2015/11/22

Христ Хааны баярын өдөр

Литургийн хуанлийн дагуу жирийн цаг улирлын сүүлийн бүтэн сайн өдөр бол Христ Хааны баярын өдөр юм. Баярын өдрийн нэрийн дагуу, хүн төрөлхтнийг аврахаар ирсэн Есүс Христ нь “Хаан” болохыг дурсан санадаг өдөр юм. Есүс нь улс төрийн эрх мэдлийг гартаа аван ард олныг барьдаг хаан бус, Өөрийн амийг золиослон ард олныг хүндэлсэн Аврагчийн төрхөөр иржээ. Өөрийгөө даруу байлгаснаар өргөмжлөгдсөн юм. 1925 онд Пап 11-р Пиу жирийн цаг улирлын сүүлийн бүтэн сайныг "Христ Хааны баярын өдөр” болгон тогтоожээ.

 Дорнодын мэргэд Иерусалимд ирж "Саяхан мэндэлсэн Иудейчүүдийн Хаан хаана байна?"(Матай 2,2) гэж асуухад Херод бас нэгэн хаан төрсөн гэж ойлгон ихэд айдаг. 
Пилат Есүсээс 
-Та Иудейчүүдийн Хаан мөн үү? гэхэд Тэр "Миний хаанчлал бол энэ ертөнцийнх биш." гэж хариулдаг. Иудейчүүд "Цезариас өөр хаан бидэнд байхгүй" хэмээн эзэн хааны өмнө Өөрийгөө хаан гэгч энэ Хүнийг суллавал тэр хүн Цезарийн анд нөхөр биш гэж Пилатыг тас хорьдог. (Иохан 19 бүлэг)
Үүний дүнд Есүсийг "Иудейчүүдийн Хаан Назарын Есүс" гэсэн пайзтайгаар загалмайд цовдолдог. Үүний адил бидний илчилдэг "Христ Хаан" нь энэ ертөнцийн айдаг аюул занал хийгээд эрх хүчний хаан бус, загалмайд Өөрийгөө Өргөл болгон өргөсөн өрөвч зөөлөн, амар амгалангийн Хаан, энэрэл хайр ба үйлчлэлийн Хаан юм. 

2015.11.22

2015/11/10

Дон Боско Хэвлэлийн газраас Шинэ номнууд ирлээ.




Дон Боско хэвлэлийн газраас номнууд ирлээ. Залуучуудын боловсрол сурган хүмүүжлийн ажилд өөрийн хувь нэмрээ оруулж байдаг уг хэвлэлийн газар нь энэ удаа бидэнд гадаадын уран зохиолуудаас орчуулан хүргэж байна.

Та уг номнуудаас авахыг хүсвэл Дархан-Уул аймагт байрлах "ДОНБОСКО" медиа-д шууд хандах эсвэл манай сүмд хандаж болох юм.



Энд орчуулагч Б. Наранбулаг-ийн

  1. Тольгүй улс /Ким Юл Хи
  2. Алтан гургалдай /Ханс Кристиан Андерсон
  3. Үнэнч бух /Эрнэст Хэмингуэй
  4. Жинхэнэ ба хуурамч хаан /Мартин Бубер
  5. Зургаан хэрээ /Лео Лионни
  6. Од хүү /Оскар Уайльд
  7. Тико ба алтан далавч  /Лео Лионни
  8. Улаан бөмбөг /Альберт Ламорис
  9. Саран цөөрөм /Иван Канчаев
  10. Миний доторх од /Эда Райнул
  11. Бяцхан хэсэг  /Лео Лионни
  12. Крэдэриг хулгана  /Лео Лионни
  13. Минийх!  /Лео Лионни
  14. Дэлхийн хамгийн том гэр  /Лео Лионни
орчуулагч Т.Баярцэцэг-ийн
  1. Тоонуудын амьдрал /Эхнэр нөхөр Кран
  2. Хэрчим өөдөс том бөөрөнхийтэй уулзсан нь /Шиль Шилвэрштэйн
  3. Шуналтай аварга хүн /Оскар Вайлди
  4. Бяцхан жонглёрчин /Бабара Кооней
  5. Өнгөрөн явсан хүмүүс /Эд Сулливан
  6. Харамгүй өгдөг мод /Шел Силверстей
орчуулагч Л. Ариунтуяа-ийн 
  1. Эртний нэгэн хулгана /Мэрсиа Браун
  2. Найзынхаа эрхэм чанарыг таньсан хаан /Лиус Дэ Хорна
  3. Бремен хотын хөгжимчид /Ах дүү Гримм
  4. Өөр өөрийн өнгө  /Лео Лионни
  5. Цэг ба шугам /Нортон Жастер
орчуулагч А. Гэрэлт-Од
  1. Цэцэгсийн игэл найдвар /Трина Паулус
Перс ардын үлгэр 
  1. Ид шидийн ой


2015/11/04

11 сар нь Насан эцэслэгчдийг тайтгаруулах Ариун сар

11 Сар нь Насан эцэслэгчдийг тайтгаруулах ариун сар бөгөөд энэ сарын 2нд Католик сүмийн итгэгчид бид ХАМАГ ИТГЭЛТ ТАЛИЙГААЧДЫГ ДУРСАХУЙ-н өдрийг тохиолдуулан хамтдаа залбирдаг билээ. 

Энэ залбиралдаа бид талийгчид ялангуяа арилгах оронд байгаа талийгчдийн төлөө залбирдаг. 

Арилгах оронд ариусгагдаж байгаа сүнснүүдэд бид хэрхэн туслаж болох вэ?
Гэгээнтнүүдийн нэгдлийн тусламж дэмжлэгтэйгээр газар дэлхийд түр оршин сууж буй сүсэгтнүүд нь залбирлаар, ялангуяа Эвхаристын золиосоор дамжуулан арилгах оронд буй сүнснүүдэд тусалж болдог. Мөн өглөг, өршөөл, гэмшлийн үйлсээрээ тэдэнд туслах боломжтой. 
 Үхэл гэгч хувь тавилан

"Үхдэггүй хүн, үгүйрдэггүй баян гэж байдаггүй" гэсэн монгол ардын зүйр цэцэн үг бий. Үхэлтэй хэзээ, хаана, яаж тулгарахаа хэн ч мэддэггүй.  Үхэл нь энэ ертөнцөд хуримтлуулсан эрхэм нандин зүйлс төдийгүй хайртай хүмүүсээс минь ч үүрд хагацахад хүргэдэг зүйл учир үхлийг мэдээж уйтгар гуниг ба зовлон дагадаг. Мөн үхэл бол зөвхөн ганцхан удаа л тохиолддог бөгөөд буцааж үл болох зүйл учир үхлийн дараах явдлыг ярьж өгдөг хүн байдаггүй. Иймд үхлийн тухай хүн төрөлхтөн зөнгөөрөө айдас хүйдэс, түгшүүрт автагддаг. 
Нөгөө талаар, үхэл нь хүн төрөлхтөнд өөрсдийн амьдралаа эргэн харж, гэмшин ухаарах боломжийг олгодог. 



 Энэ дэлхийн амьдрал бол Тэнгэрбурханаас ирсэн зүйл бөгөөд үхэл нь Тэнгэрбурхан руу буцаж буй хэрэг юм. Иймд бид өдөр бүр амьдралаа эргэн харж, Тэнгэрбурханд талархлыг өргөснөөр мөнхийн амийн тухай итгэл найдвар өвөрлөн, үхлээс айлгүй амьдрахыг хичээцгээе. 




Үхлийн дараа...

  1. Тэнгэрийн орон -Диваажин 
  2. Арилгах орон -Зуурдын орон
  3. Там
Тэнгэрийн орон - Тэнгэрбурхантай хамт байх ивээгдсэн байдлыг илэрхийлдэг ба бид тэнгэрийн оронд орох нь төгс аз жаргалыг бэлгэддэг.

Арилгах орон - Тэнгэрбурханы ивээл хайран дотор нас барсан боловч бүрэн төгс цэвэршээгүй хүмүүс Тэнгэрбурханы хаанчлалд орохын тулд дамжин өнгөрөх ёстой цэвэршлийн явцыг хэлнэ. 

Там - Хүн төрөлхтний хүсэн мөрөөддөг амь ба аз жаргалыг өгөгч Тэнгэрбурханаас үүрд тусгаарлагдахыг хэлдэг. Тэнгэрбурхан гэмтнийг хаядаг бус харин тэд өөрсдөө Тэнгэрбурханы ивээлээс татгалзсанаас там гэдэг мөнхийн зовлонт байдалд унах болдог. 


2015/09/23

Дэлхийн Энх Тайвны өдөр


Уламжлал ёсоор жил бүрийн 9 сарын 21нд хүн төрөлхтний энх тайван амьдран суух язгуур эрхийг тунхагласан Олон улсын Энхтайвны өдөрт манай Католик Шашны хамт олон ёслол төгөлдөр оролцдог билээ. Энэ өдөр Монгол дахь шашны байгууллагууд хамтран “Энх тайвны төлөө Түншлэл-Хүн бүрт Хүндлэл” үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээ нь Дашчойлон хийдэд зохиогдсон бөгөөд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман оролцож НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийн Энхтайвны өдөрт хандсан Илгээлтийг хүргэн Энхтайвны хонхыг цохих ёслолын ажиллагааг нээлээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн есдүгээр сарын 21 -нд дэлхий даяар тэмдэглэх Олон улсын энхтайвны өдөрт зориулж илгээлт гаргасан байна. Уг илгээлтэд “Өнөөдөр бид жил бүрийн Олон улсын энхтайвны өдрийг дайны галыг зогсоож, хүчирхийлэл үйлдэхийн эсрэг үзэл санаагаар тэмдэглэж байна. Энхтайван бол юугаар ч худалдан авч болшгүй үнэ цэнэтэй зүйл. Энхтайвныг бид хайрлаж, тордож тэтгэх, хадгалж, хамгаалж байх ёстой. Тиймээс бид жил бүр Олон улсын Энхтайвны өдрийг тэмдэглэх үеэр би НҮБ-ын Төв байгууллага дахь Энхтайвын хонхыг цохидог.                Уг үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны Зөвлөл, НИТХ-ын төлөөлөгчид, Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн Газар, Монголын Бахайчуудын Үндэсний Оюун Санааны Чуулга, Зүүн Хүрээ Дашчойлин Хийд, Монгол дахь Католик Сүм (Ватиканы Төлөөлөгчийн Газар), Шинто шашны Оомото байгууллага, Монголын Мусульманы Нийгэмлэгүүдийн Холбоо зэрэг байгууллагууд, иргэд, мөргөлчид, дэмжигч ахан дүүс маань оролцож дэлхийн энх тайвны төлөө дуу хоолойгоо өргөн барьсан юм. Энэ үеэр манай Католик шашны тэргүүн Хамба лам Венсэслао Падилла болон бусад лам нар, итгэгч ахан дүүс маань ч мөн адил өөрсдийн дуу хоолойгоо өргөн барьж Тэнгэрбурхандаа залбирсан билээ. Энэ өдөр хүрэлцэн ирж Олон улсын Энхтайвны төлөө залбирсан бүх ахан дүүстээ талархаж байна.
 
 

 
  

2015/09/22

Пап лам Францисын уриалгаас

 
09/18/2015
Куб болон АНУ-д хийх миний залбирлын аянд та бүхнийг нэгдэхийг хүсэж байна. Надад та бүхний залбирал хэрэгтэй байна.

09/17/2015
Шударга бус байдал болон зовлон шаналалыг үл харгалзан, Тэнгэрлэг Эзэний ялалт бол гарцаагүй билээ.

09/14/2015
Тэнгэрбурхан дорд нэгнийг хайрладаг. Биднийг даруу төлөв амьдрах үед, тэрээр бидний бяцхан хүчин чармайлтыг авч агуу зүйлсийг бүтээдэг билээ.

 

2015/09/16

Пап лам Францисын уриалгаас


09/14/2015
Тэнгэрбурхан зөөлнийг хайрладаг. Бид эгэл даруухан амьдрах үед Тэрээр бидний өчүүхэн хүчин чармайлтыг хүлээн авч, агуу зүйлсийг бүтээдэг билээ.

09/12/2015
Бид цаг үргэлж загалмайн тэмдэг зурсанаар Ариун Гурвалын агуу нууцад илүү ойртож байдаг.

09/10/2015
Бид өдөр бүр Тэнгэрбурхандаа “Танд баярлалаа” хэмээн хэлдэг билүү?

09/08/2015
Европ дахь париш болон хамт олон бүр дүрвэгдсэн гэр бүлийг хөтөч болон хүлээн авах болтугай.

09/07/2015
Бидний эмэгтэйгээс онцгойлон ажилгүйдэлд өртсөн бүх гэр бүлүүдийн төлөө залбирч өгөхийг гуйж байна.

2015/09/08

Тэмдэглэлт өдөр

Манай Католик Шашны итгэгч ахан дүүс маань жил бүрийн 9.8ны өдөр буюу Гэгээн Мариагийн төрсөн өдрийг ёслон тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ өдөр  Есүсийн  Эх  Мариа, Тэнгэрбурханаас сонгогдсон Цэвэр Охин Мариагийн итгэл бишрэлийг бахдан сайшааж,  түүний үлгэр дууриалаас суралцахын зэрэгцээ түүнд талархаж, үргэлжлүүлэн бидний төлөө  залбирхыг гуйж хүсдэг юм. Мариа Эх бидний итгэл бишрэлд их чухал нөлөө үзүүлж байдаг. Тэрээр Гэгээн Иоким болон Анна нарын гэр бүлд төрсөн бөгөөд тэдний итгэл бишрэл, сургамжинд өсөж ториноод, Тэнгэрбурханы дуудлагыг дуулгавартай хүлээн авсан билээ. Гэгээн Мариагийн амьдралаас бид бүхэн Тэнгэрбурханы хайр хишиг ямар агуу бөгөөд гайхамшигтай болохыг мэдэж авдаг. Мөн Тэнгэрбурхан хүн нэг бүрт ямар их хайртай, бас бидэнд тэнгэрлэг баяр хөөрийг хуваалцах боломж хайрласныг ойлгож ухаардаг билээ.  Итгэгч ахан дүүстээ Цэвэр Охин Мариагийн мэндэлсэн өдрийн баярын мэндийг хүргэж байна.