2016/01/21

Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна.

С

айн байна уу? Бидний урилгыг хүлээн авч ярилцага өгч байгаа танд баярлалаа.


Таны итгэлийн амьдралд хөл тавьсан хүүхэд насны их сонирхолтой дурсамжийг нэг удаа сонсож байсан. Хадгалж үлдсэн дурсамж байвал бидэнтэй хуваалцаач.
Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Цэрэнхандын Санжаажав гэдэг. Би Католик шашны сүмд явах болсон маань МС-систэрийнд очсоноор эхэлж анх Католик шашны талаар мэдэж эхэлсэн. Тэр үед манай Монголд Католик сүм байхгүй байсан учир 7хоногт 1 удаа одоогийн Хамба ламын амьдарч байгаа Ватиканы Төлөөлөгчийн газарт хүүхдийн мөргөлд суудаг байсан. Тэрхүү цагаас эхлэн Тэнгэрбурханыг мэдэж эхэлснээр жинхэнэ аз жаргал юу болохыг амсаж мэдэрсэн.

Та Католик Шашны санваартны сургуульд сурах болсон мөн яагаад энэ замыг сонгох болсон бэ?
 Өмнө нь ярьж байсандаа хүүхэд байхдаа Тэнгэрбурханыг мэдэж эхлэснээр жинхэнэ аз жаргалыг амссан гэж. Тэр үеэс эхлэн Тэнгэрбурханы хайрын зэвсэг болох мөрөөдөлдөө хөтлөгдөж лам хүн болохоор шийдсэн.

Миний хувьд энэхүү олж мэдсэн аз жаргалыг өөртөө хадгалах биш элэг нэгт ахан дүүс нартаа  Тэнгэрбурханы хайр болон энэрлийг дамжуулан өгөхийг хүссэнээр одоо ламын сургуульд хичээнгүйлэн суралцаж байна. Миний төлөө үргэлж залбирч өгч байгаа итгэгч зон олон та бүхэнд баярлан талархаж байгаагаа илэрхийлж байна.
Манай Гэгээн  Эх Мариа  сүмээс гадаад улсад сурч, амьдарч байгаа итгэгч залуучууд байдгаас Солонгос улсад нилээн хэд бий. Таны хувьд сургуулиа төгсөж ирээд Монголдоо ажиллана гэдгийг сонссон. Энэ талаар таны бодол юу вэ? 
Манай Монгол Католик Шашны бүх итгэгчид маань Тэнгэрбурханы сонгосон онцгой хүмүүс билээ. Яагаад гэвэл итгэгч хүн нэг бүрийг дэлхийн гэрэл газрын давс болгохоор Тэнгэрбурхан биднийг сонгосон гэдэгт итгэн өөрсдийн амьдралдаа Тэнгэрбурханыг хүлээн аваад ахан дүүс нартаа Тэнгэрбурханы хайр болон энэрлийг дамжуулан амьдрахыг  хүсэж байна. 

 Танд дотроо бодож явдаг хэлэх дуртай үг бий юу? 
                  «Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна.»       Филиппой 4:13                                                                                                                                                             
           Дээрх үг нь миний хамгийн дуртай ишлэл юм. Яагаад гэвэл хүн төгс төгөлдөр оршихуй биш. Хэрэв Тэнгэрбурханы хайр хишиг болон хүч надад туслаагүй бол би одоо ламын сургуулийн оюутан болж чадахгүй байсан. Тэрхүү Тэнгэрбурхан хүч болон та бүхний залбирлаар би өөрийн мөрөөдөлдөө хөтлөгдөн лам болохоор сурч байна. Цаашдаа миний зорьж буй бүхий л зүйл  Тэнгэрбурханы хүчээр Түүний хүслийн дотор  биелнэ гэдэгт найддаг.
  
Чин сэтгэлийн үгээ хуваалцсан 
эгэл даруу хэдий ч эр зориг, хүсэл эрмэлзлээр дүүрэн 
Санжаадаа баярлалаа!



Итгэл бишрэлийн Тулга сэтгүүл, Дугаар 3 



2016/01/06

Онцгой миса өргөлөө.


 Эзэний ариун дуудлага ба томилолтоор манай оронд сайн мэдээг дэлгэрүүлэхээр ажиллаж буй санваартан Бён Дамианугийн аав болох талийгч Бён ЖэГүг Паулын төлөөх онцгой миса 1 сарын 6-нд манай сүм дээр болж өнгөрлөө.

Талийгчийн төлөөх энэхүү онцгой мөргөлд монголд сайн мэдээг дэлгэрүүлж буй бүх санваартан лам нар болон сахилт гэлэнмаа нар Монгол дахь католик Шашны тэргүүн хамба лам Падиллагийн хамт цуглан залбирлаа.
Хамба лам маань Папын Ариун судрын талаарх сургаалаас иш татангаа талийгчийн Ариун судрыг хичээнгүйлэн бичиж уншсан тухай дурдсан билээ.

Христийн сүсэгтний оршуулах ёслол хийгээд сүнсний төлөөх залбирал болон амилалтын найдвар нь бидний итгэлийн гол цөм билээ.

Христийн сүсэгтний үхлийн утга учир нь бидний цорын ганц найдвар болох Христийн үхэл ба амилалтын гэгээн гэрэлд тодорхой болдог. Есүс Христ доторнас барсан Христийн сүсэгтэн нь "биеэсээ холдон, Эзэнтэй хамт гэртээ байхаар" /2Коринт 5,8 / явдаг.  КШСБ354







2016/01/03

2016 онд Тереза Эх Гэгээнтэн-ээр батлагдана



【Ватикан CNS】 Ерөөлт эмэгтэй Голготагийн Тереза /Тереза Эх/  гэгээнтнээр батлагдана. Тереза Эхийн гэгээрснийг бататгахын төлөөх эцсийн босго болох гайхамшгийн шалгалтанд тэнцсэн бөгөөд Гэгээнтнээр батлах ёслол нь дараа жилийн 9 сарын 4нд байх магадлалтай.

Пап Франциско 12 сарын 17нд Ерөөлт охин Терезагийн ивээлээр гайхамшиг болсон гэх агуулга бүхий тогтоолд гарын үсэг зурлаа. Тереза Эхийн гэгээрснийг батлах хүсэлт гаргагч Bryan санваартан нь энэ удаа хүлээн зөвшөөрөгдсөн 2дахь гайхамшгаар нэгэн эрэгтэй эдгэрсэн хэмээжээ.

Brazil Santos гаралтай 42 настай энэ технологч нь вирусын гаралтай тархиний эмгэгээс болж хам шинжтэй тархины хавдар туссан байв. Тал бүрийн эмчилгээнд сайжралгүй эцэстээ сэхээнд оржээ. Саяхан гэрлэсэн энэ залуугийн эхнэр нь олон сарын хугацаанд Тереза Эхийн ивээлийг гуйн залбирч байсан ба энэ эрэгтэйн мэс заслын өдөр болох 2008 оны 12 сарын 9-нд хамаатан садан найз нөхдийн хамт залбирчээ.

Энэ өдөр мэс заслын өрөөнд орсон эмч тухайн цагт өвчтөн сэрүүн байсан бөгөөд ямар нэг өвчин зовиургүй байдлаар өөрийгөө яагаад мэс заслын өрөөнд байгааг асуусныг батлан ярьжээ. Эмчилгээний багийнхан өвчтөн ор мөргүй эдгэрснийг тогтоосон ба Ромын захиргааны гэгээн шинжийг хариуцсан эмч нар өнгөрсөн 9 сард энэ эрэгтэйн эдгэрэл нь анагаах ухааны хувьд ч шинжлэх ухааны хувьд ч тайлбарлах боломжгүй гэсэнд бүгд адил саналтайгаар нэгдлээ.

Нөгөөтэйгүүр Энэрэл нигүүслийн онцгой жилийн хуваарийг удирдаж буй Сайн мэдээ тунхаглалтыг дахин сэргээх зөвлөлийн тэргүүлэгч нь Тереза гэлэнмаагийн Гэгээрснийг бататгах ёслол 9 сарын 4-нд болно хэмээн дамжууллаа. Энэ өдөр нь энэрэл нигүүслийг хэрэгжүүлэгч сайн дурын ажилтнуудын төлөөх онцгой өдөр бөгөөд Ерөөлт эмэгтэйн нас барсны 19дэх жилийнх нь өмнөх өдөр юм.


Тереза Эхийн Гэгээрснийг батлах өдрийг 2 сард болох хамба лам нарын нэгдсэн хуралдаанаар албан ёсоор зарлагдана. 

Эх хувилбар: Католик сонин 2015.12.27

2016/01/01

Он гарах мөчид


Он гарах мөчид Залбирлын гэр болсон сүмд маань санваартан нар итгэгчдийн хамт  Эзэний Ариун биенд хүндэтгэл үзүүлэн Хүндэтгэлийн ёслол үйлдэж өнгөрөөлөө. 

Шинэ бүхний эхлэлийг бэлгэдэн гэр бүл хүндтэй хайртай хүмүүсийн хамт өнгөрөөдөг энэ баяраар Христийг Аврагчаар хүлээн зөвшөөрсөн бид өөрсдийн Аврагчийн хамт илүү утга учир бүхий цагийг өнгөрөөхөөр цугладаг билээ.
23:00-24:00 хүртэл үргэлжилсэн энэ хүндэтгэлийн ёслол нь бидэнд өнгөрснийг ахин нэг харах, ирээдүйгээ Тэнгэрбурхандаа даатгах цаг байлаа. 

2015/12/22

Үйлчлэл, Уучлал, Талархал, Гэмшил

Ирэлтийн цаг улирлаар Хайрын сургуулийн хүүхдүүд маань "Үйлчлэл, Уучлал, Талархал, Гэмшил" хэмээх дөрвөн долоо хоногийг тэмдэглэн өнгөрөөлөө. 
Эхний долоо хоног болох "Үйлчлэл"-ийн долоо хоногоор бид сайн үйлсийг хийн өргөл болгон өргөсөн бол хоёр дахь "Уучлал" долоо хоногт уучлахад бэрх хэн нэгнийг уучлан, гурав дахь "Талархал" долоо хоногт бусдад баярлан талархсанаа илэрхийлсэн юм. Харин сүүлийн долоо хоногт хамгийн чухал сэтгэлийн бэлтгэл болох гэмшилд өөрсдийгөө дуудан, сайн хүүхэд болно гэсэн амлалтыг Тэнгэрбурхандаа өргөцгөөсөн юм. Дөрвөн долоо хоногт цаг улирал ч хэмээгддэг энэ Ирэлтийн цаг улиралд Хайрын сургуулийн хүүхдүүд дээрх дөрвөн сэдвийн дор хамтран Бяцхан Аврагчаа хүлээн авахад бэлдсэн билээ. 












Нийгмийн ажил үргэлжилсээр...


Ирэлтийн цаг улирлын сайн үйлс маань Төв аймгийн Зуун модонд хүртэл үргэлжилж байна. 

Манай нийгмийн ажлаас амжиргааны түвшин доогуур болон өрх толгойлсон эмэгтэйчүүдэд тусалж буй энэ үйл ажиллагаа маань зөвхөн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг төдийгүй Төв аймаг хүртэл хамран явагдаж байна. Энд одоогоор тус аймгийн нийт 6 багийн 14 айл хамрагдсан байна. 

Халуун хоол, эд зүйлсээс илүүтэйгээр өвлийн хүйтэн цагт гэртээ дулаан байхад тусалж байгаад их баяртай буйгаа олон хүн илэрхийлж байсан юм. Бидний Тэнгэрбурханы энэрэл нигүүлсэл ба хайрын хуваалцал илүү олон хүнд хүрч зөвхөн гэр орон төдийгүй сэтгэлийг дулаацуулах болтугай гэж хүсье. 


 Зураг: Нийгмийн ажилтан Отгонгэрэл Лүчиа, 
төв аймаг дахь сүсэгтнүүдийн төлөөлөгч Бямбацэдэн Иосеф нар иргэдийн хамт


2015/12/17

Назараас Бетлехем рүү "Мариа ба Иосефийн хамтаар"

"Ариун Гэр бүлийн айлчлал"


Бидний Аврагч Эзэн Есүсийн мэндэлсэн баярын өдрийг угтахаар бэлтгэж буй бид Ирэлтийн энэ цаг улиралд Назар хотоос Бетлехем хотыг зорин яваа залуу хос "Мариа ба Иосеф"-тэй уулзаж болох юм.







"Иосеф, Давидын овог отгийн хүн байсан тул Галилын Назар хотоос Иудейг зорин Бетлехем гэгддэг Давидын хот уруу, жирэмсэн болсон сүйт бүсгүй Мариагийнхаа хамт бас бүртгүүлэхээр хамт явав."  
Лук 2,4-5










Ивээгдсэн Эмэгтэй ба түүний нөхрийн энэ аян замд хоноглох газар хэрэгтэй байсныг дурсаж бид гэртээ "Мариа ба Иосеф"-ийг урин, тэднээс үлгэр дууриал аван баяр хөөрийг хуваалцдаг юм. Энэхүү "Ариун гэр бүлийн айлчлал" нь 2001 оноос эхлэн 5 дахь жилдээ зохион явагдаж байгаа бөгөөд монгол дахь католик Шашин хийгээд монгол католик гэр бүлүүдийн хувьд утга учиртай өдрүүд билээ.

Зураг: "Ариун Гэр бүлийн айлчлал"ыг харуулсан ханын самбар, 
Гэгээн Эх Мариа Католик сүм, 2015.12.17

Аян замд нь Мариа ба Иосеф-д буудаллах газар ба тусламж хэрэгтэй байсныг дурсан энэ үеэр биднээс тусламж гуйн хандах хэн нэгэнд харамгүйгээр туслах нь Бяцхан Есүсийг хамтдаа хүлээж буй бидний бэлтгэлийн нэгээхэн хэсэг юм.  

Христийн мэндэлсэн баярын өдрийг угтахын өмнө Мариа ба Иосефтэй уулзан, аян замд хамтран явж, сэтгэл зүрхээ бэлтгэх нь энэхүү айлчлалын зорилго юм. 

Эзэний тааллын дагуу амьдарсан Ариун гэр бүл нь бидэнд гэр бүлийн амьдралын бахархал ба үлгэрлэлийг харуулдаг. Тиймээс бид өөрсдийн гэр бүлдээ Эзэн Тэнгэрбурханы ивээлийг хүсэн гэр бүлийн гишүүдийн эв нэгдэл, эрүүл мэнд, сайн сайхны төлөө хамтран залбирдаг.




Зураг: Ариун гэр бүлийн айлчлалын үеэр.
Гэгээн Эх Мариа сүмийн ахлах санваартан Франциско Хо, 
туслах санваартан Томас Ру, итгэгчдийн гэр бүлийн хамт