2013/11/25

БЯСАЛГАЛ



  Уламжлал ёсоор сарын сүүл буюу 11.24нд манай “Гэгээн Эх Мариа Сүм” бясалгал зохион байгуулсан билээ. Энэхүү бясалгал маань Христийн мэндэлсэн баярын бэлтгэл буюу Угтлага Улиралд зориулсан юм. Угтлага улирал 11.30аас 12.24 буюу  Эзэний мэндэлсэн өдөр хүртэл үргэлжилдэг билээ. Бясалгал угтлага улирлын тайлбар, бүлгээр хуваалцах, бясалгах цаг ба наминчлалын ёслол гэсэн хэсгээс бүрдсэн бөгөөд 50 орчим сүсэгтэн оролцсон байна. Итгэгчид маань Эзэний мэндлэлтээр дамжуулан хүлээн авч буй хайр хишиг болон авралын замаар амар тайван, шударга байдлын Хаант улсад ороход өөрсдийгөө хэрхэн бэлтгэх талаар олон зүйл сурч. Хамтдаа бясалган хэрхэн тунгаан бодож, гэмшил, найдвартайгаар Угтлага улирлаа тэмдэглэх тухай мэдлэгтэй болсон юм. Бясалгалдаа идэвхитэй оролцсон бүх сүсэгтэн нартаа болон бэлтгэхэд тусласан бүх багш нарт талархаж байна.         

2013/11/19

Хамба Ламын Номлол


Манай Монгол дахь Католик шашны тэргүүн, хамба лам эрхэм хүндэт Венсэслао Падилла “Гэгээн Эх Мариа” паришд хүрэлцэн ирж Миса удирдсан билээ. Хамба лам номлолдоо: “Энэ өдрийн уншлагыг дурдаад, дэлхийн төгсгөл ойрхон байгаа тухай хүчирхэг болоод аюулын тухай сонсоод хэн бүхэнд айдас төрдөг билээ. Өнгөрсөн долоо хоногт “Гэгээн Эх Мариа” паришийн итгэгч Элизабет талийгаач болсонд чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж байна. Мөн саяхан Флиппин улсад болсон супер далайн шуурганд 10 мянга орчим хүмүүс нас барсан бөгөөд амьд үлдсэндээ олон хүмүүс талархаж байгаа ч өөрт байгаа бүхнээ алдан маш их айдастай хоцорсон тул цаашид амьдралаа хэрхэн босгож амьдрах вэ? гэсэн асуудал тулгарч байна. Энэхүү байглийн гамшгийн өмнө хөгшин залуу, баян ядуу, хичнээн эрх мэдэлтэй байлаа ч хүн гэдэг ямар хүчин мөхөс болохыг бодитоор харж буй хүмүүс өөрт ирэх тэр цаг мөчийн талаар эрхгүй бодоход хүргэж байна. Маш олон хүмүүс энэ талаар асууж, санаа тавьж, залбирч, сэтгэлийн хандив өргөж байгаад талархаж байна. Хрисчин хүний хувьд бид өөрсдөөсөө тэр цаг үе ирэхэд бэлэн үү? хэмээн асууж байна. Өнөөдрийн уншлага дээр зөнч Малахи хэлэхдээ: “Хэрэв бид Есүст итгэж, зөв шударга сэтгэлтэй байвал Тэнгэрбурханы нар бидэн дээр үргэлж гийж, идгээх болно”. Мөн Есүс “Хэрэв надад итгэж, бие ба цусаар минь нэгдвэл мөнх амийг олох болно” хэмээн хэлсэн билээ. Хэдийгээр бидний эргэн тойронд үхэл зовлон, аймшигтай зүйлс болж байгаа ч өөрсдийн итгэл бишрэлээрээ урам зоригтой амьдарч, бие биенээ хайрлаж туслацгаая. Хамтдаа бидний эгч дүүс болсон Элизабет эгчийг дурсан санаж, залбирцгаая.” Ийнхүү бидэнд урам зориг хайрлаж Тэнгэрбурханы сайн мэдээг түгээж буй хамба лам Венсэслао Падиллад итгэгчдийн өмнөөс талархаж байна.               
          

2013/11/14

БЯСАЛГАЛ

Манай "Гэгээн Эх Мариа Сүм"ийн хувьд Тэнгэрбурханы энэрэл хайрын үлгэр жишээ, нүүр царай болоход сүмийн ажилчид гол төлөөлөл болдог билээ. Ажилчид маань сүсэгтэн хүний хувьд ариун амьдралаар амьдрахын төлөө өөрсдийн сүнслэг амьдралдаа анхаарал тавьдаг юм. Энэ удаа ажилчдын сүнслэг амьдралаа хөгжүүлэхэд туслах үүднээс 11.12нд "Антоон Мостарт" төв дээр бясалгал зохион байгуулсан билээ. Энэхүү бясалгал "«Би» -г хайж одох аялал" сэдэвтэй бөгөөд өөрийн өнгөрсөн амьдралаар аялан өөрийгөө олж авах явдал байв. Ингэснээр өөрт хэрэгтэй Ариун Сүнсний бэлгийг Тэнгэрбурханаас хүлээн авч, өдөр тутмын амьдралдаа Есүсийн үлгэр дууриалаар амьдрахыг бодит хэрэг болгох зорилготой байлаа. Бясалгалыг Солонгос улсаас ирээд мишинерийн ажил эрхэлж буй Юстина удирдсан юм. Тэрээр Солонгосд 40 жил дунд сургуулийн багшаар ажиллахаас гадна олон гэр бүл, хосуудын итгэлийн амьдралд зориулан энэхүү бясалгалыг явуулж байсан туршлагатай итгэгч билээ. Ажилчид маань хамтдаа цуглан тус тусын аялалд гарч өөрт тохирсон Ариун Сүнсний бэлэг хүлээн авсандаа сэтгэл хангалуун баяртай байсан юм. Бидэнд туслан бясалгал удирдсан Юстина эгч болон бусад бүх хүмүүст талархаж байна.
                   


2013/11/05

Талийгаачдыг Тайтгаруулах Сар



Уламжлал ёсоор манай Католик шашинд 11 сарыг талийгаачдыг тайтгаруулах сар хэмээн тэмдэглэдэг билээ. Энэ нь Тэнгэрбурханы хаанчлалд ороход тусламж хэрэгтэй байгаа насан эцэслэгч нарын төлөө хийж буй ариун үйлс юм. Манай Католик шашны чуулган энэ ариун үйлсийг өөрийн үүргээ хэмээн үзэж, ихэд хариуцлагатай хандаж ирсэн билээ. 11.2нд  буюу "Талийгаачдыг Дурсах" өдөр манай паришийн итгэгч нар болон мишинерүүд хамтдаа насан эцэслэгчдийн газар очин, тэдний төлөө Тэнгэрбурхандаа залбирсан юм. Зөвхөн 11 сар төдийгүй бусад үед ч гэсэн сүсэгтнүүд маань сүмдээ ирж өөрсдийн ойр дотны болон бусад талийгаачдын төлөө залбирч, өглөг өгөх, өршөөл ба гэмшлийн үйлсээр дамжуулан арилгах оронд буй ахан дүүс нартаа туслах боломжтой байдаг юм. Нийт сүсэгтэн та бүхнийг талийгаачдыг тайтгаруулах буянтай үйлсэд идэвхитэй оролцохыг урьж байна.     

2013/11/01

ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛ



Католик гэрлэлт бол зүгээр нэг гоёмсог ёслол биш, учир нь ариун ёслолоор дамжуулан хосууд маань дэлхийд өөрсдийн үүрэг даалгавраа биелүүлэхэд хэрэгтэй ивээлээ Тэнгэрбурханаас хүлээн авдаг юм хэмээн Пап лам Францис хэлсэн билээ.

Гэр бүлийн амьдрал дахь Итгэлийн Жилд зориулан Гэгээн Петрийн талбайд хүрэлцэн ирсэн 100,000 орчим хүмүүст хандан Пап лам хэлэхдээ: Католик гэрлэгсэд бол гэнэн биш, тэд хэцүү цаг үе тулгарна гэдгийг мэддэг. Гэхдээ  Католик хосууд маань өвчтэй болон эрүүл үед, баяртай болон гунигтай мөчид, өөрсдийн амьдралын бүхий л өдрүүдэд бие биенээ хайрлаж байхаа тангаргалан, бат бэх байдлын төлөө Тэнгэрбурханд итгэж найдан, өөрсдийн амьдралаа түүний гар дээр тавьдаг билээ.

“Тэд зугтдаггүй, тэд нуугддаггүй; тэд гэр бүлээ төлөвшүүлэх болон хүүхдүүдээ дэлхий ертөнцөд хөл нийлүүлэх үүрэг даалгавраас зайлсхийдэггүй,” хэмээн Пап лам хэлэв.

Гэр бүлийн амьдралын түүхээс хуваалцахаар балчир хүүхдээс өвөө эмээ нар хүртэл Пап лам ба цугласан олонд хандаж үг хэлэхээр уригдсан байлаа. Мөн үүнд Италийн өмнөд арлын оршин суугч, Африкийн цагаачид, Сирээс ирсэн хосууд гээд маш олон хүмүүс байсан юм. 

2013/10/28

БЯСАЛГАЛ



Уламжлал ёсоор манай “Гэгээн Эх Мариа” сүм дээр сарын сүүлийн Эзэний өдөр болох 10 сарын 27нд итгэгч нарт зориулсан бясалгал зохион байгуулсан билээ. Энэхүү бясалгал “Ариун Сарнайн Эрхин залбирал” сэдэвтэй байсан бөгөөд гэлэнмаа Шиханна /МС/ удирдан явуулсан юм. Бясалгалын эхэнд Цэвэр Ариун Мариа болон “Ариун Сарнайн Эрхин залбирлын” түүхэн үүсэл ба утга учрын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, хэрхэн залбирах аргыг танилцуулан зааж өгсөн билээ. Үүний дараа итгэгчид маань Мариа Эхийн бидэнд заасны дагуу хамтдаа “Сүр Жавхлант Нууц”ыг бясалган залбирснаар үйл ажиллагаа өндөрлөв. Бясалгал цаг гаруй хугацаанд үргэлжилсэн ба итгэгчид маань идэвхитэй оролцож олон зүйлийн талаар сонсож мэдлэгээ хөгжүүлсэн билээ. Семинарыг бэлтгэн явуулсан систер Шиханна болон хүрэлцэн ирсэн бүх итгэгч нартаа талархаж байна.   

2013/10/24

Пап Лам Францисын шашны сургааль



Эрхэм хүндэт Ахан Дүүс нараа:
Сүм дээр үргэлжлэн явж буй католик шашны сургалт маань одоо Ватиканы Хоёрдугаар Дээд хуралдаанаас сануулж буй “Христтэй итгэл бишрэл, хайр энэрлээр бүрэн төгс нэгдэхийн тулд Шашны үлгэр дууриал” болох Цэвэр Ариун Мариаг харж байна. Израйлийн охин гэгддэг Мариа Тэнгэрбурханы дуудлагад хариу өгөн, Хүүгийнх нь Эх болсон билээ. Мариа өөрийн Тэнгэрбурханы таалалд дуулгавартай байдал болоод Есүсд буюу түүний ажилд үнэнч сүсэг бишрэлтэй байдлаараа бидэнд итгэлийн амьдралаар хэрхэн амьдрахыг заадаг юм. Мөн Христийн төрхийн баяр хөөр ба амар амгаланг бусдад болон манай дэлхийд авчирдаг итгэл бишрэлээс төрсөн Шашны чуулганы энэрэл хайрын үлгэр дууриалал бол Мариа юм. Эцэст нь Мариа байнгын залбирлаараа болон түүний амьдрал, үхэл ба дахин амилалтын нууцад оролцсоноор Христ дэх Шашны нэгдлийн үлгэр дууриал болдог билээ. Сүмийн Эх, Мариа өөрийн залбирлаар үүрд биднийг Тэнгэрбурханд илүү ойр аваачиж, түүний хувиргалт болон цагаатгалын хайрыг хуваалцахад зүрх сэтгэлийг маань нээж, Тэнгэрбурханы үгэнд итгэх бат итгэлийг суулгаж, түүний энэрэл халамж болон бидний төлөө болон манай дэлхийн төлөөх энэрэл нигүүслийн төлөвлөгөөнд найдвартай байхад биднийг урамшуулан зоригжуулах болтугай.