Манай "Гэгээн Мариа Сүм" дээр сар бүр зохион байгуулдаг их бясалгал нь 4 сарын 26нд буюу Ариун Дуудлагын өдөр тохиосон билээ. Ариун дуудлагын баяр бол итгэгч бидний хувьд их утга учиртай өдөр юм. Хүн бүрт Ариун Амьдралаар амьдрах дуудлага Тэнгэрбурханаас өгөгдсөн байдаг билээ. Тиймээс энэ өдөр хүн бүр энэхүү дуудлагын төлөө Тэнгэрбурхандаа талархан, ариун амьдралаар амьдрахын утга учир ба хэрхэн яаж амьдрах арга ухааныг суралцаж авдаг юм. Бид нар хэрхэн сонголт хийснээс шалтгаалан дуудлагыг гурван төрөл зүйлд авч үздэг. Нэгдүгээрт: сахил санваарын амьдралаар ариун амьдрах дуудлага, хоёрдугаарт: гэрлэлтийн амьдралаар ариун амьдрах дуудлага, гуравдугаарт: ганц биеийн амьдралаар ариун амьдрах дуудлага билээ. Энэ өдрийн бясалгалын сэдэв ч бас ариун амьдралтай холбоотой байсан бөгөөд өөрсдийн амьдралын талаар дүн шинжилгээ хийж, хамтдаа магтаалын дуугаа өргөөд, ариун амьралын тухай мэдээллийг авснаар сүнслэг амьдралаа хөгжүүлэн, өөрсдийнхөө төлөө болоод бусад ахан дүүсийн төлөө хамтдаа залбирч байлаа. Ялангуяа санаартан болохоор сурч байгаа хүмүүсийн төлөө, бас ирээдүйд сахилт амьдралыг сонгох хүүхэд залуусын төлөө хамтдаа залбирсан билээ. Энэ өдөр хүрэлцэн ирж олон зүйлийг сурч авсан бүх итгэгч нартаа болоод бясалгал бэлтгэн явуулсан итгэгч нартаа талархаж байна.
No comments:
Post a Comment