2014/03/13

АРИУН ЭЦЭГ ФРАНЦИСЫН “ДӨЧ ХОНОГТ ЦАГ УЛИРАЛД” ЗОРИУЛАН АЙЛДСАН ҮГ 2014



Хайрт ахан дүүс нараа,
миний бие та бүхэндээ Дөч хоногт цаг улирлыг тохиолдуулан эрс өөрчлөлтийн хувийн болон бүлгийн аян замд хэрэгтэй байж болох зарим эргэцүүллийг өргөн барьж байна. Би Гэгээн Паулын хэлсэн үгнээс иш татан эхэлье. «Учир нь баян байсан ч та нарын тусын тулд хоосорсон Эзэн Есүс Христийн маань нигүүлслийг мөн Түүний хоосролоор баян болсоноо та нар мэдэх билээ» (2 Коринт 8:9). Элч маань Коринт хотын сүсэгтнүүдийг тарчиг амьдралтай Иерусалимийн итгэгч нарт туслах өгөөмөр сэтгэлтэй байхад урамшуулахаар тэдэнд хандан хэлж байна. Гэгээн Паулын эдгээр үгс өнөөгийн сүсэгтнүүд болох бидэнд юуг хэлж байна вэ? Өнөөдрийн хувьд Сайн Мэдээн дэх ядуу амьдрал, хоосон байдлын уриалга нь бидэнд юу хэлж өгч байна вэ?
Христийн нигүүлсэл
Нэн тэргүүнд бидэнд Тэнгэрбурханы хэв маягийн талаар хэлж өгч байна. Тэнгэрбурхан өөрийгөө ертөнцийн эд баялаг ба хүч чадлаар дамжуулан биш харин хоосон, сул дорой байдлын арга замуудаар илчлэн харуулдаг: «баян байсан ч та нарын тусын тулд хоосорсон...». Тэнгэрбурханы мөнхийн Хүү, хүч чадал ба сүр жавхлангаараа Эцэгтэйгээ адилхан Христ өөрийгөө ядуу болгож, бидний дунд буун ирж, бидний нэг бүрэнтэй ойртож, бүх зүйлээрээ бидэнтэй адилхан болохын тулд өөрөөсөө тайлсан “хоосолсон” (харьц. Филиппой 2:7; Еврей 4:15). Тэнгэрбурханы бие махбод болсон үйл явдал нь үнэхээр аугаа нууц! Гэхдээ энэ бүхний утга учир нь нэгэн хайр буюу хишиг ивээл, өгөөмөр сэтгэл, ойр дотно байх хүсэл тэмүүлэл ба хайртай бүтээлүүдийнхээ төлөө өөрийгөө өргөх, золиослохоос буцдаггүй тэнгэрлэг энэрэл хайр юм. Энэрэл болон хайр гэдэг нь хайртай нэгнийхээ амьдралд бүх зүйлээрээ нэгдэхийг хэлнэ. Хайр нь аливааг төсөөтэй болгодог, ижил байдлыг бүтээдэг, алслагдсан зай ба ханануудыг нураадаг. Харин Тэнгэрбурхан яг ингэж л бидэнд хандсан. Үнэндээ Есүс «хүний  гараар ажиллаж, хүний оюун ухаанаар бодож, хүний дур зоригоор үйлдэж, хүний зүрх сэтгэлээр хайрласан. Цэвэр Охин Мариагаас мэндэлж гэм нүглээс бусад бүх зүйлээрээ адил үнэхээр бидний нэг болсон» (Ватиканы Хоёрдугаар Дээд Хуралдаан, Баяр баясал ба горьдол найдвар (латинаар Gaudium et spes) хэмээх Ягшмал Үндсэн Хууль, н.22).

Пап лам Францисын өдөр тутмын уриалга

3.8нд
Хрисчин эхнэр нөхрийн төлөө дуудлага бол: хамтдаа байж, хэрхэн бие биенээ үргэлж хайрлахыг мэдэх явдал, ийм замаар өөрсдийн хайрыг өсгөн нэмэгдүүлдэг.  

3.7нд
Түүнтэй байж, түүнтэй алхаж, түүний шавь нартай байснаар бидний хамгийн гүн гүнзгий баяр хөөр маань Христээс ирдэг билээ.

3.6нд
Хавчлаганд нэрвэгдсэн хүмүүсийн төлөө залбирцгаая, тэгснээр тэд муу ёрын зүйлд хэрхэн сайн нөлөө үзүүлхийг мэдэх болтугай.

3.5нд
Наминчлалын улирал бол золиослол хийхэд сайн цаг болдог. Өөрсдийгөө  үгүйсэн, өдөр бүр ямар нэг зүйлээр бусдад туслацгаая.  

3.4нд
Бид амьдралдаа олон алдаа гаргадаг. Өөрсдийн алдаа дутагдлаа санаж уучлалт гуйж сурцгаая.

3.3нд
Хэрхэн сайн гэрлэж амьдрах вэ? Тэнгэрбурхантай нэгдсэнээр, бэрхшээл бүрийг даван туулах бидний хайр ба хүч чадлыг маань үргэлж шинэчилж өгдөг билээ.

3.1нд
Католик сургуулиудад зааж буй бүх хүмүүст талархлаа илэрхийлцгээе. Боловсрол олгоно гэдэг бол хайр энэрлийн үйлс юм; энэ нь яг л амьдрал өгөхтэй адилхан билээ.   

2.28нд
Эвхарист бол бидэнд зориулсан зайлшгүй хэрэгтэй зүйл юм: энэ бол биднийг өөрийн хишиг ивээлээр дүүргэхээр амьдралд маань орж ирэхийг  хүсэж буй Христ билээ.


2014/03/11

Хуримын Ариун Ёслол

Манай “Гэгээн Мариа Сүм” дээр 3 сарын 9нд Мөнхбат Стефано болон Нямсолонго Клара нарын “Гэрлэлтийн Ариун Ёслол”ын үйл ажиллагаа болсон билээ. Мисанд фр.Эрнесто, фр.Пиер болон фр.Чарлис нар хүрэлцэн ирж  оролцон, паришийн ахлах лам фр.Франциско ёслолыг удирдан явуулсан бөгөөд манай итгэгч ахан дүүс нар болон хосуудын ах дүү хамаатан садан бүгд хүрэлцэн ирсэн байв. Хос маань Христчин гэр бүлд зориулсан тусгай хичээлд орж, Тэнгэрбурханы сургаалийн дагуу зөвт амьдралаар хичээн амьдрахаа илэрхийлэн “Гэрлэлтийн Ариун Ёслол”д орсон билээ. фр.Пиер номлолдоо: “Энэ сайхан өдөр Мөнхбат болон Нямсолонго нар нэг гэр бүл болох шийдвэрийг өөрсдөө гаргасан байна, харин бид тэдний төлөө залбирч, тэдний амьдралыг дэмжиж байдаг. Амьд явах гэдэг бол хувь заяа биш, бидний сонгосон зам биш, энэ бол Тэнгэрбурханы гүн их таалал билээ. Бид ямар нэг автомат юмуу машин биш, харин Тэнгэрбурханаас амьд явах амьдралыг хүлээн авсан учраас бид ухаалаг, зөв сонголт хийх хэрэгтэй. Зарим эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэл болон бие биеэ өмчлөх байдлаас болж гэрлэлтээс татгалзаж байна. Манай Католик шашин буюу сүсэгтнүүдийн хувьд хүчирхийлж өмчлөх ёс гэж байдаггүй. Учир нь Тэнгэрбурхан бидэнд үргэлж үнэнч байж үнэнийг сургадаг тул бид үнэн ба үнэнч байдлыг уламжлан авдаг юм. Ер нь амьдрал хэцүү бөгөөд амьдралын зам дээр олон бэрхшээл зовлон байдаг. Иймээс дараах 3 асуулт гардаг. 1. Би юу хийж чадах вэ? 2. Би юу хийх ёстой вэ? 3. Би юунд итгэж, хэнд найдах вэ? Энэхүү асуултад хариулахын тулд бид Есүс Христийн амьдралыг эргэцүүлэх боломжтой. Түүний амьдрал амархан байгаагүй бөгөөд Тэр бидэнд 3 гол зүйлийг зааж өгсөн билээ. 1. “Хайр” гэдэг бол өөрийнхөө төлөө амьд явах бус бусдын төлөө, ялангуяа хайртай хүмүүсийнхээ төлөө амьд явах гэсэн утгатай юм. Учир нь Есүс энэхүүү алтан сургаалийг бидэнд ойлгуулсан билээ. 2. Аз жаргалтай амьдралыг хүсэж байвал бардам зан бус харин даруу зангаар амьдрах хэрэгтэй. Даруу зан бол Тэнгэрбурханы мөн чанар юм. 3. Бусад хүмүүст үйлчлэх ялангуяа өвчтэй, зовлонтой, гэр оронгүй хүмүүст туслах хэрэгтэй. Энэ бол Тэнгэрбурханы зам, Есүс Христийн зам юм. 

2014/03/09

НАМИНЧЛАЛЫН УЛИРАЛ


Манай Католик шашны хувьд "Дөч хоногт цаг улирал" бол итгэгчдийг Наминчлалын зам мөрт хөтлөдөг бөгөөд “Гэгээн Мариа Сүм”д 3 сарын 5нд буюу Үнсэн Лхагва гаригт эхэлсэн билээ. Энэ бол гэмшил, залбирал ба эрс өөрчлөлтийн цаг үе тул итгэгчдийн маань хувьд амар тайван зүрх сэтгэлээр гэмшиж, өглөг буян, мацаг барилт, даатгал залбирлын цаг мөч болдог юм. Ингэснээр Есүсийн хайр энэрлийг ухааран, зүрх сэтгэлээрээ Эзэнд өөрчлөгдөж, бусад ахан дүүстэйгээ эвлэрдэг билээ. Энэ хугацаанд итгэгчид маань сүм дээр ирж аль болох Тэнгэрбурхантай ойр байж, тунгаан бясалган, “Лежио Мариа” залбирлын бүлгэмтэй нэгдэн залбирах буюу “Винсэнт” бүлгэмд нэгдэж бусдад туслан сайн үйлсэд гар бие оролцдог. Мөн мацаг барих болон золиослол хийх замаар өөрсдийн хичээл зүтгэлийн дүнд цуглуулсан эд зүйлсээ бусадтай хуваалцдаг. Бас олон итгэгчид сүмийн нийгмийн албаар дамжуулан бусдад туслах нь ч бий. Үүнээс гадна нийгмийн албанаас халуун усаар үйлчилэх болон үсийг засах, хоол хүнсээр тусламж үзүүлэх гэх мэт тогтмол үйл ажиллагаа явуулж ирсэн билээ. Та бүхнийг сүмээс зохиогдож буй үйл ажиллагаанд хамрагдан, Наминчлалын улиралдаа ивэдхитэй оролцохыг урьж байна.          

2014/03/05

Багш нарын Семинар

Манай Католик шашны сургалтын албанаас Катехист нарт зориулан сар бүр сургалт зохион байгуулдаг билээ. 3-р сарын Семинар “Гэгээн Мариа сүм” дээр зохиогдсон ба фр. Жеоржио хүрэлцэн ирж “Үндсэн Ёслол” сэдвээр хичээл заасан юм. Үндсэн ёслол бол бидний өдөр тутмын амьдралд суулгасан үр бөгөөд Католик шашин 7 үндсэн ёслолоо уламжлал болгон хадгалсаар ирсэн билээ. Энэхүү ёслолоор дамжуулан итгэгчид бид бүхэн Эзэнтэй уулзаж, тэнгэрлэг амьдралаас нь хуваалцдаг. Христ өөрөө үндсэн ёслолоо үйлдэж,  ач холбогдол бүхий хишиг ивээлээ дамжуулдаг. Харин үндсэн ёслолын үр шим нь түүнийг хүртэж буй хүний хандлагаас шууд хамаардаг. Мөн “Ариун Угаал”-ын үндсэн ёслолоор бид Ариун Сүнс ба усаар дахин төрж, жинхэнэ гэгээрэлд хүрдэг хэмээн маш дэлгэрэнгүй, ойлгомжтой тайлбарласан юм. Хичээлд гуч орчим багш нар хамрагдан, хувийн туршлагаа хуваалцаж, өөрсдийн сонирхсон зүйлсээ асууж байлаа. Бидний сүнслэг амьдралд  маш үнэтэй  хувь нэмэр оруулсан фр.Жеоржио болон идэвхитэй оролцсон бүх багш нартаа талархаж байна.      

2014/02/28

Пап лам Францисын өдөр тутмын уриалга








2.18нд
Бүгдээрэй хэрхэн залбирах, уучилж өршөөх, амар амгалангийн үрийг хэрхэн суулгах болоод хэрэгтэй үед хэрхэн ойр байхыг Христээс суралцацгаая.

2.20нд
Тэнгэрлэг Эзэн Есүс минь, Та өөрөө биднийг хайрладаг шиг биднийг хайрлах чадвартай болгож өгнө үү.

2.21нд
Христчин хүний хувьд бататгах ариун ёслол бол чухал байдаг;  энэ нь итгэл бишрэлээ хамгаалах болон Айлдлыг зоригтойгоор түгээх хүч чадал хайрладаг юм.

2.24нд
Бидний Эмэгтэй үргэлж бидэнтэй ойр байдаг, ялангуяа энэ бүх асуудалтай амьдралын ачааллыг биднийг мэдрэх үед маань.

2.25нд
Баптизм хүлээн авсан бид бүхэн сайн мэдээ түгээгч шавь нар юм. Бид дэлхий дээр амьд Айлдал болохоор дуудагдсан билээ.

2.27нд

Гэр бүлийн хувьд тусламж хэрэгтэй нэгнээ асран халамжлах нь ердийн хэрэг юм. Сул дорой байдлаас бүү ай!    

2014/02/25

Хосуудад зориулсан Үйл Ажиллага

2 сарын 23нд манай "Гэгээн Мариа Сүм"-ээс хосууддаа зориулсан үйл ажиллагаа зохион байгуулсан билээ. Хосууд маань тусгайлан бэлтгэсэн хичээл сургалтанд хамрагдан өөрсдийн итгэл бишрэлийн дагуу гэрлэх ёслолд орж, Христчин гэр бүлийн үлгэр жишгээр хичээн амьдарч байдаг билээ.  Тэдний сүнслэг амьдрал буюу хамтын амьдралд нь хувь нэмэр оруулах үүднээс олон үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ удаагийн үйл ажиллагаа нь магтан дуу буюу залбирал, асуулт хариултын уралдаан, хөгжөөнт тоглоом ба бүжиг гэсэн хөтөлбөртэй явагдсан бөгөөд фр. Франциско Хо болон бусад хосууд зохион байгуулсан билээ. Нийт  долоон хос оролцсон бөгөөд хамтдаа залбирч итгэл бишрэлийн талаар мэдлэгээ хөгжүүлэн, хосоор буюу бүлгээр  тэмцээнд оролцсоноор бие биедээ туслан илүү ихээр бие биеэ ойлгож байлаа.  Хэдийгээр 13 ~ 16 цаг үргэлжилсэн хэдий ч хосууд маань маш идэвхитэй оролцон олон зүйлийг сурч, баяр хөөртэй байлаа. Энэхүү үйл ажиллагаанд оролцож Тэнгэрбурханы хайр хишгийг хүлээн авсан та бүхэндээ талархаж байна.