Жил бүр манай Католик
шашны итгэгчид маань “Гэгээн Петр ба Паул” катедралд бүх паришаар цуглаад хамтдаа
Ариун Гэр Бүлийн Баяраа тэмдэглэдэг уламжлалтай билээ. 12.29нд болсон баярын Мисаг
Монгол дахь Католик шашны тэргүүн, хамба лам Венсэслао Падилла удирдсан бөгөөд
энэ үеэр ирэх дөрвөн жилийн Пасторал төлөвлөгөөг бүх байгууллагат гардуулж
өгсөн онцгой үйл явдал болсон билээ. Хамба лам Венсэслао Падилла номлолдоо: сүсэгтэн
олондоо хандаж Христийн мэндэлсэн баярын мэнд хүргээд Ариун гэр бүлийн үлгэр
жишээгээр амьдрахыг уриалсан юм. Хэдийгээр Иосэф Мариа нарын гэр бүлд бэрхшээл тохиолдож
гэр орон, ах дүүсээ орхин хол газар явсан ч хамтдаа ойр дотно байж, гэр бүл үр
хүүхдээ хамгаалж байсан билээ. Бидэнд ч бас гэр бүл, хань ижлээсээ хол амьдрах
явдал тохиолддог бөгөөд тэр бүрт ямар хэцүү, хүнд байдгийг ойлгох бизээ. Ийм
үед Ариун Гэр Бүлийн жишгээр хоорондоо ойр дотно байж, аав ээж нар бие биенээ
хүндлэн үлгэр дуурайл үзүүлэн, үр хүүхдээ хайрлаж тэдний зүрх сэтгэлийг бүү шархлуулаарай. Харин үр хүүхдүүд нь эцэг эхийнхээ үгэнд дуулгавартай байж, эцэг эхээ хүндлээрэй. Үр хүүхдийнхээ боловсрол ба хүмүүжилд нь анхаарч чадах чинээгээр туслан, сайн иргэн хүн болгоход тэдний хэрэгтэй бүхнээр туслаарай. Мэдээж гэр бүлийн
асуудлаас болж олон гэр бүлүүд салахад хүрдэг. Харин ийм аргаар асуудлыг шийдэх
бус гэр бүлийн боловсролыг хөгжүүлэн, хүн бүр сурч хөгжин, хичээн амьдрах
хэрэгтэй. Ингэснээр сайн үр жимс ургуулагч модны бат бэх үндэстэй адил байх
болно. Хүүхдийн хөгжил ба гэр бүлийн боловсролын талаар Монголд ихээхэн анхаарч
олон арга хэмжээ зохион явуулж байна. Манай Католик шашны ирэх дөрвөн жилийн
пасторал төлөвлөгөөнд боловсролын талаар ялангуяа гэр бүлтэй холбоотой олон
арга хэмжээ орсон байгаа билээ. Та бүхнийг эдгээр үйл ажиллагаанд идэвхитэй
оролцохыг урьж байна. Ариун Гэр Бүлийн амар тайван болон баяр баяслыг хүсэн
ерөөж байна.
No comments:
Post a Comment