Манай “Гэгээн Эх Мариа” сүмийн итгэгчид "итгэлийн үүд хаалга" өөд хамтдаа алхах үүднээс өөрсдийн дотоод өөрчлөлт, ариун явдалт амьдралдаа анхаарч байгаа билээ. Үүний нэг нь “Библи унших эргэл мөргөл” бөгөөд итгэгчид маань хамтдаа “КАТОЛИК ШАШНЫ ИТГЭГЧДИЙН ХУВИЙН ТЭМДЭГЛЭЛ” хөтлөж эхэлсэн юм. Итгэгчдийн энэхүү үйлсд хувь нэмэр оруулах үүднээс 1 сарын 27нд Мисаны дараа их бясалгал буюу библийн тухай семинар зохион байгуулсан билээ. Семинарт фр. Франциско Хо хувийн тэмдэглэл хөтлөх талаар итгэгчдийн сэтгэгдлийг сонсон, тохиолдох саад бэрхшээл болон библийг амтархан унших талаар өөрийн туршлагаас хуваалцан, ШИНЭ ГЭРЭЭ-ний талаар богино хугацаанд маш их мэдээллийг өгсөн билээ. фр. Франциско Хо итгэгчдэд зориулан шинэ гэрээн дэх номууд болон тэдгээрийн уялдаа холбоо, ялгаа болон хэрхэн ойлгож унших арга замуудыг зааж өгсөн нь ихэд сонирхолтой байлаа. Эцэст нь тэрээр библийг өдөр бүр, тогтмол унших нь их үр дүнтэй болохыг захисан юм. Итгэгчид та бүхэн тэмдэглэлийн дэвтэр аваагүй буюу уншиж амжаагүй бол “Гэгээн Эх Мариа” сүм дээр хүрэлцэн ирж дэвтрээ аван өөрийн боломжтой өдрөө уншиж эхлэх боломжтой.
No comments:
Post a Comment