2015/09/23

Дэлхийн Энх Тайвны өдөр


Уламжлал ёсоор жил бүрийн 9 сарын 21нд хүн төрөлхтний энх тайван амьдран суух язгуур эрхийг тунхагласан Олон улсын Энхтайвны өдөрт манай Католик Шашны хамт олон ёслол төгөлдөр оролцдог билээ. Энэ өдөр Монгол дахь шашны байгууллагууд хамтран “Энх тайвны төлөө Түншлэл-Хүн бүрт Хүндлэл” үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээ нь Дашчойлон хийдэд зохиогдсон бөгөөд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман оролцож НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийн Энхтайвны өдөрт хандсан Илгээлтийг хүргэн Энхтайвны хонхыг цохих ёслолын ажиллагааг нээлээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн есдүгээр сарын 21 -нд дэлхий даяар тэмдэглэх Олон улсын энхтайвны өдөрт зориулж илгээлт гаргасан байна. Уг илгээлтэд “Өнөөдөр бид жил бүрийн Олон улсын энхтайвны өдрийг дайны галыг зогсоож, хүчирхийлэл үйлдэхийн эсрэг үзэл санаагаар тэмдэглэж байна. Энхтайван бол юугаар ч худалдан авч болшгүй үнэ цэнэтэй зүйл. Энхтайвныг бид хайрлаж, тордож тэтгэх, хадгалж, хамгаалж байх ёстой. Тиймээс бид жил бүр Олон улсын Энхтайвны өдрийг тэмдэглэх үеэр би НҮБ-ын Төв байгууллага дахь Энхтайвын хонхыг цохидог.                Уг үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны Зөвлөл, НИТХ-ын төлөөлөгчид, Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн Газар, Монголын Бахайчуудын Үндэсний Оюун Санааны Чуулга, Зүүн Хүрээ Дашчойлин Хийд, Монгол дахь Католик Сүм (Ватиканы Төлөөлөгчийн Газар), Шинто шашны Оомото байгууллага, Монголын Мусульманы Нийгэмлэгүүдийн Холбоо зэрэг байгууллагууд, иргэд, мөргөлчид, дэмжигч ахан дүүс маань оролцож дэлхийн энх тайвны төлөө дуу хоолойгоо өргөн барьсан юм. Энэ үеэр манай Католик шашны тэргүүн Хамба лам Венсэслао Падилла болон бусад лам нар, итгэгч ахан дүүс маань ч мөн адил өөрсдийн дуу хоолойгоо өргөн барьж Тэнгэрбурхандаа залбирсан билээ. Энэ өдөр хүрэлцэн ирж Олон улсын Энхтайвны төлөө залбирсан бүх ахан дүүстээ талархаж байна.
 
 

 
  

No comments:

Post a Comment