Пап лам 1-р Францис бол дэлхийн Католик шашны тэргүүн, Тэнгэрбурханы сайн мэдээг дэлхий дахинд тунхаглаж, сүсэгтэн олондоо Ариун Эцэг хэмээн хүндлэгддэг санваартан хүн билээ. Түүнийг дэлхий даяар мэддэг бөгөөд энэ удаа бас нэгэн сонирхолтой мэдээ сонинд хэвлэгдсэн байхыг та бүхэндээ бүрэн эхээр нь толилуулж байгаадаа баяртай байна.
Дэлхийн хамгийн олон уншигчтай, нөлөө бүхий сэтгүүл “Time” уламжлал
ёсоор энэ оны онцлох хүнээ нэрлэсэн нь Ромын пап I Францис байлаа. Сүүлийн 1200
жилд цорын ганц удаа европ биш хүн Католик сүмийн папаар сонгогдсон нь Аргентин
гаралтай Хорхе Марио байв. Зүсэн зүйлийн шалтгаанаар дэлхий дахинаа шашны нэр
хүнд, байр суурь ганхаж буй энэ үед Католик сүмийн тэргүүн болоод есхөн сар
өнгөрөхдөө пап лам I Францис зоригтойгоор олон зүйлийг шинэчилж, хүмүүсийн
итгэл үнэмшлийг сэргээн, сүмийг тойрсон асуудлыг олон нийтэд зоригтой илчилсэн. Шоронгийн хоригдлуудын хөлийг угааснаас эхлээд
шуугиан тарьсан олон үйл хэргийн ард гарсан түүний тухай “Тэр өнөө цагийн чухал
нэгэн дүр болж чадсан. Баян ядуу зааг, шударга ёс, ил тод байдал, өнөөгийн
ертөнцөд өөрчлөгдөн буй шашны үүрэг, даяарчлал, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх
байр суурь, ижил хүйстнүүдийн эрх гэхчлэн олон асуудалд тэр байр сууриа зоригтой
илэрхийлж, өөрийн зүгээс хийж чадах бүхнээ хийж буй” хэмээн тус сэтгүүлийн
эрхлэгч Нэнси Гиббс бичжээ.
Ингэснээр I Францис “Time” сэтгүүлийн “Оны хүн”-ээр
тодорсон гурав дахь пап лам бож байгаа юм. Урьд Ромын пап агсан XXIII Иоанн (1962),
II Иоанн Павел (1994) нар тодорч байсан. Харин НСА-ийн экс ажилтан, Цагаан
ордны нууц мэдээллийг олон нийтэд илчилсэн Эдвард Сноуден, АНУ-ын ижил
хүйстнүүдийн эрхийг хамгаалан тэмцэгч Эдит Уиндсор, АНУ-ын сенатор Тед Круз,
Сирийн ерөнхийлөгч Башар Аль Ассад нар удаалжээ. Энэ онд “Оны хүн”-ээр Эдвард
Сноуден тодрох болов уу хэмээн олон хүн хүлээж байсан ч 2011 онд Жулиан
Ассанжийг алгассантай адил үйл явдал боллоо гэж АНУ-ын хэвлэлүүдэд бичсэн байв.
“Ариун эцэг элдэв шагнал, нэр алдрын хойноос ер хөөцөлддөгүй. Гэхдээ “Оны хүн”-ээр
тодорсон нь Тэнгэрбурханы хайрыг олон нийтэд түгээх үйлсэд дэм болох аваас тэр
үүнд хязгааргүй баяртай байх болно” хэмээн Ватиканы хэвлэлийн төлөөлөгч
Федерико Ломбарди ярьжээ.
No comments:
Post a Comment