Манай “Гэгээн Эх Мариа” сүмээс 10 жилийн ойн хүрээнд Тэнгэрбурханы өргөө
болсон сүмийн орчин тойрныг Тэнгэрбурхантай уулзаж залбирдаг, Ариун Газар
болгоход анхааран итгэгчиддээ зориулан олон ажил хийж байна. Үүний нэг нь “Тэнгэрбурханы Арван Бошиг” –г сүмийн хашаан дээр сийлж
бичсэн ажил байлаа. Итгэгчид маань Тэнгэрбурханы арван бошгийг хараад тунгаан бясалгах бизээ. Энэхүү ажилд олон хүний сэтгэл болоод хүч хөдөлмөр шингэсэн юм.
1. Би бол Эзэн, чиний Тэнгэрбурхан, чи надаас өөр бурхадтай байж болохгүй.
Орчлон ертөнцийг бүтээгч Тэнгэрбурхан бол ганц бөгөөд Ертөнцийн Эзэн билээ. Тиймээс бид Тэнгэрбурхан Эзэнээ өөр бусад Түүний бүтээлүүдтэй нь харьцуулах нь зохисгүй юм.
Тэнгэрбурханы үг агуу бөгөөд Түүний нэр Ариун билээ. Бид Тэнгэрбурханы нэрийг дурдах нь маш нэр төрийн хэрэг тул бүх зүрх сэтгэлээрээ хандан, чин сэтгэлээсээ Түүнтэй ярилцах нь зүйтэй. Харин санаатай болоод санаандгүй байдлаар ямар ч зорилгогүй дурдаж үл болно.
3. Эзэний өдрийг ариунаар сахихаа санагтун! Тэнгэрбурхан бидэнд зориулан ням гарагт Түүнтэй хамт байж, Өөрийн хайр ивээлийг өгөхийн тулд Тэнгэрийн Хаанчлалын найранд уридаг билээ. Эзэний өдрийг ариунаар өнгөрөөхийн тулд бид хэрхэн ажил хөдөлмөрөө зохицуулж болохыг хүртэл Тэнгэрбурхан зааж өгсөн байдаг. Бид Түүний хайр хишгийг хүлээн авснаар өөрийн бүх бие, сэтгэл, үйл хөдлөлөө ариун байлгахыг хичээвэл жинхэнэ амралтыг олж аван Эзэний өдрийг ариунаар сахиж буй хэрэг болно.
4. Эцэг эхээ хүндэл.
Тэнгэрбурхан бидэнд өөрсдийн эцэг эхээ хүндлэхийг хуульчилсан байна. Бид бүхэн эцэг эхийнхээ захиас сургаалийг сонсон, төрүүлж өсгөн, асран халамжилсан хайрыг нь ямагт санаж хүндэлж байх ёстой. Энэ нь эцэг эхээс заяасан бүх хүнд хамааралтай юм.
5. Чи хүн бүү ал.
Хүний амь бол хамгийн үнэтэй тул Тэнгэрбурхан хүний амь таслахыг хориглон хуульчилсан байдаг. Үүнд хувь хүний өөрийн амь ч бас хамааралтай тул өөрийн амийг ч бүрэлгэж үл болно. Мөн бусдыг бие махбодын хувьд болон зүрх сэтгэлийн хувьд алахад хүргэх үйлдэл хийхийг хориглоно.
6. Чи бүү завхайр.
Эхнэр нөхөр бие биенээ хүндлэн, нэг бие болдог тул Тэнгэрбурхан завхай явдлыг хориглон хуульчилсан байна. Бидний бие махбодь болоод оюун сэтгэл бол зөвхөн гэрлэлтээр дамжуулан эхнэр нөхөртөө зориулагдсан тул завхай явдал нь бидний амьдралыг тэнцвэргүй болгон гэр бүлийнхэндээ бие махбодь болон сэтгэлийн өвчин шаналал дагуулдаг.
7. Чи бүү хулгайл.
Тэнгэрбурхан хүн нэг бүрт өөрсдийн хүч хөдөлмөрөөр хэрэгтэй зүйлсээ бүтээх чадвар өгсөн тул хулгай хийхийг хориглон хуульчилсан билээ. Тиймээс бид хулгайлж бус өөрийн хүчин чармайлтаар олсон зүйлсдээ сэтгэл хангалуун амьдрах хэрэгтэй.
8. Чи хөршийнхөө эсрэг худал бүү гэрчил.
Тэнгэрбурханы үг агуу тул Тэр бусдын худал гэрчлэлийг хориглон хуульчилсан билээ. Тиймээс бид эргэн тойрны бүх л хүмүүсийг хөршөө хэмээн үзэж, тэдний төлөө шударга үнэн зүйл л зөвхөн ярих хэрэгтэй. Харин хүний амнаас сонссон буюу таамагласан зүйлсээр хөршөө гэрчилэхгүй байвал зохистой.
9. Чи хөршийнхөө эхнэрт бүү тачаад.
Эхнэр бол нөхрийнх, нөхөр бол эхнэрийнх тул Тэнгэрбурхан бусдын эхнэр нөхөрт тачаадахыг хориглон хуульчилсан байна. Эхнэр нөхөр нэг бие учраас, хэрэв чи бусдын эхнэрт тачаадвал нөхөрт нь ч мөн адил халдаж буй хэрэг, бусдын нөхөрт нь тачаадвал эхнэрт нь ч мөн адил халдаж буй хэрэг юм. Тиймээс аливаа үйлдэл, үг хэл болон бодлоороо бусдын эхнэр нөхөрт тачаадаж үл болно.
10. Чи хөршийнхөө өмчинд бүү шуна.
Тэнгэрбурхан хүн бүрийг байгаа чигээр нь хайрладаг бөгөөд өөрт байхгүй зүйлийн төлөө шунахыг хориглон хуульчилжээ. Өмч гэдэг бол эд зүйлсээс гадна бусдын оюун санаа болон бие махбодь гээд бусдын мэдэлд байгаа бүх зүйлс багтдаг юм. Тиймээс өөрт байхгүй зүйлийн төлөө шунах биш харин ч хөршийнхөө уйгагүй хүч хөдөлмөрийг үнэлэн урам өгөөрэй. Мөн өөрт байгаа зүйлсдээ сэтгэл хангалуун байж, байгаа зүйлсээ арчилж тордон, улам хөгжүүлж сурах хэрэгтэй.
No comments:
Post a Comment