2016/01/22

ПЕТРИЙН ГЭР БҮЛ БИДЭНД ЗАХИДАЛ ИЛГЭЭВ.

Шашин дэлгэрүүлэхээр Монгол улсад сайн дурын үйл ажиллагаа явуулж байгаа Польш гэр бүл бидэнд өөрсдийн хүсэл мөрөөдөл болон сайн үйлсийнхээ тухай санаа бодлоо хуваалцлаа..



Сайн байцгаана уу ахан дүүсээ!
           Юуны өмнө та бүхэндээ Христийн мэндэлсэн баярын мэндийг хүргэе!
Намайг Петр гэдэг. Би эхнэр Аннагийн хамт Монгол дахь Католик сүмд туслахаар Польш улсаас ноднин жил ирсэн.
           Анна бид хоёр бүр өлгийтэй байхдаа баптизм хүртсэн. Арван жилийн сурагч байхдаа АЛЬФА (Анхан шатны Христийн сургалт) курст сууж Есүс Христийн Сайн Мэдээг сонссон бөгөөд энэ үеэс Тэнгэрбурханд өөрсдийн бүх амьдралаа зориулж Түүний төлөө үйлчлэх хүсэлтэй болсон. Яг энэ мөчид би өөрийгөө Есүс Христийн жинхэнэ сүсэгтэн болсон гэж боддог.

Аннагийн хувьд бол тэрээр оюутан байхдаа надтай адилхан шийдвэрт хүрсэн бөгөөд бид нэг зорилготой болж Есүс бидний Их Эзэн болсон юм. Тэр үед бид бие биеэ таньдаггүй байсан ч өдөр бүр залбирч мөн Библи уншиж эхэлсэн байлаа.
           Би “мишионер” \Христийн Сайн Мэдээг түгээдэг хүн гэсэн үг\ болж өөр нутаг уруу явж Есүс Христийн тухай болон Түүний Сайн Мэдээг хүмүүст ярихыг хүсдэг байлаа. Тэгээд 2008 болон 2010 онуудад Польш мишионер болох Рафын гэр бүлтэй холбоо тогтоож хоёр удаа Монголд туслахаар ирсэн. Рафын гэр бүл болон бид бүгд Польш сүмийн “Промисяа” хэмээх нэг бүлгэмээс гаралтай.
Анна ч мөн адил мишионер болох хүсэлтэй байсан ба 2011 онд Монголд анх удаа ирсэн. Анна сайн нөхөртэй болохыг хүсдэг байсан ба 7 жил өөрийн нөхөр болох түүний төлөө Тэнгэрбурханд хичээнгүйлэн залбирсаар ирсэн. Тэр өөрөө Христийн сүсэгтэн байж, зөвхөн христчин залуутай гэрлэхийг хүсэж байв. Учир нь Анна ирээдүйдээ нөхөртэйгээ хамт Монголд амьдарч мишионерын ажил хийх хүсэлтэй байсных юм.
Би ч бас түүнтэй ижил бодолтой байсан ба надтай адил хүсэл мөрөөдөлтэй, зөв зүйтэй бүсгүйг 5 жил залбирч хүлээсэн. Миний ирээдүйн хүсэл бол Аннагийнхтай адил эхнэртэйгээ хамт Монголд мишионер ажлыг хийх тэмүүлэл байсан юм.



Бид хоёр Польшид байхдаа танилцаад 2012 онд сүйг тавьж, дараагийн онд нь гэрлэсэн. Гэхдээ Хуримын өдөр хүртэл бид тус тусдаа амьдарч, бие биеэ хүлээж байсан.
Анна онгон эмэгтэй байсан бөгөөд надад бас Аннагаас өмнө ямар ч бүсгүй байгаагүй. Энэ харилцаа нь бидний амьдралын маш үнэ цэнэтэй зүйл юм. Польшид байхдаа Монголын төлөө байнга залбирч, хэзээ, хаана, юу хийхээ Тэнгэрбурханаас асууж байсан.

2014 онд Тэнгэрбурхан бидэнд Монгол уруу явах боломж олгосон. Тэр үед Анна жирэмсэн болсон байсан. Ингээд Есүс Христ биднийг мишионер ажил хийлгэхээр илгээх гэж байгааг бид мэдсэн бөгөөд ажлаасаа гарч 2014 оны 9-н сард манай гэр бүл Монгол уруу нүүсэн. Энд ирээд бид амьдрангаа өөрсдийн хүсэл мөрөөдөл болсон Есүс Христэд итгэх итгэл бишрэлээ хүмүүстэй хуваалцаж мөн сайн дурын тусламжийн ажлуудыг хийж байна. Энэхүү ажлыг хийхэд хамгийн түрүүнд Монгол хэл маш сайн мэдэх хэрэгтэй учир бид Монгол хэлний сургалтанд хамрагдаж хичээнгүйлэн сурч байна.  
Өнгөрсөн хавар бидний аз жаргалын нэг хэсэг болох анхны хүү Симон маань хорвоод мэндэлсэн.
Одоо бидний амьдралд Есүс хамгийн чухал эрхэм хүн болсон. Тэр бидний Аврагч бөгөөд бидэнд шинэ итгэл найдварыг бэлэглэсэн. Тиймээс бид Түүний гайхамшигт хайрыг мэдэж ойлгоод, бусад хүмүүст үүнийг дамжуулахыг хүсэж байна!

          Монголчуудтай хамт байхдаа, үнэхээр баяртай байна! Тэнгэрбурхан Тандаа талархъя! 
 Баярлалаа.

 Итгэл бишрэлийн Тулга сэтгүүл, Дугаар 3

No comments:

Post a Comment