2012/11/07

"Католик гэр бүл" Семинар

Манай Католик шашны байгууллагаас итгэгч нартаа зориулан олон улсын хэмжээнд олон арга хэмжээ зохион байгуулдаг билээ. Үүний нэг бол 2 жил тутамд явагддаг дэлхийн Католик шашинтан гэр бүлд зориулсан их хурал  байгаа юм. 2012 онд зохиогдсон VII хуралд Монгол Католик итгэгч гэр бүлээ төлөөлөн Сэлэнгэ ах Юдит эгч маань гурван хүүхдийнхээ хамт тавуулаа амжилттай оролцоод ирсэн билээ.  Италийн Милан хотод 3 өдөр үргэлжилсэн энэ том хуралд 5000 хосууд дэлхийн өнцөг булан бүрээс ирж оролцон өөрсдийн дуу хойлоогоо өргөөд, семинар хичээл сонссон байна. Энэхүү хурал семинарын талаар болон "Католик Гэр Бүл"-н тухай "Гэгээн Эх Мариа" сүмийн итгэгч ахан дүүс нартаа зориулан Юдит эгч өөрийн бэлтгэсэн семинар хичээлээ хуваалцсан юм. Тэрээр манай Католик шашны хувьд гэр бүл салшгүй холбоотой, чухал нандин зүйл байдаг талаар тайлбарлаад, гэр бүлийг бэхжүүлэхэд нөлөөлөгч хүчин зүйлсийг хэрхэн зөв удирдахыг ойлгуулж өгсөн билээ. Түүний бэлтгэсэн семинар ердөө 30 минут орчим үргэлжилсэн боловч их сонирхолтой болж итгэгч нарын хувьд маш олон зүйлийг ухааруулж байсан тул бүгд баяр хөөртэй болж Юдит эгчид талархаж буйгаа илэрхийлсэн юм. Итгэгч бидэндээ сайн мэдээг дамжуулж өгөн, өөрсдийн амьдралаар бидэнд урам зориг өгч байдаг Юдит эгч, Сэлэнгэ ах болон түүний гэр бүлийнхэнд баярлаж байна.  
                  







No comments:

Post a Comment