2015/04/29

Бясалгал

 
Манай "Гэгээн Мариа Сүм" дээр сар бүр зохион байгуулдаг их бясалгал нь 4 сарын 26нд буюу Ариун Дуудлагын өдөр тохиосон билээ. Ариун дуудлагын баяр бол итгэгч бидний хувьд их утга учиртай өдөр юм. Хүн бүрт  Ариун Амьдралаар амьдрах дуудлага Тэнгэрбурханаас өгөгдсөн байдаг билээ. Тиймээс энэ өдөр хүн бүр энэхүү дуудлагын төлөө Тэнгэрбурхандаа талархан, ариун амьдралаар амьдрахын утга учир ба хэрхэн яаж амьдрах арга ухааныг суралцаж авдаг юм. Бид нар хэрхэн сонголт хийснээс шалтгаалан дуудлагыг гурван төрөл зүйлд авч үздэг. Нэгдүгээрт: сахил санваарын амьдралаар ариун амьдрах дуудлага, хоёрдугаарт: гэрлэлтийн амьдралаар ариун амьдрах дуудлага, гуравдугаарт: ганц биеийн амьдралаар ариун амьдрах дуудлага билээЭнэ өдрийн бясалгалын сэдэв ч бас ариун амьдралтай холбоотой байсан бөгөөд өөрсдийн амьдралын талаар дүн шинжилгээ хийж, хамтдаа магтаалын дуугаа өргөөд, ариун амьралын тухай мэдээллийг авснаар сүнслэг амьдралаа хөгжүүлэн, өөрсдийнхөө төлөө болоод бусад ахан дүүсийн төлөө хамтдаа залбирч байлаа. Ялангуяа санаартан болохоор сурч байгаа хүмүүсийн төлөө, бас ирээдүйд сахилт амьдралыг сонгох хүүхэд залуусын төлөө хамтдаа залбирсан билээ. Энэ өдөр хүрэлцэн ирж олон зүйлийг сурч авсан бүх итгэгч нартаа болоод бясалгал бэлтгэн явуулсан итгэгч нартаа талархаж байна.   

2015/04/24

Багш нарын сургалт хичээл


Энэ сарын 12нд манай паришийн сургалтын багш нарт зориулан өөрсдийн сургалтын арга барил болоод мэдлэгээ дээшлүүлэх сургалт зохион явуулсан билээ. Сургалт 2 - 6 цаг хүртэл үргэлжилж, нийт 14 багш оролцсон юм. Хичээлийн сэдэв маань "Ариун Сүнс"-ний тухай байсан бөгөөд энэхүү хичээлийг урьдчилсан сургалтын багш нар бэлтгэн явуулсан юм. Энэ өдөр бид нар хамтдаа тоглож, хичээлээ сурч, дуу дуулж, залбирч бас багш нарынхаа бэлтгэсэн цайг ууснаар хичээл өндөрлөсөн юм. Үүний дараа дүгнэлт хичээл явагдаж хичээлээс асуух зүйл болоод сэтгэгдлээ хамтдаа хуваалцсан билээ. Багш нар хичээлийн талаар ихэд өндөр сэтгэгдэлтэй буйгаа илэрхийлсэн бөгөөд цаашид олон зүйл сурч бусаддаа зааж өгөхийг уриалсан юм. Энэ өдөр сургалт зохион байгуулсан бүх багш нартаа болон идэвхитэй оролцсон багш нартаа талархаж байгааг илэрхийлж байна. 


Пап лам Францисын уриалгаас



04/23/2015

Ариун ёслолуудаар уламжлан бид нар бодох хүч чадлыг олж нээдэг билээ.

04/21/2015

Бид эх дэлхийдээ анхаарал халамж тавих хэрэгтэй, тэгснээр Тэнгэрбурханы гэрээслэл буюу бүх хүн төрөлхтний гэр бүлд зориулсан амьдралын эх ундарга үргэлжлэх болно.

04/17/2015

Зовлон шаналалын Ээж, Мариа минь, агуу их зовлон шаналалын цаг мөч дэх Тэнгэрбурханы гэрээслэлийг ойлгоход бидэнд тусална уу.

04/14/2015                                       

Тэнгэрлэг Эзэн бол хэзээ ч биднийг уучлилж өршөөхөөс залхдаггүй. Харин бид нар уучилж өршөөхөөс залхдаг.

04/10/2015                 

Бид нар зөвхөн өөрсдийн амьдралд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн Айлдлыг бусдад хүргэж чаддаг.

2015/04/14

Онцгой үйл явдлуудаас

Амилалтын цаг улирал бол итгэгч бидний хувьд Есүс Христтэй улам ойр байж, түүний сургаалиас суралцан, өөрсдийн итгэл бишрэлээ бататгадаг баярт мөч байдаг билээ. Тэгвэл амилалтын улирлын II ням гариг буюу 4.12нд фр.Эрнесто, фр.Ким нар хүрэлцэн ирж паришийн ахлах лам фр.Франциско болон фр.Томас нарын хамт миса удирдсан билээ. фр.Ким бол анх "Гэгээн Мариа сүм"-ийг байгуулан, арав гаруй жил ажилласан бөгөөд итгэгч нарын итгэлийн амьдралд их хувь нэмэр оруулж байсныг үгээр хэлэх аргагүй билээ. фр.Ким одоо Солонгос улсад ажиллаж байгаа ч, тэндээ үргэлжлүүлэн Монгол итгэгч ахан дүүсийн төлөө ажиллаж, тэдний итгэлийн амьдралд тус нэмэр оруулсаар байгаа юм. Тиймээс түүнд олон хүмүүс баярлаж талархаж байдгаа илэрхийлсээр байгаа билээ. Тэрээр ажлын шугамаар долоо хоногийн хугацаатай Монголд ирсэн хэдий ч, цаг зав гарган мисанд хүрэлцэн ирж, итгэгч ахан дүүсээ баярлуулж, номлол айлдсан юм. Мөн энэ өдөр манай итгэгч нарын нэг болох Отгонбаатар мисаны үеэр лам нараас онцгой адислал хүлээн авсан билээ. Отгонбаатар удахгүй Монголын үзэсгэлэнт газар нутгаар тойрон аялал хийх гэж байгааг тохиолдуулан итгэгч ахан дүүс түүнд амжилт хүсэн, түүний төлөө залбирч байгаа нь олны сэтгэлийг хөдөлгөж, бахархах сэтгэгдэл өөрийн эрхгүй төрүүлж байв. Мисанд хүрэлцэн ирсэн бүх ахан дүүстээ болон үйлчилсэн бүх хүмүүст талархал илэрхийлж байна.    

2015/04/08

Пап лам Францисын уриалгаас


04/06/2015

Тэнгэрлэг Эцэг минь, бид хязгааргүй хайрлаж, өгөөмөр сэтгэлийн эрдэм ухаанаар амьдрахад тусална уу.

04/05/2015

Христ амиллаа! Христ бидэнтэй аялаж, амьдарч байна!

04/03/2015

Христийн загалмай бол ялагдал биш: Загалмай бол хайр ба нигүүсэл юм.

04/02/2015

Есүс шавь нарынхаа хөлийг угаадаг. Бид бусдад ингэж үйлчилэхэд бэлэн үү?

03/31/2015                           

Наминчлал бол Тэнгэрбурханы хайр энхрийллийн ёслол, биднийг тэвэрч буй Түүний арга барил билээ.

2015/04/07

Амилалтын баярын Миса



Манай  "Гэгээн Мариа Сүм" дээр Амилалтын баярын Миса, 4.5ны ням гаригт өглөө эхэлсэн бөгөөд Мисанд Хамба лам Венсэслао Падилла болон фр.Эрнесто, фр.Пиер нар хүрэлцэн ирж, паришийн ахлах лам Франциско болон фр.Томас нар удирдсан билээ. Мисаны үеэр хүүхдийн Баптизм хүртэх ёслол болсон ба нийт долоон хүүхэд хүртсэн юм. Ёслолыг Хамба лам Венсэслао Падилла удирдан явуулсан бөгөөд тэрээр итгэгч нартаа хандаж Амилалтын баярын мэнд хүргээд, өөрийн номлолдоо: Бид Амилалтын баяраар дамжуулан нууцыг тэмдэглэж байхдаа өөрсдөө сайн мэддэггүй билээ. Энэ нь бид нар Ариун долоо хоногийн ёслолууд, үгийн тунхаглалд оролцсоноор өөрсдийн амьдралын утга учрыг эргэцүүлэн бодохыг хэлж байгаа юм. Хэдийгээр бүрэн дүүрэн ойлгоогүй ч, бидэнд өөрийн эрхгүй нөлөөлж байдаг бөгөөд энэ нь биднийг эгэл даруу, хүнлэг байхыг сургадаг. Бид эгэл даруу хүнлэг байснаараа, биднийг гэм нүглээс чөлөөлөхийн тулд зовж шаналан нас барж, дахин амилсан Христийн нууц болон гэрчлэлийг хүлээн зөвшөөрдөг юм. Энэ бүхнээс бид айж эмээх бус харин энэхүү нууцлаг байдлыг мэдэж, өөрийн амьдралын нэг хэсэг болгох зоригтой байх хэрэгтэй. Энэ бол Есүсээр уламжлан өөрсдийн гэм нүглийн хавчлагаас чөлөөлөгдөх явдал билээ. Тиймээс биднийг гэм нүглийн харанхуйгаас чөлөөлөн, Амилалтын сүр жавхлант амьдрал өөд хүргэж буй Есүсийг хүлээн зөвшөөрч буй хэрэг юм. Хамгийн чухал зүйл бол бид Түүний хэлж, үйлдсэнийг даган дуурайх зоригтой байхыг хэлж байна. Гэхдээ та бүхэн энэхүү нууцыг зөвхөн яриад зогсох бус нүднийхээ өмнө бусдад дэлгэн, хуваалцсан гэдэгт би найдаж байна. Есүсийн хадан булшны дэргэд байсан бүсгүйчүүдийн нэгэн адил  бид Есүс үнэхээр үхлээс амилсан хэмээн сайн мэдээг хүргэдэг байх хэрэгтэй. Тэдгээр эмэгтэйчүүдийн Есүс үнэхээр амилсан, Тэр амьд  хэмээн тунхаглахыг хичээж байсан тэрхүү эр зоргийг нь дуурайн, зарлан тунхаглах учиртай. Тэдний нэгэн адил өөрсдийн эргэн тойронд буй хүмүүст Амилалтын баярын мэндийг хүргэцгээе. Учир нь амилсан Есүс Христ бидэнд энэхүү амьдралыг өгсөн билээ. Тиймээс цааш үргэлжлүүлэн дамжуулаарай хэмээн Хамба лам хэлсэн юм. Тэрээр Ариун угаал хүртэх гэж буй хүүхдүүдийн эцэг эх, загалмайлсан эцэг эхэд хандаж: Эдгээр хүүхдүүдийг гэрэл гэгээтэй амьралд оруулан, гэм нүглийн харанхуйгаас чөлөөлсөн Тэнгэрлэг Эзэний амилалтанд итгэх итгэлийн боловсролд нь та бүхэн хариуцлагатай байгаарай. Тэднийг зөвхөн бие махбодийн хувьд нь өсгөж анхаарал тавих бус бас сэтгэл санааны хувьд нь анхаарал тавьж, тэдэнд итгэлтэй болгож сургахыг хичээгээрэй. Тэнгэрлэг Эзэн Есүс эдгээр хүүхдүүдийг хүлээн авч, гэм нүглийн харанхуйгаас чөлөөлөөсэй хэмээн залбирцгаая хэмээн Хамба лам номлолоо өндөрлөж, Ариун Угаалын ёслолыг үргэлжлүүлсэн билээ. Энэхүү баярын Мисандаа хүрэлцэн ирсэн итгэгч ахан дүүстээ болон миса удирдсан Хамба лам болон бусад лам нартаа талархаж байна. Онцгойлон баптизм хүртсэн бяцхан хүүхдүүд, тэдний гэр бүлийхэнд баяр хүргэж байна. 





      

Амилалтын Шөнийн Миса


Манай "Гэгээн Мариа Сүм" дээр 4.4ны Бямба гаргийн орой 20 цагт Амилалтын баярын Мисаг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Мисанд фр.Пиер хүрэлцэн ирсэн бөгөөд паришийн ахлах фр.Франциско болон фр.Томас нар удирдан явуулсан юм. Уламжлан ёсоор баярын Миса маань гэрлийн ёслол болон үгийн тунхаглалаар эхлэснээр бүгд аврагч Эзэний амилалтыг баяртайгаар угтан авлаа. Мисаны үеэр манай паришаас  12  хүн Баптизм хүлээн авч, шинээр мэндэлснээр, итгэгч ахан дүүс нараа баярлуулсан юм. Энэхүү ёслолыг ахлах лам Франциско удирдсан ба ёслолд орсон итгэгчид маань Амилалтын баярын өдөр Тэнгэрбурханы хүүхдүүд болж мэндэлж байгаад баярлан, сэтгэл  догдолж буйгаа илэрхийлсэн билээ.  Шинээр мэндэлсэн итгэгч нарынхаа төлөө бүгд хамтдаа залбирч, сүмийн хамт олны нэг болсонд баяр хүргэн, халуун дотноор хүлээн аван, талархал дэвшүүлж байсан билээ. Мөн энэ өдрийн бас нэгэн чухал ёслол бол бүх итгэгч нарт зориулсан баптизмийн шинэчлэх ёслол байлаа. Энэ ёслолоор дамжуулан бүх хүмүүс ариусал ба өршөөлийг хүлээн авч, дахин шинэчлэгдсэндээ баяртай буйгаа илэрхийлсэн билээ. Баярын Мисандаа хүрэлцэн ирсэн бүх итгэгч нартаа болон Мисанд үйлчилсэн ахан дүүс нартаа талархаж буйгаа илэрхийлж байна. Ялангуяа Ариун Угаал хүлээн авсан итгэгч нартаа баяр хүргэж байна.         

         

  

2015/04/04

Ариун Баасан гариг


Ариун долоо хоногийн Баасан гариг нь 4.3нд тохиосон бөгөөд энэ өдөр бол Миса болон бусад ёслол тэмдэглэдэггүй билээ. Учир нь Христ зовж тарчлан, загалмайд цовдлогдож нас барсан өдөр юм. Тиймээс энэ өдрийг ихэд хүндэтгэн "Загалмайн Зам" залбирал, Үгийн тунхаглал, Христэд хүндэтгэл үзүүлдэг. Энэхүү үйл ажиллагаанд фр.Пиер хүрэлцэн ирсэн бөгөөд ахлах лам фр.Франциско ба фр.Томас нар удирдан явуулсан билээ. Энэ удаагийн Загалмайн 14 зогсоол залбирлыг залуучууд бэлтгэсэн нь хүмүүсийн сэтгэлд нийцсэн өвөрмөц болсон байлаа. Тэд бүх зогсоолыг өөрсдийн биеэр хийж, хүн бүрт харагдахуйц, ойлгомжтой байдлаар үзүүлж чадсан юм. Мөн үгийн тунхаглалаар Түүний
хэрхэн зовж шаналан, нас барсныг  сонссож, Тэнгэрбурханы хайр энэрэл ямар агуу, үнэ цэнэтэй болохыг ойлгож, өөрсдийн гэм нүглээ гэмшин ухаарах боломж өгсөн билээ. Ингэснээр бүгд Есүс Христийг ихэд хайрлан, гэмшин харамсаж, Түүнд хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ бүх үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон бүх бүлгэмийн итгэгч ахан дүүс нартаа талархаж байна. Мөн сүмийн арга хэмжээнд идэвхитэй оролцож, үйлчилсэн бүх итгэгч нартаа байрлаж байна.           

Ариун Пүрэв гариг

4 сарын 2ны Ариун Пүрэв гаригт манай "Гэгээн Мариа Сүм" дээр Эзэний Оройн Зоог буюу Миса тэмдэглэх ёслол болсон билээ. Мисанд фр.Пиер хүрэлцэн ирсэн бөгөөд паришын ахлах лам фр.Франциско, фр.Томас нар удирдсан бөгөөд бүх бүлгэмийн итгэгч нар хамтдаа оролцсон юм. Уламжлал ёсоор Ариун Пүрэв гаригт Есүс шавь нарын хамт анхны Миса өргөснийг дурсан тэмдэглэдэг бөгөөд Мисаны үеэр хөл угаах ёслол үйлддэг юм. Хөл угаах ёслолыг фр.Франциско үйлдсэн бөгөөд энэхүү ёслолд итгэгчид маань маш идэвхитэй оролцож байлаа. Мисагаар үргэлжлэн Гетсемани цэцэрлэг дэх Есүсийн
залбирлыг тэмдэглэн, бүгд хамтдаа залбирдаг билээ. Залбирал шөнөжин үргэлжилсэн бөгөөд хүн бүр Есүс Христтэй хамт байж, Түүний хайр энэрлийг хүлээн авах онцгой цаг байсан бөгөөд хамгийн эхэнд Зуун мод бүлгэм, нисэх болон яармаг бүлгэм хамтдаа, комбинат бүлгэм, Солонгос итгэгчдийн бүлгэм гэсэн зохион байгуулалттай байсан ба бүгд идэвхитэй оролцож байв. Мэдээж хамгийн сүүлд хүн бүхэнд чөлөөтэй залбирах цаг гаргасан тул хэн ч гэсэн үлдээд залбирч болно. Энэ өдөр Мисанд үйлчилсэн бүх ахан дүүстээ болон хүрэлцэн ирсэн итгэгч нартаа талархаж байна. Мисаны номлолыг сонсохыг хүсвэл номлол хуудсанд орж сонсоно уу.        

2015/04/01

Ариун Нандин Түрхлэг адислах ёслол

Катедрал буюу Их сүмд 3.31ны мягмар гаригт уламжлал ёсоор Ариун Нандин Түрхлэг адислах ёслол болсон билээ. Ёслолд  Католик шашны бүх мишинерүүд болон итгэгч нар хүрэлцэн ирж оролцсон юм. Мисаг Монгол дахь Католик Шашны тэргүүн, Хамба лам Венсэслао Падилла бусад санваартнуудын хамт удирдсан юм. Хамба лам маань саяхан Пап лам Францисын зохион байгуулсан уулзалтанд оролцоод ирснийг та бүхэн санаж байгаа бизээ. Тэрээр номлолдоо: ариун долоо хоногоо хамтдаа угтаж байгаад баярлаж буйгаа илэрхийлээд, Пап лам Францисын бидэнд өгч буй урам зориг, ивээл хишгийг дамжуулж байгаад талархаж байлаа. Мөн ариун долоо хоногтоо Тэнгэрбурхантай илүү ойр байхын тулд ариун амьрал дахь өөрчлөлтийг бий болгож чадах уу хэмээн өөрөөсөө асууцгаая. Хэрэв өөрчлөлтийг өөртөө бий болгохыг хүсэж байвал Тэнгэрбурханы авралд итгэх хэрэгтэй, хэрэв авралд итгэж байвал Түүний дахин амилалтанд ч мөн адил итгэх хэрэгтэй. Тиймээс ариун долоо хоногийн турш Тэнгэрбурханы хайр энэрлээр өөрсдийгөө ариун амьдралаар өөрчилцгөөе хэмээгээд, үргэлжлүүлэн олон сургаалийг Хамба лам маань итгэгч олондоо сургаж, номлосон билээ. Мисаны үеэр сахил санваарын түрхлэг, өвчний түрхлэг болон бататгах ёслолд зориулсан ариун түрхлэг адислах ёслолын үйл ажиллагаа болсон юм. Үүний дараа лам нарын тангараг өргөх ёслол болсон бөгөөд бүх лам нар маань оролцож, өөрсдийн сахил санваарын үүргээ биелүүлэх амлалт өгч байв.
Энэхүү ёслолыг Хамба лам Венсэслао Падилла удирдан явуулсан бөгөөд Тэнгэрбурханы өмнө, бүх итгэгчид ахан дүүсийнхээ өмнө амласан билээ. Мөн Хамба лам итгэгч нарт хандаж "Ариун үйлсийн төлөө хүчин зүтгэж байгаа санваартнуудаа дэмжиж, хайрлаж байгаарай хэмээн Пап лам Францисын уриалгыг дахин уриалсан юм. Энэ өдөр хүрэлцэн ирж Ариун Нандин Түрхлэг адислах ёслолд оролцсон бүх ахан дүүстээ болон Мисаг удирдан явуулсан Хамба лам болон бусад лам нартаа талархаж буйгаа илэрхийлж байна.                    

Дал модны баяр, Их бясалгал

Манай "Гэгээн Мариа Сүм" дээр 3.29нд Дал модны баярын Миса тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд Мисаны дараа сар бүр зохион явуулдаг их бясалгал зохион байгуулсан юм. Мисанд фр.Пиер хүрэлцэн ирсэн ба паришийн ахлах лам Франциско болон фр.Томас нар удирдан явууллаа. Уламжлал ёсоор итгэгчид маань Есүсийг угтаж авсаныг бэлгэдэл Мисагаа дал модоо барин угтсан билээ. Ийнхүү Зовлон шаналалын ням гариг эхлэсэн бөгөөд аврагч Эзэнээ хүлээн авч байгаад бүгд баяр хөөртэй байлаа. Мисанд бүх бүлгэмийн ахан дүүс буюу яармаг, нисэх, зуун мод, комбинат бүлгэм болон Солонгос ахан дүүс маань хамтдаа оролцсоноор онцлогтой байлаа. Ийнхүү бидний хүсэн хүлээдэг Амилалтын баяр ойртож байгаа нь  хүн бүрт Ариун долоо хоногоо ариунаар сахин өнгөрүүлэхийг сануулж буй хэрэг юм. Мисанд үйлчилсэн итгэгч нар болон хүрэлцэн ирсэн бүх ахан дүүстээ талархаж байна.

Их бясалгал
Мисаны дараа үргэлжлүүлэн Их бясалгал зохион явуулсан билээ. Бясалгалыг Аманда эгч удирдан явуулсан бөгөөд семинар болон бясалгал гэсэн хоёр үе шаттай явуулсан юм. Семинарын сэдэв нь Ариун долоо хоног эхэлж байгаатай холбогдуулан наминчлалын тухай байсан бөгөөд фр.Франциско маш дэлгэрэнгүй зааж өгсөнөөр итгэлийн амьдралаа хөгжүүлэхэд нь их хувь нэмэр болсон юм. Үүний дараа хүн бүр чимээгүй орчинд өөрсдийн итгэлийн амьдралын талаар тунгаан бясалгаж, эвлэрэх ёслолд бэлтгэх боломжийг олгосон билээ. Энэ өдөр хүрэлцэн ирж олон зүйлийг сурч аван, наминчлалын ёслолд оролцсон ахан дүүс нартаа, мөн бясалгал зохион байгуулж удирдсан Аманда эгчдээ талархаж байна.