эх Мариа” сүм дээр итгэгч нарт зориулан Бясалгал зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ удаа Эзэний Өдөр буюу 9 сарын 29нд Магтаал Талархлын мөргөлийн дараа 12 цагаас бясалгал зохион байгуулсан билээ. Бясалгалыг фр. Чарлиз удирдсан бөгөөд нэг цаг орчим үргэлжилсэн бөгөөд гуч гаруй хүн оролцож байв. Энэхүү бясалгалаар дамжуулан итгэгчид өөрсдийн сэтгэлээ нээж, Есүстэй чин сэтгэлээсээ  ярилцахаас гадна өөрсдийн хувийн амьдрал болон ойр дотно хүмүүс, гэр бүлийнхээ төлөө залбирах явдал байв. Мөн энэ үеэр хүн бүрийг наминчлалын ёслолд орохыг урисан юм. Хэдийгээр бид сүм дээр Есүстэй уулзахаар ирдэг хэдий ч олон шалтгааны улмаас анхаарал төвлөрөлгүй байх нь ч бий. Харин бясалгалд орсноор хүн бүр сэтгэлээ нээн Түүнтэй ярилцан, амар амгаланг хүлээн авч, баяр баяслыг олж авч байсан юм.
Тиймээс энэ өдөр итгэгчид маань тайвширлыг олохоос гадна наминчлалын ёслолд орж, бас хувийн залбиралаа өргөх гээд хүн бүрийн итгэлийн амьдралд маш үнэ цэнэтэй цаг байлаа. Та бүхнийг хүрэлцэн ирж идэвхитэй оролцлсонд талархаж байна.  

   

Баптизм Хүртэх Ёслол



9 сарын 22 ны Магтаал Талархлын Мөргөлөөр манай итгэгчид өөрсдийн бяцхан хүүхдүүдээ Баптизмийн ёслолд оруулсан баярын өдөр тохиосон билээ. Ёслолыг фр. Франциско болон фр.Эрнесто, фр.Маенг Са Юунг нар удирдаж байлаа. Энэхүү ёслолд зургаан хүүхэд оролцож Тэнгэрбурханы онцгой ивээл хишгийг хүлээн авсан юм. Манай Католик шашинд Ариун Угаал Хүртсэн хүнийг “гэрлийн хүү” болсон тул “гэгээрэл”-д хүрсэн хэмээн үздэг. Ялангуяа төрүүлсэн эцэг эх, загалмайлсан эцэг эхчүүд үүнд ихээхэн анхаарч тэднийг ариун амьдралаар амьдрахад нь туслан, гэрчлэгч болдог билээ. Манай итгэгч эцэг эхчүүд хүүхдүүдээ ариун болоод зөвт амьдралаар хүмүүжүүлж, сайн иргэн болон төлөвшихөд нь анхаарч энэхүү ёслолоор дамжуулан сайн эцэг эх байх ивээл хишгийг мөн адил хүлээн авдаг юм. Манай ирээдүй болсон хүүхдүүд маань ийм ариун, гэгээн замаар амьдарч аз жаргалтай гэр бүлийн гишүүн болж байгаад хүн бүр баяртай байдаг билээ. Энэ өдөр хүрэлцэн ирж итгэлийн амьдралдаа хувь нэмэр оруулсан бүх итгэгч нар болон Баптизм хүлээн авсан бяцхан үрс болоод тэдний гэр бүлийнхэнд “Гэгээн Эх Мариа” Сүмийн зүгээс талархаж байна.