2014/06/14

"Лежио Мариа Бүлгэм"-н сайн үйлс

"Лежио Мариа Бүлгэм"-н гишүүд маань долоо хоног бүр хамтдаа цуглаад Залбирлын Хатан Мариа Эхээр зуучлуулан сүмийн ахан дүүс болон бусад хүмүүсийн төлөө залбирлаа өргөдөг уламжлалыг та бүхэн мэдэх бизээ. Үүнээс гадна гишүүд маань өөрсдөө итгэгч нарыг зорин очиж тэдний амьдрал ахуй, итгэлийн амьдралын талаар хуваалцах, өвчтэй зовлонтой хүмүүсийг зорин очиж залбирах гээд бусдад сайн үйлс бүтээн олон ажил хийдэг юм. Тэгвэл энэ удаа "Лежио Мариа Бүлгэм"-ийн гишүүд маань "Гэгээн Тэреза"-н нэрэмжит халамжийн төвд 6 сарын 9нд очиж хамтдаа "Сарнайн Эрхин залбирал"-аа залбирч, тэдний сэтгэл санаа ба эрүүл мэндэд их хувь нэмэр оруулсан байна. Энэхүү халамжийн төвд голдуу өвчтэй зовлонтой, гэр оронгүй хөгшин буурлууд амьдардаг билээ. Тэдний зарим нэг нь ямар ч хамаатан садангүй буюу орхигдсон байдаг тул Тэнгэрбурханы хайр энэрлийг ийнхүү хүргэж байгаа явдал нь тэдэнд урам зориг, хүч хайрлаж байгаа нь гарцаагүй юм. Тэнгэрбурханы хайр энэрлийг гэрчлэн ийнхүү сайн үйлс бүтээж буй "Лежио Мариа Бүлгэм"-н гишүүд болох Гүнчээ Жоржио болон Болор Гресина нартаа талархаж байна.

2014/06/10

Пап лам Францисын уриалгаас

06/09/2014
Бид бусдын тухай ар нуруугаар нь хэзээ ч бүү яригтун, харин тэдэнд өөрсдийн бодож буй зүйлээ нээлттэй ярих болтугай.  

06/08/2014
Ойрхи Дорнодын энх тайван байдал бий болоход зориулсан өнөөдрийн залбиралд бидэнтэй нэгдэхийг бүх сайн хүмүүсээс би гуйж байна.   

06/07/2014
Залбирал бол хэмжээлшгүй хүчирхэг. Ойрхи Дорнод болон дэлхийд энх тайван авчирахын төлөө залбирлыг ашиглацгаая.  

06/06/2014
Амар амгалан бол Тэнгэрбурханы бэлэг, гэхдээ биднээс хүчин чармайлт шаардагддаг. Залбирал болон үйлсээрээ амар тайвны ард түмэн байцгаая.   

06/05/2014
Сайн санаат Самари хүний нэгэн адил, бид тэдгээр зовж шаналж буй хүмүүсийн шарханд хүрэхээс ичилгүй, харин хайрын бодит үйлдлээр тэднийг идгээх болтугай.  

Пентекостын Баярын Миса

Манай "Гэгээн Мариа Сүм" дээр 6.8ны ням гаригт Пентекост буюу Ариун Сүнс буун ирсэн баярын Мисаг тэмдэглэсэн билээ. Энэ өдөр бол манай Католик Шашны хувьд том баяр бөгөөд дэлхий дахинд өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Баярын Мисаг фр.Эрнесто хүрэлцэн ирж удирдсан бөгөөд тэрээр хүрэлцэн ирсэн хүмүүст Пентикостын баярын мэнд хүргээд,  номлолдоо: Тэнгэрбурхан Ариун Сүнсээр хэрхэн шашныг үүсгэн бий болгосон, Шашны үүсэл хөгжилд Ариун Сүнс ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг тайлбарлав. Мөн Ариун Сүнсний ариун нандин, халуун дотно, хүчирхэг, энэрэл хайрын мөн чанараар Тэнгэрбурханыг бид хэрхэн мэдэж болохыг ойлгуулж өгсөн юм. Тиймээс бид Ариун Сүнсний заан сургаж буй зүйлсийг анхааралтай сонсож, дуулгавартай байх хэрэгтэй. Хэрэв бид Ариун Сүнсийг таниж мэдээд, түүнд дуулгавартай байвал, Ариун Сүнсний бэлэг болон үр жимсийг хүлээн авч, бусадтайгаа хуваалцах боломжтой билээ. Бидний хүн нэг бүр Католик Шашны итгэгч болох хүсэл эрмэлзэлтэй учраас сонголт хийгээд энд хүрэлцэн ирсэн. Харин бидний энэхүү хүсэл эрмэлзэл маань Ариун Сүнсний дуудлагаас урган гардаг юм. Тиймээс Ариун Сүнс ажиллаж буй газар Сүм ба Шашин оршин тогтнодог билээ хэмээн фр.Эрнесто номлолдоо олон зүйлийг тайлбарлаж өгсөн юм. Дараа нь хамтдаа Ариун Сүнсийг дуудан залбираад, сүмээс итгэгчдэд зориулан бэлтгэсэн Ариун Сүнсний бэлгүүдийг тараан өгч байлаа. Ариун Сүнсний буун ирсэн баярын Мисандаа хүрэлцэн ирсэн бүх итгэгч нартаа болон Мисаг бэлтгэсэн Нисэх бүлгэмийн ахан дүүстээ талархаж байна.  

2014/06/03

Пап лам Францисын уриалгаас

06/02/2014
Бид заримдаа бодолд дарагддаг үе тохиолддог. Тэнгэрлэг Эзэн минь, бид өөрсдийн сэтгэл зүрхээ бусдад нээж, хамгийн ихээр эмзэглэн хөндүүрлэж буй хүнд үйлчлэхэд бидэнд тусална уу.  
  
05/31/2014
Христчид маань амьдралынхаа хэцүү цаг мөчид Тэнгэрбурханы Эх рүү хандаснаар, хамгаалалт болон анхаарал халамжийг олж чаддаг билээ.  

05/30/2014
Христчин хүн бүр ажлын байрандаа, зөвхөн үгээр бус, харин бүхнээс дээд үнэнч амьдралаараа Тэнгэрбурхандаа гэрч болж чадна. 

05/29/2014
Бид жинхэнэ нөхөрлөлөөр уламжлан Есүстэй нэгдэх болтугай, тэгснээр түүнийг илүү ойроос дагаж, түүнтэй хамт байж түүний төлөө бид амьдрах болтугай.  

05/24/2014
Эрхэм хүндэт найз нөхөд минь, намайг Ариун Газарт эргэл мөргөл үйлдэх хугацаанд миний төлөө залбирч өгнө үү.


2014/06/02

Есүсийн Ариун Нандин Зүрхний сар

Зургадугаар сар бол Ариун Зүрхэнд зориулагдсан байдаг. Шашин нь Пентикостын дараах хоёр дахь Эзэний өдрийн Баасан гаригт, Есүсийн Ариун Зүрхний баяр ёслолыг тэмдэглэдэг билээ. Түүнчлэн шашны ёслол тэмдэглэн үйлдэхэд сүсэг бишрэлийн олон ёс заншил нь Есүсийн Ариун Зүрхтэй холбогдсон байдаг. Бүх сүсэг бишрэлээс Ариун Зүрхэнд сүсэглэх нь хамгийн өргөн тархсан Шашны түгээмэл тэмдэглэлт ёслолуудын нэг болон үлдсэн байна. Ариун Судрын гэрлийн ойлголтоор бол “Есүсийн Ариун Зүрх”-ний цаг хугацаа нь хүмүүний хамгийн гүн гүнзгий мөн чанар болох Тэнгэрбурханы хүү, мөнхөд орших цэцэн ухаан; хязгааргүй буяны үйлс, авралын итгэмжлэгч ба хүн төрөлхтний ариуслын тусгал, үүний оршин буй нь бүхэлдээ Христийн нууцыг үндсээр нь гэрчилдэг. “Ариун Зүрх” бол Христ, Үгийн амилалт, Аврагч, бодит үнэний агууламж, Ариун Сүнсэн дэх оршихуй, Эцэг ба түүний ахан дүүст зориулж байгаа тэнгэрлэг-хүмүүний хзгааргүй хайр билээ.                                                          Сүсэг бишрэлд зориулсан Ариун Сударын Үндэс
Есүс бол Эцэгтэй хамт байсан нэгэн (Иохан 10, 30) бөгөөд шавь нараа урихдаа өөртэйгөө дотно нэгдлээр амьдруулж, өөрийн зааснаар болон өөрийн биеэр тэдний амьдралынх нь загвар болохоор дууддаг билээ. Тэрээр “зүрх сэтгэлийн номхон даруу ба дөлгөөн” байдлаар өөрийгөө ээлжлэн үзүүлдэг (Матай 11, 29). Үүгээр “Шашны гайхалтай ариун ёслол”ын бэлэг тэмдэг (Августин гэгээнтэн), цус ба усыг  урсган, жадаар сүлбүүлж буй Христийн талд байгаа бүх Христэд итгэгчдийн харц, (Иохан 19, 37; Зак 12,10) хатгуулж байгаа түүнийг харж буй бүх Христчин хүмүүсийн харцнаас илчлэл ба сайн мэдээний гэрэл цацран Есүсийн Ариун Зүрхэнд сүсэглэж буйгаа тодорхой ухамсарлахыг хэлж болно.        
Тэнгэрлэг Эзэн өөрийн гар болон өөрийн талыг шавь нартаа үзүүлж буйг (Иохан 20,20)  Гэгээн Иоханы Айлдалд өгүүлдэг, мөн түүний урилга Томасын гарыг нь өөрийн талд болгодог (Иохан 20,27). Энэхүү үйл явдал нь Ариун Зүрхэнд сүсэглэх Шашны эх сурвалж ба хөгжилд гайхамшигтай нөлөө үзүүлсэн билээ. Эдгээр болон бусад эх бичгүүд нь ялалт байгуулсан болон амь үрэгдсэн пасчал Хургийг төлөөлдөг (Үйлс 5,6). Энэ нь өөрийн сургаалийнхаа баялгийг ил гаргаж буй Эцэгээр тусгалаа олж буй тусгагдахуун юм. Ийнхүү түүний талыг нээсэн шархыг тунгаан цэгнэж, итгэгчийг Христийн нууцад нэвтрэхийг урьсан билээ. Августин бичихдээ: “Нэвтрэн орох нь боломжтой зүйл”: Христ бол хаалга. Энэ нь түүний талыг жадаар онгойлгох үед чамд зориулагдан нээгдсэн юм. Түүний талаас урсан гарсан зүйлийг санаарай: иймээс Христэд нэвтрэн орохыг хүсэж буйгаа өөрөө сонгодог. Загалмай дээр зүүгдэн нас барж түүнийг жадаар хатгахад, Христийн талаас цус болон ус урсан гарч байлаа. Тэр усанд чиний ариусал гэгээрэл, тэрхүү цусанд чиний чөлөөлөлт бий”.                                               

Ариун Сүнсний Үдэшлэг


Манай Монгол дахь Католик Шашны бүх залуусын дунд "Ариун Сүсний Үдэшлэг" зохион байгуулсан бөгөөд үүнд бүх паришийн 80 орчим залуус оролцож орой 5.31ний 21 цагаас эхлээд 6.1нд өглөө 6 цагт өндөрлөсөн билээ. Энэхүү үдэшлэг нь Нээлтийн ёслол, Ариун Сүнсний тухай, Бясалгал ба наминчлах ёслол, сэргээх Ариун Ёслол, Хөгжөөнт тоглоом, Миса гэсэн үе шаттай болсон юм.   Залуучууд маань бүтэн шөнийн турш энэ гайхамшигтай үйл ажиллагаанд оролцож байхдаа баяр хөөрөөр дүүрч, огт ядраагүй билээ. Учир нь хүн бүр Тэнгэрбурхантай илүү ойр байж, Ариун Сүнсээр дүүрэн байхын тулд нэгэн сэтгэлээр цуглаад, олон зүйлийг сурч олон чухал ёслолд оролцсон юм. Мөн үйл ажиллагаа бүрийн дундуур тэд байнга л хамтдаа дуулж, бүжиглэж бас амттай хоол цайгаар үйлчлүүлэн үнэхээр доргио сайхан үдэшлэг болж байлаа. Бас оролцсон залуус маань долоон бүлэгт хуваагдаж, Ариун Сүнсний талаар өөрсдийн бодол санааг харуулсан жүжиг үзүүлсэн нь хүн бүрт ухаарал хайрласан билээ. Үүнд бүлгийн гишүүн бүр хамтдаа оролцсон нь залуусын идэвхи санаачлага ямар өндөр байгааг харуулж байв. Спорт тэмцээний дараа Магтаал Талархлын Мөргөлийн үед бүгд хамтдаа нар мандаж байхыг харахад гайхамшигтай сайхан байсан билээ. Ийнхүү Ариун Сүнсний Үдэшлэг өндөрлөж, хэдийгээр залуусын маань  нойр хүрч байсан ч хамтдаа орчноо цэвэрлээд явцгаасан юм. Энэхүү үйл ажиллагаанд манай фр. Эрнесто, фр. Хервэ, бр.Андрей, бр.Саемон, ср.Ними, ср.Таноко, ср.Режина болон залуучуудын бүлгэмийн бусад гишүүд, Пасторал багын хамт олон, үйлчилгээнд тусласан томчууддаа бүх залуусынхаа өмнөөс талархаж байна.  

Мариагийн Шөнө


Манай "Гэгээн Мариа Сүм" дээр жил бүрийн 5.30нд  "Мариагийн Шөнө"-ийг тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэхүү үйл ажиллагаа 19 цагийн Мисагаар эхлэсэн бөгөөд Мисаг фр. Франциско удирдан, мисаны дараа бүгд гадагш гараад, Мариа Эхийн баримлын өмнөх цэцэрлэгт үргэлжлүүлэн залбирсан юм. Комбинат, Яармаг, Нисэх, Зуун мод, Солонгос гээд бүлгэм тус бүр өөрсдийн бэлтгэсэн сарнайг тавиад, нэг нэг нууц залбирч дуусгаад өөрсдийн бэлтгэсэн лааг Мариа Эхийн баримлын өмнө тавьж байлаа. Ингээд 5 бүлгэмийн бүх ахан дүүс маань таван нууц залбирч дуусаад, хамтдаа дуулж бас төгсгөлд нь Мариа Эхийн тухай шүлгийн уралдаанд шалгарч түрүүлсэн Дөлгөөн, Сайхнаа Киара Лучиа нар өөрсдийн зохиосон шүлгээ уншиж сонирхуулан, фр.Франциско тэдэнд бэлэг гардуулах ёслол болсон юм. "Мариагийн Шөнө"-ийн үйл ажиллагаанд "Лежио Мариа Бүлгэм"-н гишүүд ихээхэн анхаарал тавин, Мариагийн баримлыг бэлтгэж бас зохион байгуулах ажилд оролцсон нь хүмүүсийн сэтгэлд ихэд хүрэн баяртайгаар, залбирцгааж байлаа. Энэ өдөр хүрэлцэн ирж хамтдаа залбирсан бүх хүмүүс болон тусласан та бүхэнд талархаж буйгаа илэрхийлж байна.