2013/08/27
Хамба ламын 10 жилийн ойн баярын Миса
2013/08/22
Бясалгал
2013/08/02
“Христийн төлөө Хосууд”-н Семинар
Манай Католик шашны энгийн итгэгч нарын байгууллага болох “Христийн төлөө Хосууд” хөдөлгөөний ахан дүүс маань
Монгол итгэгч нарт зориулан семинар хийхээр Флиппинээс Монголд хүрэлцэн ирсэн юм. “Христийн
төлөө Хосууд” байгууллага нь 1981 онд үүсэн байгуулагдсан бөгөөд дэлхийн олон
оронд үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Семинар хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд Монгол
дахь Католик шашны тэргүүн хамба лам Венсэслао Падилла хүрэлцэн ирж “Христийн
төлөө Хосууд” ахан дүүс нараар дамжуулж бидэнд сайн мэдээг хүргэж байгаа Тэнгэрбурхандаа
талархаад, тэдэнд баярлаж буйгаа илэрхийлсэн билээ. Эхний өдөр гурван хос маань
өөрсдийн гэр бүлийн амьдралын талаар хуваалцан гэрчлэл хийн, хоёр дахь өдөр нь Хрисчин
хосуудын онцлог, ёс суртахуун болон үүрэг хариуцлагын талаар ярьж, бидэнтэй
санал бодлоо хуваалцсан билээ. Энэ бол Есүс Христийг өөрсдийн амьдралын төв
болгосноор хайр энэрэл баяр хөөрөөр дүүрэн, бат бэх гэр бүлтэй болж,
Тэнгэрбурханы хаанчлалд өөрийн хайртай хүмүүстэйгээ хамт байх явдал юм. Үүгээр ч
зогсохгүй бусад хүмүүстэй энэхүү баяр жаргалаа хуваалцах нь Хрисчин хүмүүсийн
үүрэг билээ. Энэ бүхнийг хуваалцан Тэнгэрбурханы сайн мэдээг бидэнд хүргэсэн “Христийн
төлөө Хосууд” хөдөлгөөний ахан дүүс нартаа маш их баярлаж байна. Хүн бүр хань
ижил, үр хүүхдээ хүндэтгэн Христийн жишээгээр амьдарч, хамт олноороо бие
биенийхээ зөвт амьдралд нь туслаж дэмжих нь өнөөгийн нийгэмд үнэ цэнэтэй болж
байна. Манай “Гэгээн Эх Мариа” сүм дээр хүрэлцэн ирж, семинарт идэвхитэй оролцсон
итгэгч нартаа баярлалаа.
ЯАРМАГ ХУДАЛДАА
Манай “Гэгээн Эх Мариа”
сүм дээр 7 сарын 28 нд нийгмийн ажилд зориулсан “Яармаг Худалдаа” зохион
байгуулсан билээ. Нийгмийн ажил бол Хрисчин хүний хувьд өөрийн итгэл бишрэл, Тэнгэрбурханы
хайр энэрлийн бодит амьдрал дахь илэрхийлэл, амьдралын утга учир хэмээн ихэд
чухалчилж авч үздэг билээ. Тиймээс зовж
шаналсан, тусламж эрж буй хүмүүст чадлын хэрээр тусалж, тэдэнд итгэл болон урам
зориг хайрладаг юм. Энэ үйл ажиллагаанд манай итгэгчид өөрсдийн сайн дураар оролцож,
оюун санаа ба эд материалын тусламж үзүүлж ирсэн билээ. Энэ удаагийн яармаг худалдаанд
итгэгчид хувцас болон хоол хийж оролцсон бөгөөд ялангуяа манай Солонгос
итгэгчид чанартай сайн хувцас хунар цуглуулан, бас амттай хоол хийж оролцсон нь
олон хүнийг баярлуулж, манай нийгмийн ажлын албанд чухал хувь нэмэр оруулсан
юм. Энэхүү үйл ажиллагаанд идэвхитэй оролцож өөрийн хувь нэмрээ оруулан
Тэнгэрбурханы хайр хишгийг хүлээн авсан бүх хүмүүст талархал илэрхийлж байна.
2013/08/01
Дэлхийн Залуучуудын Өдөр өндөрлөв
Манай Католик шашнаас уламжлал болон зохиогддог “Дэлхийн
Залуучуудын Өдөр” 2013 онд Бразил улсын Рио хотноо болсон билээ. Энэхүү үйл
ажиллагаа 7.23 ~ 7.28 хүртэл үргэлжилсэн бөгөөд Пап лам Францис болон Хамба лам
нар, мишинерүүд, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн гурван сая мөргөлчид хүрэлцэн
ирсэн байлаа. Энэ бүх хүмүүс Есүс Христийн нэрээр цуглан дэлхийн амар тайван
байдлын төлөө хамтдаа залбирч өөрсдийн дуу хоолойгоо өргөж байсан юм. Энэ үйл
ажиллагаанд манай Монгол Католик залуус ч мөн адил оролцож өөрсдийн дуу
хоолойгоо өргөн, Есүс Христийн зааж буй тэнгэрлэг хайр, баяр жаргалын замд
бусдыг уриалан дуудахад хувь нэмрээ оруулсанд бид бүхэн талархаж байгаа билээ. Пап
лам Францис хаалтын Мисанд хийсэн номлолдоо: Хайрт Залуу Найзууд
минь, “Явж бүх үндэстнийг дагалдагч
болгогтун ”. Есүс энэхүү үгээ бидний хүн нэг бүрт хандан хэлжээ: “Дэлхийн өнцөг
булан бүрээс ирсэн залуустай итгэлээрээ хамт байж амьдарч, Дэлхийн Залуучуудын
Өдөрт оролцоход гайхамшигтай байлаа. Гэвч бид одоо явах ёстой, одоо та бүхэн
энэхүү туршлагаа бусдад дамжуулаарай.” Есүс та бүхнийг сайн мэдээ түгээх шавиа
болгохоор дуудаж байна! Өнөөдөр бидний
сонссон Тэнгэрбурханы үгийн гэрлээр Тэнгэрлэг Эзэн бидэнд юу хэлж байна вэ?
Гурван энгийн санаа: Явагтун, бүү ай, бас үйлчлэгтүн." хэмээн энэ үгсийг дэлгэрэнгүй тайлбарласан билээ. Энэ үйл ажиллагааг чих тавин дэлхийн улс орон бүрт хүмүүс сэтгэл догдлон хүлээн авч, сэтгэл зүрхээрээ хамт байж сайн мэдээг баяртай хүлээн авч байна. 2013/07/19
Бэсрэг наадам
Манай “Гэгээн Эх Мариа” сүмээс жил бүр “бэсрэг наадам” зохион байгуулдаг уламжлалтай билээ. Наадам нь манай ард түмний өвөрмөц ахуй соёлыг илэрхийлдэг том баяр билээ. Бидэнтэй салшгүй холбоотой малчны уламжлалаа үнэлж цэгнэн, өөрсдийн амьдралдаа хүндэтгэн хадгалж явахыг зоридог юм. Энэ жилийн Бэсрэг наадам 7 сарын 14ны 13 цагт Мисаны дараа сүмийн хашаан дотор зохион байгуулсан бөгөөд паришийн бүх итгэгч нар, мишинерүүд, амралтаараа туслахаар ирсэн Солонгос ламын сургуулийн оюутнууд болон бусад паришийн ахан дүүс маань хүрэлцэн ирсэн байлаа. фр. Франциско залбиран, итгэгч нартаа хандаж сайхан наадахыг хүсээд, Бэсрэг Наадмын үйл ажиллагааг нээж буйгаа зарласан билээ. Ийнхүү наадам маань бөхийн барилдаан, шагайн харваа, морь /шагайн/ уралдаан болон дэмбээ гэсэн төрлөөр явагдаж, итгэгчид маань маш идэвхитэй уралдацгаасан билээ. Наадамчид уртын дуугаа сонсох зуураа хуушуур болон айргаа амтархан идэж уун, сайхан наадаж байсан юм. Наадам маш сонирхолтой болсон ба бөхийн барилдаанд Отгонтөгс, шагайн харваанд Үүрцайх Николас, морь уралдаанд /шагай/ Солонго, дэмбээнд Бямбадаш нар түрүүлж наадамчин олноо баярлуулсан билээ. Хэдийгээр өглөө маш их бороо орж талбайд ус тогтсон ч манай семинаристууд болон итгэгч нар бүгдийг янзлан өдөр гэхэд наадмын талбай бэлэн болсон байлаа. Бямбаа Иосэф тэргүүтэй зохион байгуулах хорооны итгэгч нартаа бүх итгэгчдийн зүгээс талархал илэрхийлье. Мөн Тэнгэрбурханы нэрээр хамтдаа цуглан, баяр хөөрөө хуваалцсан бүх итгэгч нартаа баярлаж сайхан наадахыг хүсэж байна.
2013/07/03
Баярын Миса ба Пап ламын мэндчилгээ
“Гэгээн Петр ба Паул”-н баяр буюу Катедралын
баярыг 6 сарын 30-ны өдөр манай бүх паришийн итгэгчид тэмдэглэн, баярын Миса
өргөсөн билээ. Мисанд Монгол дахь Католик
шашны тэргүүн, хамба лам Венсэслао Падилла болон бусад санваартнууд, мөн эрхэм
хүндэт Apostolic Nuncio Освалдо Падилла Монголд хүрэлцэн ирж Мисаг удирдсан юм.
Тэрээр Ватиканд суугаа Католик шашны тэргүүн Пап лам Францистай уулзаад ирсэн
бөгөөд түүний Монгол итгэгч нартаа зориулсан мэндчилгээ болоод адислалыг бидэнд
уламжилж байгаадаа баяртай байлаа. Эрхэм хүндэт Nuncio Освалдо Падилла номлолдоо:
Есүсийн томилолт болоод Ариун Сүнсний хүчээр Гэгээн Петрийн залгамж үе болсон
Пап лам Францисын төлөө Тэнгэрбурхандаа талархаад, түүний төлөө залбирхыг
хүсэж, пап ламын үгийг уламжилан: “Ариун сүнсний хүчээр Монголд Католик сүм
болон Хамба лам байгаад талархаж байна. Тэнгэрбурхан бол хайр, энэрэл нигүүсэл
тул бид бүхэнд үргэлж урам зориг өгч байдаг юм. Тиймээс бид бүхэн өөрсдийн амьдралаараа
Есүстэй илүү ойр байхыг бүх мишинерүүд, сүсэгтэн та бүхэндээ уриалж байна. Би хүндлүүлэхийн тулд биш, харин та бүхэнд үйлчлэхийн төлөө
Пап лам болсон билээ. Та бүхэн итгэлийн амьдралдаа чухам юу хүсэж буйгаа
тунгаан бодоорой” хэмээн айлдаад Мисаны төгсгөлд Пап лам Францисын адислалыг бидэнд
хүртээсэн юм. Мөн энэ өдөр итгэгч дундаас
хоёр хүн бататгах ёслолд орж, Тайванаас ирсэн итгэгч залуус маань бидэнд баярын
мэндчилгээ дэвшүүлэн, бас Монгол дахь Консулата байгууллагын 10 жилийн ой гээд олон
баяр давхацсан сайхан өдөр байлаа. Эдгээр бүх хүмүүст итгэгчдийнхээ өмнөөс
баярын мэнд хүргэж байна. Ялангуяа “Гэгээн Петр ба Паул” паришийн
хамт олондоо биднийг урьж хамтдаа баяраа хуваалцан, олон зүйлийг бэлтгэсэн та
бүхэнд талархлаа илэрхийлье.
Subscribe to:
Posts (Atom)
